|
Видео

Шинэ мэдээ

Эзэнгүй байруудыг эзэнтэй болгох эрэл

Эзэнгүй байруудыг эзэнтэй болгох эрэлИпотекийн зээлийг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхээр болсон нь мэдээж таатай мэдээлэл байсан. Гэвч ямар эх үүсвэр, хөрөнгө мөнгөөр, ямар хэлбэрээр үргэлжлүүлэх талаар яг таг шийдэлд хүрээгүй байна. Харин аль болох боломжит гарцыг олон талаас нь судалж, боломжит гарцыг эрэлхийлсээр байгаа юм.Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэр дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд нийт 88 мянган айл өрх хамрагдсан аж. Засгийн газар ипотекийн зээлийг өөр хэлбэрээр өргөтгөх, шинэчлэх, сайжруулах хүрээний зээлийн эх үүсвэрийн асуудлаар гадаадынхантай ярилцаж, гэрээ хийж байсан ч дахин хугацаа шаардлагатай болжээ. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд зарцуулсан дөрвөн их наяд төгрөгийн буцаан төлөлтөд улсын хэмжээнд сард 25-30 тэрбум төгрөг төсөвт орж ирж байгаа бөгөөд сард 200 орчим хүн ипотекийн зээлд хамрагдаж байгаа юм байна. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэгч байгууллага биш боловч бодлогын хувьд Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ажлыг зөв мэдээллээр хангаж, олныг хамруулах үүднээс Монголбанктай ажлын уулзалтыг сар бүр хийж байгаа аж. Хамгийн сүүлд энэ сарын 6-нд уулзжээ. Энэ үеэр Монголбанкнаас ард иргэдэд тааламжтай шийдвэрийг гаргасан гэнэ. Арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас дөрвөн хувиар зээлж авч, иргэдэд найман хувиар өгдөг. Тэгэхээр арилжааны банкуудын Монголбанкинд төлөх төлбөр 917 орчим тэрбум төгрөг байна. Монголбанкны гаргасан шийдвэрээр энэ мөнгийг арилжааны банкуудаас татаж авахгүйгээр нэг жилээр сунгахаар болжээ. Ингэснээр арилжааны банкууд Монголбанкинд өгөх байсан энэ мөнгөө ипотекийн зээлийн эх үүсвэр болгож иргэдэд зээл авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Салбарын сайд ч уг шийдвэрийг эдийн засгийн хямралтай уялдсан зөв бодлого гэж үзэж байгаа аж.

"Буянт-Ухаа” I, II хороололд гэхэд борлогдоогүй 200 орон сууц бий. Гэхдээ голдуу 60-70 ам метр талбайтай нь үлдсэн байна. Эхний ээлжинд хэрвээ иргэдтэй энэ талаар шийдэлд хүрвэл 100-г нь хашаа байшингаар сольж болно хэмээн салбарынхан, холбогдох албаныхан үзжээ. Гэхдээ нийслэл энэ асуудлыг хараахан эцэслэн шийдээгүй байгаа юм.

Орон нутагт ч энэ хэмжээний талбайтай орон сууцууд эзэнгүй байгаа. Эзэнгүй байгаа орон сууцны зардлыг хий төлөх, алдагдалд орох асуудал байгаа учир аймгийн Засаг дарга нарын "Тухайн аймагт барьсан орон сууцны барилгад хүмүүс оруулж, түрээсээ төлөх, зардлаа өөрөө даах боломжийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг м.кв-аар хязгаарлалгүй түрээслэхээр шийдсэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр аймаг, орон нутгийн удирдлагууд түрээсийн орон сууцны асуудлаа өөрсдөө бие даан шийдэх боломжийг өгчээ. Энэ ажлыг энэ сараас эхлүүлж буйгэнэ.

Түүнчлэн яамны зүгээс айл бүр 0.7 га газартаа хямд өртөгтэй, тохилог орон сууцтай болох боломжийн талаар Монголбанктай ярилцсан байна. Тухайлбал, өөрийн эзэмшил газартаа хоёр давхар амины орон сууцыг барилгын шинэ технологиор, ялангуяа европ стандартын шаардлага хангасан блок ашиглан зардал багатайгаар 40-80 м.кв орон сууцыг хашаандаа барих боломжтой болох юм байна. Ингэхдээ яамнаас зургийг нь гаргана. Иргэд энэ зургийг бариад банкуудаар явж, өөрийн боломжит өртөг бүхий орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр эх үүсвэрийг хайж байгаа аж. Хэрэв эх үүсвэрийг бодитоор шийдэж чадвал ипотекийн зээлийг энэ хэлбэр рүү оруулах боломжийг судалж байгаа гэнэ. Энэ шийдвэрийг Монголбанк ч дэмжиж байгаа юм байна. Ямартай ч цаашдаа олон давхар орон сууцанд орохоосоо илүү 0.7 га газартай айл өрхийг боломжийн, нэг маягийн зургаар хийсэн, барилгын шаардлага хангасан материалаар барьсан байшинтай болохыг дэмжих төсөл дээр ажиллаж байгаа аж. Гэхдээ эзэмшиж байгаа газарт нь аль болох дэд бүтэц нь шийдэгдсэн, эсвэл хамгийн хурдан холбогдох газарт түрүүлж хэрэгжүүлэх юм. Тэгэхээр урьдын адил хотынхоо төвөөс эхлэх бодлого хэвээрээ явах тул захын хорооллын хүлээлт ийнхүү үргэлжлэх нь тодорхой боллоо. 

Дашрамд дуулгахад, орон нутагт байрны таван хувийн зээлийг үргэлжлүүлэх асуудал яригдаж байгаа болохоос эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Гэхдээ үүнийг Монголбанк огт үгүйсгэхгүй байгаа бөгөөд эх үүсвэр бодитой болвол орон нутагт ипотекийн зээлийг арай өөр бодлогоор явуулах боломжтой юм байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 200 орчим хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн сарын хэрэгцээ 60-70 тэрбум төгрөг. Энэ оныг дуустал сард орж ирж байгаа 20-30 тэрбумын эргэн төлөлтөөрөө ипотекийн зээлийг үргэлжлүүлэх аж. Он дуустал энэ хэлбэрээр явуулж байгаад Сангийн яамны хийж байгаа гэрээ хэлэлцээр амжилттай болвол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх бололтой.

Д.Билгүүн

bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler