|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсын Баатар хүн ийм байдаг

 

Дэслэгч В.Шаравын удирдсан салаа наймдугаар сарын 8,9-нд дайсанд хүчтэй галын цохилт өгсөн ба 10,11-ний өдрүүдэд дайсны их буу 2, хөнгөн пулемёт 5, хүнд пулемёт 2 тус бүрийн наводчик, тоот хүмүүсийн хамтаар сөнөөж, дайсны морин болон явган цэргүүдийг устгасан байна.

МАХЦ-ийн VIII морьт дивизийн 23 дугаар хорооны танк эсэргүүцэх бууны салааны дарга, дэслэгч Ванчинжавын Шарав 1906 онд Засагт хан аймгийн Ёст засаг Мишигдоржийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт төржээ. 1920-1931 онд Сангийн далайн хийдэд шавилан сууж байгаад өөрийн сайн дураар хар болсон байна. 1932 оны тавдугаар сарын 17-нд цэргийн албанд татагдаж, 1933 оноос  ЦЕС-ийн их бууны ангид суралцаж, 1937 онд сургуулиа дэслэгч цолтой дүүргэжээ. Улмаар Матадын  VIII морьт дивизийн 23 дугаар хороонд танк эсэргүүцэх 45 мм-ийн батарейнд салааны даргаар томилогдсон байна. Халхын голын байлдаанд Ч.Дугаржавын командалсан 23 дугаар хороо фронтын баруун жигүүрт Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиудтай хамтран тулалдаж, японы цэргийг бут цохиход чухал үүрэг гүйцэтгэж, тус хорооны дайчид 20 гаруй байлдаанд оролцжээ. 23 дугаар хорооны дайчдаас хорооны дарга Ч.Дугаржав, комиссар Ч.Рэнцэн, сумангийн дарга Б.Батаа, салааны дарга Содовдаш, Лувсандамба, В.Шарав нарын олон арван эрэлхэг дайчид төрөн гарчээ.

Дэслэгч В.Шаравын командалсан танк эсэргүүцэх салааны дайчид 1939 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд болсон байлдаанд дайсны бөөгнөрсөн хүч, өдий төдий тооны амьд хүч, агт морьд дээр оновчтойгоор гал нээж сөнөөсөн, дайсны 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудын хамтаар устгасан, мөн долдугаар сарын 13-ны өдөр дайсны их бууг тоотуудын хамтаар устгасан учир Цэргийн гавяаны Улаан тугийн одонгоор шагнагджээ.1939 оны наймдугаар сарын 1-нд болсон байлдаанд дайсанд бүслэгдсэн өөрийн хавсарсан ангид хүчтэй галын дэмжлэг өгч, хамтдаа бүслэлтээс дайран гарчээ.

Дэслэгч В.Шаравын удирдсан салаа наймдугаар сарын 8,9-нд дайсанд хүчтэй галын цохилт өгсөн ба 10,11-ний өдрүүдэд дайсны их буу 2, хөнгөн пулемёт 5, хүнд пулемёт 2 тус бүрийн наводчик, тоот хүмүүсийн хамтаар сөнөөж, дайсны морин болон явган цэргүүдийг устгасан байна.

"Мөн өөрийн анги дээр хүчтэй галлаж буй дайсанд цохилт өгч, дайсны бөөгнөрөн яваа машин, олон хүн бүхий окоп, нуувчнаас хүчтэй галлаж буй дайсныг цохин устгасан ба өөрийн ангид галын дэмжлэгийг үзүүлж, амжилт олсон болохыг илэрхийлье. Одон тэмдгээр шагнуулах саналыг өгмүй. Хорооны дарга, ахмад Ч.Дугаржав” гэж шагналд тодорхойлсноор 1939 оны есдүгээр сарын 7-нд "Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одон”-гоор нэхэн шагнажээ.

Дэслэгч В.Шарав наймдугаар сарын 18-ны өдөр хориглон байлдаж байгаад хүнд шархдаж амиа алджээ. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхэгээр хамгаалан, Халхын голын байлдаанд японы түрэмгийлэгчдийг бут цохиход баатарлагаар тулалдан гарамгай гавьяа байгуулан амь үрэгдсэн дэслэгч Ванчинжавын Шаравт Халхын голын  байлдааны  ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1984 оны наймдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар Монгол Улсын баатар цол нэхэн олгожээ.  

хурандаа  М.БАТСУУРЬ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler