|
Видео

Шинэ мэдээ

Хакеруудын хавх ба хайнга байдал

Хакеруудын хавх ба хайнга байдал

 

-Танилцаж болох уу, чамайг хэн гэдэг вэ?

-Нэрээ хэлмээргүй байна.

-Тэгвэл утасны дугаараа өгчих л дөө.

-Үгүй.

Тэгвэл и-мэйл хаягаа хэлээд өгөөч.

-Саруул90_9@yahoo.com.

Энэ хаяг өнөөх залууд түүний талаар чамгүй мэдээлэл (Нэрийг нь Саруул гэдэг. 1990 оны есдүгээр сард төрсөн) өгчихөж байгаа юм. Хүмүүсийн олонх нь төрсөн он, сар, өдөр, утасны дугаар ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийнхээ нэр, төрсөн он, сарыг и-мэйл хаяг болон нууц үгэндээ ашигладаг нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өсөхийн хэрээр энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх болсон.

Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим гэмт хэргийн хохирогч болж байна. 2017 он гэхэд кибер гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болно гэсэн судалгаа бий. Арван хүн тутмын нэг нь хуурамч линк, видео бичлэгээс болж хохирдог аж.

Хакерт хамгийн их өртдөг байгууллагуудыг эрүүл мэндийн салбар тэргүүлж буй бол бизнес, боловсрол, төрийн байгууллагууд удаалж, банк, санхүүгийнх сүүл мушгиж буй. Кибер гэмт хэрэг үйлдэгчдийн 59 хувь нь сэтгэл дундуур үлдэгсэд буюу ажлаас халагдагсад байдаг аж. Тэд ажлаасаа гарахдаа тухайн байгууллагын мэдээллийг хуулбарлан авах, нууц үгийг нь ашиглах зэргээр ямар нэгэн байдлаар хохирол учруулдаг гэнэ.

Харин манай улсад кибер гэмт хэргийг хэн үйлдэж, ямар хүмүүс хохирч байна вэ. Ийм төрлийн гэмт хэрэг нь улс, үндэстэн дамнасан шинжтэй бөгөөд сүүлийн үед гадаадын бүлэг хакерууд манай аж ахуйн нэгж, байгууллагуудыг "онилох” болсон. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ халдлагын золиос болох нь ихсэж байна.

Тухайлбал, БНХАУ-ын нэгэн байгууллагатай хамтран ажилладаг бизнесийн компаниар жишээ авъя. Тус компани үйл ажиллагаагаа явуулахын тулд Хятад дахь байгууллагын гадаад харилцаа хариуцсан менежертэй холбогдсон байна. Ингээд цахим захидал бичиж, харилцаад багагүй хугацаа өнгөрч байтал өнөөх газраас нь "Манайд аудитын шалгалт орсон учраас энэ данс руу мөнгөө шилжүүлнэ үү” гээд өөр дансны дугаар явуулжээ. Үүнийг нь манай хүн анзааралгүй, бараагаа авахын тулд мөнгөө шилжүүлчихэж.

Бараа нь ирэхгүй удаж, асуудал гарсны дараа л уг цахим хаяг харилцагч талаас нь бус, өөр хэн нэгнээс ирснийг мэдсэн аж. Ийм маягаар 10-90 мянган ам.доллароо хакерт "бэлэглэсэн” аж ахуйн нэгж, иргэн цөөнгүйг эх сурвалж хэлсэн юм. Ингэж амташсан хакерууд Монголын болон гадаадын аль нэг талынх нь цахим хаяг руу нэвтэрч, тус хаягийг нүдэнд үл анзаарагдахаар өөрчлөн, захидал бичиж эхэлдэг байна.

Үүнийг нь анзааралгүй "Reply” хийж, хариу явуулна. Энэ мэтээр залилагчтай харилцаж буйгаа ч мэдэхгүй олон жил болсон хүн бий гэнэ. Ийм хэрэг үйлдэж буй этгээдүүд улс орон бүрт сүлжээ үүсгэн, тухайн хэлнээс хөрвүүлэх орчуулагчтай, тэр ч бүү хэл, банкны теллертэй хамтран ажилладаг байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүн аливаа и-мэйл, ялангуяа мөнгө гуйвуулахдаа тухайн газар руу утсаар холбогдон лавлах, дүрст дуудлага хийн баталгаажуулах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй.

Цахим халдлагад өртсөн иргэдийн гомдлын дагуу мөрдөн байцаагч нар шинжилгээ хийж, Интерполоор дамжуулан мэдээлэл авч, хохирол барагдуулах талаар ажилладаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэхдээ энэ нь ямар ч найдваргүй гэсэн үг биш. Гадаадын аль нэг этгээдэд хэдэн мянган ам.доллароо алдсан хүмүүс тухайн улсад нь очиж, гомдол гарган, шалгуулсны эцэст хохирлоо барагдуулсан тохиолдол бий гэнэ.

2015 оны байдлаар дэлхий даяар өдөр бүр 205 гаруй тэрбум цахим захидал илгээж, хүлээн авсан бол энэ онд уг тоо 215 тэрбум болж нэмэгджээ. Хэдэн тэрбумаар тоологдох эдгээр и-мэйлээс аль нь "аюултай”-г иргэд өөрсдөө л нягталж чадвал цахим халдлагаас сэргийлэх боломжтой.

Тухайлбал, харилцагчийн тань цахим хаягтай маш төстэй (нэг цэг нэмэх, хасах, m, n үсгийг солих, нэгийн тоо нэмж бичих) –гөөр хуурамч хаягаар харилцахад тухайн хүн төдийлөн анзаардаггүй гэнэ. Энэ мэтээр хакерын хавханд орсон хүмүүс 10, 40, 60, 80 мянган доллароо хамтрагчийнхаа биш, гэмт этгээдийн халаас руу хийдгээ хожимдож мэддэг нь тэдний хайнга, анзааргагүй байдалтай холбоотойг мэргэжилтнүүд хэлж буй.

Мөн манай улсад олны танил хүмүүсийн фэйсбүүк хаягийг хуурамчаар үйлдэн, нэр хүндийг нь унагах, гутаан доромжлох явдал цөөнгүй гардаг. Дуучин Д.Болд, Ану нарын фэйсбүүк хаяг 2-3 байх жишээтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гурван пэйж хуудас байдаг бөгөөд "Фэйсбүүк” компаниас албан ёсоор баталгаажуулсан нь жинхэнэ нь юм. Гадаадын улс орны төрийн тэргүүн болон бусад нөлөө бүхий хүний албан ёсны пэйж хуудас, твиттерийг тус компаниас нь таних тэмдгээр баталгаажуулж өгдөг нь бусдад худал мэдээлэл хүрэхээс сэргийлэх арга болдог байна.

Хэрэв хэн нэгэн таны фэйсбүүк хаягийг хуурамчаар хөтлөн явуулж буй бол ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба болон "Фэйсбүүк” компанид хандах боломжтой. Англи хэл, компьютер муухан гадарладаг хэн боловч бусдын фэйсбүүк, твиттер, и-мэйл хаягийн нууц үгийг нь төвөггүйхэн мэдчихдэг болсон нь цахим гэмт хэрэг ихсэх шалтгааны нэг. Тухайлбал "лайк, шэйр” гуйсан постууд фэйсбүүкээр дүүрэн байдаг. Түүнийг бусад руу дамжуулахад таны фэйсбүүк хаяг, нууц үг асуух бөгөөд үүнийг нь бөглөсний дараа өнөөх пост устдаг аж.

Ингэснээр таныг өөрийнхөө фэйсбүүк рүү орох боломжгүй болгож, өнөөх нөхөр дураараа дургин, дунд чөмгөөрөө жиргэнэ. Ялангуяа, охид бүсгүйчүүдийн фэйсбүүкээр нэвтэрч, нүцгэн зураг, элдэв танилцах зарыг хайр найргүй бичдэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй ах, дүү, найз нөхөд рүү нь "Мөнгө яаралтай хэрэгтэй байна.

Энэ данс руу явуул” гэж залилдаг аж. Өнгөрсөн онд бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй 18 настай Ш вирустэй программ зохион, ашиглах тараасан гэмт хэрэг үйлдсэн бол компьютер тоглоомын газар ажилладаг 19 настай М, 20 настай Б нар компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүй устгах, хаах, өөрчлөх хуулбарлах зорилгоор программ зохион бүтээж, бусдыг хохироосон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хаажээ.

Цахим гэмт хэргийн талаар судалдаг цөөн судлаачийн нэг хууль ч Л.Галбаатараас энэ хэргийн хохирогчийн талаар тодруулахад "Сүүлийн үед байгууллагууд санхүүгийн залилангийн хохирогч болж байна. Бүсгүйчүүд гоё зургаа фэйсбүүк хуудастаа "нийтийн” гэсэн тохиргоотой тавьснаар найз биш хүмүүс зургийг нь аван, төстэй хаяг үүсгэн, түүнийг гутаан доромжлох, шантаажлах явдал гарсаар байна.

Мөн хулгайн гэмт хэрэгт цахим орчны мэдээллийг ашиглаж байна. Гэртээ хэнтэйгээ байдаг, хаана амьдардаг зэрэг мэдээллээ тавьснаас болж тухайн хүний гэрт нь очиж, "Ажлынх нь хүн байна, төдөн төгрөг аваад ир” гэсэн гэх зэргээр залилах жишээтэй. Мөн хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох нь их байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд "Хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах нь эцэг, эхийн үүрэг” гэж заасан. Интернэтээр юу үзэхийг нь хязгаарлаж өгдөг тохиргоонууд бий ч эцэг, эхчүүд хэрэглэж мэдэх, эсэх нь тодорхойгүй” гэж ярив.

Цахим гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж буйг холбогдох албаны хүмүүс нь хэлж байна. Тиймээс дэлхий нийтэд тулгарсан энэ аюултай манай улс ч тэмцэхэд бэлэн байх хэрэгтэй. Үүний тулд Кибер гэмт хэргийн тухай конвенцод нэгдэн орох шаардлагатайг судлаач, мэргэжилтнүүд хэлсэн. Ингэснээр улс, үндэстэн дамнасан цахим гэмт хэргийг илрүүлэхэд дөхөм болох юм. Уг конвенцод манай хоёр хөрш нэгдээгүй (өөрсдөө хакерддаг учраас гэсэн хардлага бий) ч АНУ, Японоос эхлээд өндөр хөгжилтэй 50 гаруй улс элссэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler