|
Видео

Шинэ мэдээ

“Төмөр хүн” хэзээ ч шантардаггүй

“Төмөр хүн” хэзээ ч шантардаггүйХолливудын булчинлаг том залуу Арнольд Шварценеггерийг мэдэхгүй хүн ховор байх. Тэрбээр дэлхий нийтэд жүжигчин гэдгээрээ танигдсан ч алдартай тамирчин, чадварлаг улстөрч нэгэн юм. Хүн нэг удаагийн амьдралдаа ийм олон салбарт зэрэг хүч үзэж, аль алинд нь амжилт гаргана гэдэг үнэхээр гайхамшиг. Түүний амжилтад хүрсэн шалтгааныг хайвал шаргуу хөдөлмөр гэсэн ганцхан хариулт гарч ирнэ. Юунд ч үл шантрах энэ чанарыг тэрбээр өсвөр насандаа олж авсан юм.

Арнольд 1947 оны долдугаар сарын 30-нд Австрийн Грац хотын Таль хэмээх жижиг тосгонд төржээ. Гэр бүл нь баян ч биш, ядуу ч биш, дундаж амьдралтай айл байв. Бага балчраасаа хүнд хүчир ажил хийж өссөн нь түүнийг аливаа бэрхшээлд бууж өгдөггүй, тэмцэгч нэгэн болоход нөлөөлжээ. Бяцхан хүү өглөө бүр зургаан цагт босно. Хичээлдээ явахаас өмнө худгаас ус зөөх, үнээгээ саах, гэрээ цэвэрлэх гээд зөндөө ажил хийж амждаг байв.

Хэрэв заал цоожтой байвал цонхоор орж, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байжээ

"Манай байшин их энгийн. Тоосгон пийшин, сайн зохион байгуулалттай өрөөнүүд, зузаан хана, жижигхэн цонх. Хоёр унтлагын өрөөтэй. Тус бүрдээ ханан зуухтай байж билээ. Бид гал тогооныхоо өрөөнд хоолоо идэхээс гадна хичээлээ хийж, тоглодог байсан. Хамгийн ойрын худаг хагас километр зайтай. Хэдий хол ч гэсэн өдөр бүр тэндээс ус зөөнө” хэмээн Арни хожим дурсчээ.

Хүү өсөж томрохоороо баян болж, Америкт очиж амьдрахыг мөрөөддөг байв. Аав нь болохоор түүний Америк явах хүслийг дэмждэггүй, хөлбөмбөгөөр хичээллүүлэхийг хүснэ. Харин Арни хүү хөлбөмбөгт тийм ч дуртай байсангүй. Төмөр өргөж, бие бялдраа чийрэгжүүлэх нь түүний хамгийн их хийх дуртай зүйл байлаа. Тэрбээр нэгэн удаа киноноос булчин шөрмөс нь зангирсан хүчит эрчүүдийг харжээ. Харсан даруйдаа л тэдэн шиг болох хүсэл төрөв.

Тэр жил Вена хотноо хүндийг өргөлтийн ДАШТ болсон нь хүүгийн хүсэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. 14 настай хүү нийслэл хотноо очиж, дэлхийн шилдэг туйванчдын өрсөлдөөнийг сонирхов. Түүнд Зөвлөлтийн тамирчин Юрий Власов гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. "Зөвлөлтийн баатар” хочтой Власов тэрхүү тэмцээнд арын өрсөлдөгчөөсөө 50 кг-ыг илүү (нийт 525 кг) өргөж түрүүлсэн юм. Тэмцээний дараа хүү Власовтай уулзахад "Уйгагүй хичээллэвэл ялалт чиний гарт. Хамгийн гол нь шантарч л болохгүй” гэсэн зөвлөгөө өгчээ. Энэ уулзалтаас хойш Арнольд хүнд атлетикаар хичээллэхээр сэтгэл шулуудаж, ирээдүйн их амжилтынхаа эхийг тавьсан юм.

Арни өдөр бүр зааланд очиж бэлтгэл хийнэ. Хэрэв заал цоожтой байвал цонхоор орж, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байжээ. Энэ хугацаанд бэлтгэлээ нэг ч өдөр тасалж байгаагүй гэдэг. Тиймдээ ч Арнольд спортоор хичээллэх хүүхэд залууст хандан "Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ, тууштай хий” гэсэн ганц л зөвлөгөө өгдөг юм.

Арнольд бэлтгэлээ тасралтгүй хийж байсны ачаар бие бялдар нь өдөр ирэх тусам чангарч, булчин шөрмөс нь зангирч ирэв. Энэ үед тэрбээр "Мистер олимп” тэмцээнд амжилттай оролцож, ялагч болохыг хүсэх болжээ.

Дэлхий дахинд Арнольд шиг бодибилдингээр хичээллэдэг маш олон тамирчин бий. Харин тэдгээрээс хамгийн шилдэг нь хэн болохыг "Мистер олимп” тэмцээн тодруулдаг юм. 1970 оны тэмцээнд 23 настай Арнольд дэлхийн шилдгүүдийг ялан түрүүлж, бүгдэд танигдах эхлэлээ тавьжээ. Энэ үеэс хойш тэрбээр "Мистер олимп”-д дахин зургаан удаа түрүүлсэн байна. Хүчирхэг бие бялдраараа олонд танигдах болсон түүнийг Холливудын найруулагч нар анзаарч, кинонд тоглох санал тавьснаар жүжигчний замнал нь эхэлжээ.

Жирийн нэг тосгоны жаал уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар алдрын оргилд хүрсэн нэгэн түүх энэ буюу.  

Б.Энхжин

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler