|
Видео

Шинэ мэдээ

"ЗАНГАРАГ"-ГҮЙ САЙД

"ЗАНГАРАГ"-ГҮЙ САЙД

 

Засгийн газарт хэлд, хөлд орох хугацаа гэж байдаг гэнэ лээ. Үүгээр үнэмлэхүй олонхийн буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэдийнэ дээрх шалгуурыг хангажээ. Бүр шинэ оноо угтах гэж байна. Дэлхийн улс оронд хэзээнээс тогтсон уламжлалыг нь хэлж мэдэхгүй ч манайд хэвшээд буй жишгээр Засгийн газрын 100 хоногтой холбогдуулж Ж.Эрдэнэбатын танхимын сайд нар албаа авснаасаа хойш хийсэн ажил, хэрэгжүүлсэн шийдвэрийнхээ талаар танилцуулсан нь саяхан.

 

Гэвч Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн танхимаас хэлд, хөлд хэрхэн орох учраа олж чадахгүй мунгинаж яваа нь цөөнгүй аж. Жишээ нь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг дурдаж болно. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн гэсэн авттортой болтлоо мэргэшсэн түүнийг Эрүүл мэндийн сайдаар нэр дэвшүүлэхзд хүн бүр салбараа мэддэг хүн ирж байна хэмээн сайшаалын үгийг дайж байв. Гэвч хүн амын эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал салбарыг хариуцаж эхэлснээсээ хойш өөрт нь дайсан сайшаалын үгийг баллуурдаг хүн нь А.Цогцэцэг сайд өөрөө болж байх шиг.

 

Хамгийн сүүлд Улсын онцгой комиссын хуралдааны үеэр тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхээс хатуухан банга хүртсэн. Агуулга нь 4-5 аймгийн дунд байгаа отрын бүс нутагт амьдарч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх машиныг шийдэх үүрэг А.Цогцэцэг сайдад өгсөн ч тэрбээр ирэх он гартал шийдвэрлэх боломжгүй гэдгээ комиссынхонд учирласан. Хариуд Шадар сайд "Наад асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулаач дээ. Дарга хүн асуудал шийдэх гэж л дарга хийдэг юм шүү. Түүнээс биш зовлон ярих гэж хийдэггүй юм. Яагаад та сайд гэгдэж байна гэхээр ажил хийдэг, асуудал шийддэг хүн байх ёстой учраас тийм албан тушаал дээр суудаг. Тэр долоон машины асуудлыг генарал Т.Бадрал та шийд. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байх шиг байна” хэмээн эгдүүцэж байв.

 

Хачирхалтай нь, Онцгой комиссын хуралдааны дараахан А.Цогцэцэг сайд хэвлэлээр ээлж дараалан ярилцлага өгч өөрийгөө зөвтгөв. Тэрбээр "У.Хүрэлсүх сайдыг цаанаас нь намайг шахаад өг гэж шахалт ч ирсэн байж болзошгүй. Б.Бат-Эрдэнэ сайд өмнө нь шийдэгдчихсэн асуудлыг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр дахин ярьсанд би их гайхсан. Энэ бол амбицаа өргөх гэсэн хувь хүний санаа, эсвэл өөрийн хүнээ томилгоонд оруулж чадаагүй хүмүүсийн хутгаж байгаа үйлдэл гэж би харж байгаа” гэх нь тэр. Угтаа бол аливаа Засгийн газрын ажлаа хийх гол хөшүүрэг нь танхимын зарчмаар ажиллах байдаг. Тийм атал нэг сайд нь шүүмжлүүлснийхээ хариуд телевизийн нэвтрүүлэг, сонингийн хуудсаар дамжуулан танхимын сайд нараа үгүйсгэсэн, хардсан үгийг дайж, гоморхлоо тайлаад байвал Засгийн газрын ажил ухрана уу гэсэн лав урапилахгүй. Эсрэгээрээ шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л явна. Цаашлаад танхимын зарчим алдагдана. Хамгийн гол нь, "олгой хагаравч толгой дотроо” гэдэг үгийг сайд А.Цогцэцэг танд даймаар байна. Олон нийтийн өмнө бяргүй хэмээн шүүмжлүүлж болно. Энэ байтугай шүүмжлүүлэх ч тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гагцхүү тэр бүрт өөрийгөө зөвтгөж, хэн нэгнийг буруутгах нь төрийн сайдын хийдэг ажил биш ээ. Харин хүн амын дундахь өвчлөл хэрхэн буурсан, төрөх эмнэлгүүдийн хүртээмж хэрхэн сайжирснаар таны зангарагтай, зангараггүй эсэхийг тодорхойлох учиртай. Одоохондоо танд төрийн сайдын зангараг дутаж байна.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler