|
Видео

Шинэ мэдээ

С.Лхагвадорж: Галт зэвсгийн тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

С.Лхагвадорж: Галт зэвсгийн тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадоржтой ярилцлаа.

-"Зэвсэг-2016” буюу нийслэлийн иргэд, аж ахуй нэгжийн галт зэвсгийг тоолох ажил эхлээд багагүй хугацаа өнгөрч. Ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллогыг жил бүр явуулдаг. Өнгөрөгч 11 дүгээр сарын 14-өөс эхэлсэн галт зэвсгийн тооллогын ажил 52 орчим хувьтай явж байна, нийслэлд.

-Өнгөрсөн жилийн тооллогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн галт зэвсэг бүртгэгдсэн бэ. Мөн Галт зэвсгийн нэгдсэн сан үүсгэсэн гэсэн.

-Улаанбаатар хотод 13 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна. Ер нь жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас Галт зэвсгийн нэгдсэн сан ашиглалтад оруулсан. Энэхүү санд галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон зургийг оруулж байгаа юм.

-Иргэд галт зэвсгээ тоолуулахаар ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх, юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хууль зүйн сайдын батлан гаргадаг галт зэвсгийн тооллого явуулах журам шинэчлэгдсэн. Иргэд галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ ирэхэд болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэй.

-Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг "Зэвсэг-2016” арга хэмжээний үеэр бүртгэлжүүлэх үү?

-Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байна.

-Галт зэвсгийн тооллогын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ сарын 20-нд дуусна. Галт зэвсгээ тоолуулж, бүртгүүлж амжаагүй бол харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлээрэй.

-Галт зэвсгээ бүртгүүлээгүй бол хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Гадаадаас импортлон оруулж ирсэн болон галт зэвсэг худалдаалах эрхтэй төв борлуулагчаас авсан галт зэвсгийг ажлын 10 хоногт багтаан, харьяа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх хуультай. Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг. Галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэнийг 40-80 мянга, хуулийн этгээдийг 100-250 мянган төгрөгөөр торгоно. Харин "Зэвсэг-2016” арга хэмжээний үеэр ямар нэгэн торгууль ногдуулахгүй, бүртгэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler