| |
Гадаадын банк оруулж ирэхийг дэмжлээ
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганаар хийж, баталсан нь энэ долоо хоногийн онцлох шийдвэрүүдийн нэг байлаа. Уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Эдийн засгийн байнгын хороо дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгасан байна.
Тухайлбал,
-Тогтоолын төслийн 3 дахь заалтад "Эдийн засгийн идэвхжлийг дэмжих, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт, мөн "орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасугай” гэсэн 6 дахь дэд заалтыг тус тус нэмж тусгасан байна.
-Тогтоолын төслийн 2 дахь заалтыг "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг тусгасан байна.
-Тогтоолын төслийн 3.3 дахь дэд заалтыг "санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх” гэж өөрчлөн найруулах саналыг тусгажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан, санал хэлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтад оролцсон гишүүдийн 92.0 хувь нь дэмжсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн