| |
Говийн баавгай буюу Мазаалай баавгай
Мазаалай нь зөвхөн Монгол улсын говь нутагт амьдардаг ховордоод байгаа бодгаль юм. Мазаалайн латин нэр буюу олон улсын нэршил нь Ursus Arctos Gobiensis.
Мазаалай баавгай нь 5000-6000 жилийн өмнөөс агуйн баавгайн өвгөөс салсан хүрэн баавгайн хамгийн эртний үлдвэр популяци, генетикийн хувьд тусгаарлагдсан амьтан. /Биологийн хүрээлэн, 2013/
Мазаалайг хамгийн Анх 1943 онд Зөвлөлтийн судлаач нар амьд дүрээр нь харж байсан. Улаан ном дахь мазаалайн тоо 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, 1980-аад оны сүүлчээр 50-60, 1990-ээд оны эхээр 30 гаруй толгой байсан. Монгол Улс мазаалайг 1953 оноос агнахыг хориглож, 1975 оноос амьдрах нутгийг нь дархан цаазтай болгож, 1987 оноос улаан номонд бүртгэжээ. Мазаалай нь зөвхөн Монголын Алтайн өвөр говьд амьдардаг. Мазаалай баавгай нь экосистемийн 12 бүлгэмдэл, ургамлын 18 хэвшлийг шүтэж амьдардаг бөгөөд Сибир хармаг /Nitraria Sibirica/ болон Намхан бажууна /Rheum nanum/- аар хооллодог. Идэш тэжээлийн хомсдол, цаг уурын өөрчлөлт зэрэг олон шалтгааны улмаас хоргодож устах аюулд ороод байна.
Мазаалайн амьдрах орчин ХХ зууны сүүлээс одоог хүртэл 60 гаруй хувиар багассан гэсэн судлаачдын дүгнэлт бий.