|
Видео

Шинэ мэдээ

Ц.Мөнх-Оргил: УИХ-ын дарга М.Энхболдод итгэх хэрэгтэй

Ц.Мөнх-Оргил: УИХ-ын дарга М.Энхболдод итгэх хэрэгтэйГадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргилтой цөөн хором ярилцлаа.

 

-Далай ламын айлчлалтай холбоотойгоор олон янзын мэдээлэл цацагдаж байгаа. Түүний энэ удаагийн айчлалтай Засгийн газар ямар нэгэн байдлаар хамаатай юу? 

-Айчлалтай холбоотой худал, үнэн олон л мэдээлэл цацагдаж байна. Зарим хэвлэлд тухайлбал, "Зууны мэдээ” сонинд Г.Жамъян гуайн бичсэн "Сэжигтэй айлчлал” гарчигтай өгүүлэл гарсан байна байсан. Тухайн нийтлэлд Засгийн газар санаатайгаар УИХ-ын даргын даалгавраар далай ламын айлчлалыг зохион байгуулаад, 10 дугаар Богдоор УИХ-ын даргын ач хүүг тодруулна гэсэн хэмээн бичсэн байсан.

Иргэн хүнд, тэр тусмаа сэтгүүлч хүнд хардах, эргэлзэх эрх нь бий. Гэхдээ ямар ч тохиолдолд бариатай, тавиатай, юмны учрыг ойлгож дуугарах хэрэгтэй. Ядаж Засгийн газрын мэдэгдлүүдэд анхааралтай хандах хэрэгтэй. Засаг төр нь худлаа хэлэхгүй байлгүй дээ. Бүр болохгүй бол надаас ирээд асууж болно шүү дээ.

Тэгэхээр би хариуцлагатайгаар дахиад мэдэгдэж байна. Далай ламын айлчлалд Засгийн газар оролцоогүй. Үүнд УИХ, Засгийн газар, Гадаад харилцааны яам оролцоогүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдийн асуудал.

Үүнд Монгол төрийн албан тушаалтнууд оролцсон эсэхийг бид мэдэхгүй. Тухайлбал, далай лам "Монгол улсын Ерөнхийлөгч намайг урилаа, баярлалаа” гээд олон түмэнд зарлачихаж байна шүү дээ. Би Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж чадахгүй. Би өөрийнхөө Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглал, УИХ-ын даргын хийж байгаа ажлыг мэдэж байгаагийн хувьд УИХ, Засгийн газар энэ айлчлалыг зохион байгуулаагүй. 

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын ач хүүг 10 дугаар Богдоор тодруулсан гэх яриа нэлээд эртнээс цацагдаж эхэлсэн шүү дээ? 

-Далай ламын зааж, тодруулснаар УИХ-ын даргын ач хүүг 10 дугаар Богдоор тодруулсан юм байхгүй. Үүнийг УИХ-ын дарга хариуцлагатайгаар сарын өмнө бүлэг дээр мэдэгдсэн. Тэрбээр "Ийм гүтгэлэгт битгий автаарай. Миний ач хүү ямар нэгэн дүрээр тодроогүй, өсч торниж байгаа” гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тэгэхээр үүнд итгэх хэрэгтэй. 

-БНХАУ-ын талаас Гашуун Сухайт боомтоор гарч байгаа бараа бүтээгдэхүүнд хураамж нэмсэн байна. Энэ асуудал Далай ламын айчлалаас болсон уу. Эсвэл? 

-Өчигдөр /өнгөрсөн пүрэв гараг/ би энэ асуудлаар БНХАУ- ын холбогдох байгууллагаас тодруулна гэж хэлсэн. Бид тодруулга авсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр, өөрөөр хэлбэл, Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооны тогтоол гаргасан.

Уг тогтоолд "Боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай” байсан бөгөөд энэ тогтоол нь ӨМӨЗО-ны бүх боомттой холбоотой. Тухайлбал манай Гашуун сухайт, БНХАУ-ын ганц модны боомт байрладаг ӨМӨЗО- ны Баяннуур гэж аймгийн захиргаа нь энэ тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан.

Ямар тогтоол гарсан бэ гэхээр өмнө нь нэг тонн нүүрнээс таван тонн нүүрснээс авдаг байсан татвараа найман юань болгосон байна. Мөн өмнө нь нэг машинаас 10 юаний төлбөр авч байгаагүй юм байна. Үүнийг шинээр нэмэгдүүлж байгаа юм билээ. Өмнө нь зэсийн нэг тонн баяжмалаас таван юанийн төлбөр авч байсныг үнийн дүнгийн 0.2 хувь болгосон байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Өмнө нь огт авч байгаагүй биш авч байсан гэсэн үг. Төлбөрөө нэмэгдүүлж, ийнхүү нэмэгдүүлэх шийдвэр нь арваннэгдүгээр сарын 02-нд буюу Далай ламын айлчлалаас өмнө гарсан бөгөөд хэрэгжүүлэх тогтоол нь арваннэгдүгээр сарын 22-нд гарсан байсан.

Төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор жилдээ Монгол Улсын ААН- үүд ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр өгч байгаа юм байна. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх, ямар үр дагавартай талаар, буулгах боломжтой эсэх талаар бид жич ярилцаж байгаа. 

-Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-д хийх айчлалууд зогсоод байгаа шүү дээ. Тэгвэл энэ талаар тус улстай харилцаагаа сэргээх тухай ямар нэгэн яриа хэлэлцээр хийсэн үү? 

-Бид ярьж байгаа. Аль болох хурдан сэргээх хүсэлтэй байна. Ажлын уулзалтууд, яриа хэлэлцээрээ эхлүүлмээр байна гэдэг асуудлуудаа тавьж байгаа.

-Дуучин Амараа ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсны улмаас сэхээнд байгаа гэсэн. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү? 

-Ямар Амараа?

-Монголын "Хар сарнай” гээд хамтлагийн дуучин С.С.Амармандах?

-Мэдэхгүй. Би тийм зүйл ёстой сонсоогүй юм байна. Манай хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоод энэ талын мэдээлэл авчих уу.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler