| |
Экс засаг ноён Л.Цэрэнжав ахынхаа дэмээр Мөрөн хотын өөдтэй бүхнийг хувьчилж авсан Л.Төмөрбаатар гэж хэн бэ?
МАН-ын гишүүн Л.Цэрэнжав гэж нөхөр Хөвсгөл аймгийн Засаг ноёноор ажиллах хугацаандаа хэл амыг ёстой нэг татлах шиг л болсон билээ. Хууль журам зөрчсөн гэх элдэв олон асуудлуудад дан ганцаараа биш, ах дүүстэйгээ хамтдаа орооцолдож, хуулийн байгууллагаас түүний дүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байв. Ерөөс эрх мэдлийг хувь эрх ашгаа гүйцэлдүүлэхэд зориулдаг гэдэг нь тунчиг олон асуудлаар батлагдсан байдаг. Засаг ноёны албыг хашиж байхдаа дүүгийнхээ эхнэрээр аймгийн өмчийн газрыг удирдуулж, хүргэнээрээ "Хөвсгөл дулаан” ХХК-ийг удирдуулж байсан гэхээр түүний ашиг сонирхол эрхбиш хэнбугайд ч ойлгогдох болов уу. Болоогүй ээ, тэгээд засаг ноёны суудлаа утгаар нь хувьдаа ашигладаг Л.Цэрэнжав гуай хэлтсийн таван даргатайгаа төсвийн мөнгөөр хөгшин европоор зугаалж яваад ирсэн асуудал нь шинэчлэлийн засгийн газрын үед бөөн асуудал болж байсан билээ.
Экс засаг ноёнтой холбоотой асуудал ингээд дуусахгүй. Түүнд нутгийнхан нь тунчиг ам муутай. Учир нь тэрбээр Мөрөн хотын өнгөтэй өөдтэй бүхнийг ах дүү нарынхаа нэр дээр хувьчилж аавсан гэдэг. Тухайлбал, Геологи, модны үйлдвэр, хүнсний үйлдвэр, 1989 онд ашиглалтад орсон 100 хүүхдийн төрөх эмнэлэг гээд 10 гаруй томоохон обьектыг хувьчлал нэрээр өөрийн болгосон ажээ. Түүний энэ обьектуудын газар дээр хувийн эзэзмшлийн болон сүүлд авсан үйлдвэр үйлчилгээний газруудынх нь нийт талбайг нэмээд дээр нь дүү нарынх нь эзэмшлийн газрыг нэмэхэд Мөрөн сумын газар нутгийн 10 хувь болно гэх тооцоолол хүртэл гарсан байдаг юм билээ.
Ингээд тоочоод байвал их л олон зүйлд орооцолдож таарах Л.Цэрэнжав өдгөө засаг ноён биш ч, түүний төрсөн Л.Төмөрбаатар гэж нөхөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж эхлээд байгаа юм. Энэ нь Л.Цэрэнжавын гэр бүлийнхэн Хөвсгөлд эрх мэдлээ хэрэгжүүлсэн чигээрээ байна гэсэн үг л дээ. Тиймээс хуудуутай олон асуудалд холбогдож ирсэн Л.Цэрэнжавын дүү Л.Төмөрбаатар гэж хэн бэ гэдэгт анхаарал хандуулъя.
Зөвд зөөлөн бурууд нүд хурц байна гэж тангарагласан Л.Төмөрбаатарын үнэн төрх!
Л.Төмөрбаатар гэж нөхөр ИТХ-ын дарга болоод Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө намчирхалгүй зөвд зөөлөн бурууд нүд хурц хоёргүй сэтгэлээр ажиллахаа тангараглажээ. Үнэхээр тэгж чаддаг бол сайхан хэрэг л дээ. Гэвчиг Л.Төмөрбаатарын тухайд тийм хэмжээний ёс зүйтэй хүн гэдэгт нутгийнхан нь угаасаа эргэлздэг юм билээ. Ядаж байхад ИТХ-ын дарга болохоосоо 2 сарын өмнө төрийн өмчийн газрыг үнэ төлбөргүй авсан гэх асуудалд холбогдсон юм.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын наймдугаар багийн нутагт орших Эрүүл мэндийн газар 6959 метр.кв газар эзэмшдэг байжээ. Гэтэл Эрүүл мэндийн газрын эзэмшил газар дээр "Хөвсгөл геологи” компани 40 айлын орон сууц барихаар өнгөрсөн оны зургадугаар сард ажлаа эхэлсэн байдаг. Тэгвэл тэр "Хөвсгөл геологи” компанийнх нь захирал Л.Төмөрбаатар юм.
Тухайн үед холбогдох байгууллагаас газрын зөвшөөрөл аваагүй аж. Тиймээс "Хөвсгөл геологи” компанийн барилга барьчихсан газрын асуудлыг шийдвэрлэхээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хоёр удаа хуралдахаар товлосон ч хойшилсон байдаг. Энэ хугацаанд 40 айлын орон сууц ашиглалтад орж, байраа нэг метр.кв-ийг нь 1 сая 150 мянган төгрөгөөр борлуулсан байна. Барилгын ажил эхлэхэд "Хөвсгөл геологи” компанийнхан "Эмнэлгийн газар дээр эмнэлгийн ажилтнуудын байр барьж байгаа учраас хямд зарна” гэж байжээ. Гэвч барилга ашиглалтад ороход Хөвсгөл аймагт орон сууц борлуулагдаж буй зах зээлийн ханшаар зарсан байна. Тиймээс эмнэлгийн ажилтнуудаас 15 айл л уг байранд оржээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийг хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол дуудлага худалдаагаар худалдаж, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг заасан байдаг. Тодруулбал, төрийн өмчийн хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөрөнгийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, бусад хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж хуульчилсан байдаг.
Гэтэл Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр хуралдаж аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшлийн газрыг "Хөвсгөл геологи” компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх шийдвэр гаргажээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолд "…Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай аймгийн Эрүүл мэндийн газарт албан контор, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 6959 метр.кв газар эзэмших эрхээс эмч, эмнэлгийн ажилчдын 40 айлын барилгын ажлыг гүйцэтгэсэн "Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1272 метр.кв газрыг эзэмших эрхийг хуваан шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэжээ. Төрийн байгууллагын эзэмшлийн газрыг хувийн компанид үнэ төлбөргүй шилжүүлсэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг эх сурвалж "хандив” гэж тодотгосон. Учир нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "хандив” гэж тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон байдаг. Тиймээс Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн газар шилжүүлэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд шалгаж байгаа гэх мэдээлэл байсан юм.
Эмнэлгийн газрыг авсан "Хөвсгөл геологи” компанийн захирал Л.Төмөрбаатар нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, МАН-ын гишүүн Л.Цэрэнжавын төрсөн дүү.Л.Цэрэнжавын нөлөөлөл аймагтаа их учраас, газар чухам ямар замаар тэдний гарт орсон бэ гэдэг асуудлыг нутгийн иргэд угаасаа холоос хайдаггүй, тэдний эрх мэдээлэл, улстөрийн нөлөөлөлтэй холбож хэлж ярьдаг юм билээ. Нэг ёсондоо Л.Төмөрбаатар захирлын компани газрын зөвшөөрөлгүй барилга барьчихаад дараа нь ИТХ-ын Тэргүүлэгчдээр шийдвэр гаргуулсан гэх ойлголтыг эндээс авч болохоор байгаа юм.
Мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр эрүү үүсгэгдэж байсан Л.Төмөрбаатар!
Л.Цэрэнжавын төрсөн дүү Л.Төмөрбаатар, Л.Тэгшбаярт нарт холбогдох хэрэг гэхээр мэдэх хүмүүс нь сайн мэддэг юм билээ. 3 жилийн өмнө тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150,3 т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан, 166,2-т зааснаар мөнгө угаасан, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэсэн гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Тэднийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад ар гэрийнхэн болон Засаг дарга ах Л.Цэрэнжав нь хөндлөнгөөс нөлөөлж, саад учруулахыг удаа дараа оролдсон тул арга буюу УМБГ-т татан шалгахад хүрсэн гэх мэдээлэл байдаг. Түүнчлэн АТГ-т ч шалгасан юм байна. Тухайн үед Л.Төмөрбаатар нь "Хөвсгөл ньюс” компанийн захирлаар ажиллаж байсан бол Л.Тэгшбаярын хувьд "Хөвсгөл геологи” компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Уг компанираа дамжуулан "Хөвсгөл дулаан” төрийн өмчит компанид 5000 тонн нүүрс нийлүүлсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн 110 сая төгрөг завшчээ. Харин Л.Төмөрбаатар нь өөрийнхөө компанийн нэр дээр "Чингүүнжав”, "Далай ээж” нэртэй архи үйлдвэрлэж, их хэмжээний чанаргүй архи дээрээ онцгой албан татварын тэмдэг наасан байсныг илрүүлэн тогтоосон байдаг.
Л.Цэрэнжав ах дүү хамаатан саднаа дээш нь татдагийн баталгаа бол Л.Тэгшбаярын эхнэр Нацагбуян нь аймгийн Татварын хэлтсийн хүний нөөцийн хэлтсийн дарга, Төмөрбаатарын эхнэр Жавзанпагма нь Орон нутгийн өмчийн алба даргын албан тушаал хашиж байснаас харагддаг. Гол нь эдгээр албадаар орон нутгийн бүх тендэр, төсөл дамждаг тул хамгийн ашигтай сандал суудлуудад ийн ойр тойрны хүмүүсээ суулгаж иржээ.
Тэгэхээр ийм л нэг гэр бүл Хөвсгөл нутагт ноёрхлоо тогтоожээ.
Эх сурвалж: http://atg.mn/?p=29627