| |
Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ ын хороод, намын бүлгээр хэлэлцэж, өнөөдөр санал дүгнэлтээ танилцууллаа. .
НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Тэрбээр "Хэдий төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй нөхцөлд байгаа боловч бүтээн байгуулалтын чиглэлээр нийгмийн салбарт 18,5 тэрбум төгрөгийг төсөвлөж, тэр дундаа боловсролын салбарт 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу сургууль, цэцэрлэгийн 11 барилгыг төлөвлөсөн нь сайшаалтай байна. Мөн нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор нийслэлийн 3 дүүрэгт мэс заслын тасаг шинээр байгуулж байгаа нь хүнээ дээдэлсэн үзэл суурилсан Аз жаргалтай хот үзэл баримтлалтай нийцэж байгааг онцлон тэмдэглэхийг хүслээ.
Нийслэл Улаанбаатар хотын санхүүгийн нөхцөл сайнгүй байгаа хэдий ч улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байгаа нь Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй энэ үед нэгдсэн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл гэж Ардын намын бүлэг үзэж байна.
2017 оны төсвийн төсөлтэй танилцахад төсвийн ихэнх хувийг эзэлж буй нийгмийн халамж, нийтийн тээврийн нөхөн олговрын зардлын асуудлыг холбогдох салбарын яамдын төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон нь харагдаж байна.
Цаашид Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг яаравчилж, Улаанбаатар хотыг санхүүгийн хувьд бие даасан эдийн засагтай болгох шаардлагатай байна” гэсэн юм.
Мөн НИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тус бүлгийн дүгнэлтэд "Зарин нэг төсөл арга хэмжээнд зориулсан төсөв хөрөнгөөөс хасч Эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, бичил бизнес, ахмадын орон сууц, түрээсийн орон сууч зэрэгт нэмж тусгах нь зүйтэй” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн НИТХ дахь хороодын хурлаас гарсан зарим саналуудыг 2017 оны төсөвт тусгалаа. Ингэснээр нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталсан байна.
НИТХ-аас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгаж батлуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.
Ирэх оны нийслэлийн төсөв нь иргэдээ тэтгэсэн, орон сууц, бүтээн байгуулалт, нийгмийн салбарын хөрөнгө оруулалтаа дэмжиж, төсвийн үргүй зардалыг багасгаж, хөөсөрсөн биш бодит төсөв болсоныг НИТХ ын төлөөлөгчид онцолж байна. Өнгөрсөн оны төсөв хэт их хөөсөрсөн байснаас үүдэн алдагдалд их хүлээсэн. Харин ирэх оны орлого, зарлагыг бодитоор тооцож, хөрөнгө оруулалтын ажлуудаа үргэлжлүүлж, нийгэм рүү хандсан томоохон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилт тавьсан нь олонхийн дэмжлэгийг авч чадлаа.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн 2017 оны төсөв нь бүхэлдээ иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт ахиц авчирч чадахуйц төсөв боллоо гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.