| |
Япон, ОХУ Курилын арлуудад эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах чармайлт гаргахаар тохирчээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Оросын хяналтад байдаг Курилын арлуудад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тусгай тогтолцоо бий болгох арга замыг эрэлхийлэхээр тохирсон байна. Хоёр удирдагч өчигдөр Японы Яамагучи мужийн Нагато хотноо таван цаг гаруйн хугацаанд хэлэлцээ хийжээ. Тэднийг хоёр улсын Засгийн газрын сайд нар дагалдан явжээ.
Тэд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын зөвлөлийн яриа хэлэлцээг сайшаахын зэрэгцээ энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохирсон байна. Мөн Хойд Солонгос, Сирийн асуудал ч Абэ, Путин нарын хэлэлцээний хэлэлцэх гол сэдэвт багтжээ. Японы Ерөнхий сайд Абэ, ОХУ-ын Ерөнхиийлөгч Путин нар бизнес эрхлэгчидтэй 90 минут яриа хэлэлцээ хийж, маргаантай арлуудад эдийн засгийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх дээрх тохиролцоог хийсэн байна. Үүний зэрэгцээ Курилын арлуудад оршин сууж байсан Япон иргэдийг төрөлх хотууддаа чөлөөтэй зорчих эрхийг хангах асуудлаар цаашид ажиллахаар болжээ.
Өнөө өглөө Шинзо Абэ, Путин нар Токио хот руу буцаж, өнөөдөр өдрийн зоог хамт барина. Тэдэнтэй хамт хоёр орны Засгийн газрын сайдууд болон бизнесийн салбарынхан ч мөн зоог барих юм байна. Энэ үеэр Японы Ерөнхий сайд энэ оны эхээр танилцуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны найман талт төлөвлөгөөний дагуу хүрсэн тохиролцоог дахин бататгах зорилготой байгаа. Хоёр тал засгийн газар хоорондын гурван гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Ер нь хоёр тал ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бизнесийн салбарт ялангуяа Зүүн Сибирт нүүрсний уурхайд хамтран олборлолт хийх, Хойд туйлд байгалийн хий олборлох зээлийн гэрээ зэрэг 60 гаруй гэрээ хэлэлцээр байгуулж магадгүй юм байна.