| |
Утааны асуудлыг анхаарах дарга байна уу
Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Жил бүр ийм байдаг ч энэ өвөл хэрээс хэтэрчээ. Өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэхээр 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч буурсан зүйл ер алга. Агаарын чанарын индекс 501-с дээш үзүүлэлт рүү орвол маш их бохирдолтой гэж үздэг. Манай улсынх маш их бохирдолтойд ороод удаж байна.
Үүнээс үүдэлтэй хүүхдийн өвчлөл аюултай хэмжээнд хүрлээ. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байсаар, зарим өвчтнүүдээ шалан дээр хэвтүүлж, хувийн эмнэлгүүд хүртэл ачааллаа дийлэхгүй болсон байна. Гэтэл эрүүл мэндийг хэрхэн доройтуулж байгааг тэр бүр анзаардаггүй. Агаарын бохирдол бага насны хүүхдийг хоолойн үрэвсэл, бронхит, астамтай болгоод зогсохгүй сургуулийн насны хүүхдийн өсөлтийг зогсонги байдалд оруулж оюуны чадамжинд нь сөрөг нөлөө үзүүлдэг болсон гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьдаг. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед эрчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөдөг болох нь тогтоогдсон юм байна. Хоёр жилийн өмнө нийслэл хотод 140 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч, нийслэлийн замын хөдөлгөөнд 200 мянга хол давсан автомашин оролцож байгаа гэсэн судалгаа гарсан байдаг.
Сүүлийн үед утааны асуудлыг улам бүр өөгшүүлж, бизнес болгодог болчихжээ. Тодруулбал, хэдэн давхар шүүлтүүртэй утааны маск хүртэл гарсан байна. Ингэж маск зарахын тулд, маскны бизнес эрхлэхийн тулд утааны асуудлыг гамшгийн хэмжээнд хүргэчихэж байгаа юм биш биз. Учир нь өнгөрсөн хугацаанд эрх баригчид утаагүй, төслийн зуух, хямдхан нүүрс гэх зэргээр мөнгө олсоор ирсэн. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрээд, хүүхдийн эндэгдэл, өвчлөл нас баралтын шалтгаан болоод байгаа энэ их утааг хэрхэн яаж, шийдвэрлэх бэ. Утааны гамшигт санаа зовж буй дарга байна уу.
Г.Наран