| |
Д.Оюунхорол: Төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд утаа багасна
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхоролтой агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагааных нь сэдвээр ярилцлаа.
-Улаанбаатарын агаарын бохирдлын нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ?
Агаарын бохирдлын асуудал дэлхий нийтээр хил хязгааргүй яригдаж байна. Агаарын бохирдлыг хэрхэн яаж бууруулах, ямар үр дүн гаргах, асуудлаа яаж шийдэх гарцыг улс орон бүр эрэлхийлж, зарим нь тодорхой үр дүнд хүрсэн жишээнүүд ч олон. Манай улсын хувьд үе үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой асуудлуудыг шийдэж арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Бодитой үр дүн хараахан гарсан гэж хэлж чадахгүй. Агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлттэй гарч байна. Хүний эрүүл мэндэд хортой хавдар үүсгэгч хорт бодисуудын хэмжээ 10-15 хувиар их байна гэдэг ард иргэдийн эрүүл орчинд амьдрах, эрүүл аж төрөх эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Тийм учраас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг PM2.5, PM10 гэдэг үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж, бохирдлыг багасгахын төлөө бид тууштай ажиллах шаардлагатай. Үл үзэгдэгч тоосонцор нь түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэр, барилгын тоосжилтоос дэгдэж байна. Хавдар үүсгэгч PM2.5, PM10 тоосонцорууд зуны цагт ч дэгддэг. Тухайлбал, хавар, зуны улиралд гэр хорооллын уулнаас буусан үер, борооны ус айлуудын жорлонг халин урсгаж зам руу шороотой холилдон орж, орчныг болон агаарыг бохирдуулж байгаа.
Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард нийт 138 удаагийн агаарын чанарын хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд бохирдол стандартаас давсан байна. Энэ нь өнгөрсөн өвөл өмнөх жилүүдийнхээс илүү хүйтэн байсантай холбоотой. Энэ өвөл бас их хүйтрэх төлөвтэй байгаа. Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд уулсаар хүрээлэгдсэн, ихэнхдээ салхигүй тогтуун байдаг тул агаарын бохирдол сарнихгүй нам дор газраа тунардаг. Гэр хорооллын айлуудын яндан зэрэг нам эх үүсвэрүүдээс гарч байгаа агаар бохирдуулах бодисууд нь дороо тунаж үлддэг учраас агаарын бохирдолд хүүхдүүд илүү өртөж байна.
-Нийт түүхий нүүрсний хэрэглээний ихэнхийг дулааны цахилгаан станцууд шатаадаг. Гэхдээ гэр хорооллоос ялгарч буй утаа хүний эрүүл мэндэд илүү нөлөөлдөг гэж ойлгож болох уу?
- Улаанбаатарчууд жилд 5,9 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүний 10 хувийг гэр хороололд хэрэглэж байгаа боловч ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг ялгаруулж байна. Энэ нь түрүүнд дурдсан нам дор эх үүсвэрээс ялгарч байгаа бохирдол агаарт дэгдэхгүй, тунаж байгаатай холбоотой. Цахилгаан станцын өндөр яндангийн утааны ихэнх нь агаарт дэгдчихдэг юм байна. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг хэрэглэж, зургаан хувийн бохирдол гаргадаг. Агаарын бохирдуулагч дараагийн эх үүсвэр автомашин агаарын бохирдлын 10 хувийг ялгаруулдаг. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь үүнд нөлөөлж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн гурван хүн тутмын нэг нь авто машин унаж хотын төвийн түгжээнд зогсож байна. Автомашин тормос гишгих болгондоо агаар бохирдуулагч хүнд метал ялгаруулж хүүхдийн эрүүл мэндийг ихээр хохироож байна. Бид энэ асуудалд анхаарч ажиллана.
- Энэ өвөл агаарын бохирдол буурах уу?
- Мэдээж ганцхан өвөл агаарын бохирдол буурахгүй. Гэхдээ энэ өвөл агаарын бохирдлыг аль болох нэмэгдүүлэхгүй, болж өгвөл бууруулахын төлөө ажиллаж байна. Юуны өмнө УИХ-аас батлан гаргасан хуулиуддаа амь оруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. 2016 онд агаарын бохирдлыг бууруулах "Цэвэр агаар сан”-г татан буулгасныг сэргээж байгуулах шаардлагатай. Агаарын бохирдлын асуудал хамгийн их тулгамдаж байхад энэ санг татан буулгасан нь хэрэгжиж байсан хууль дүрмүүдийг зогсооход хүргэсэн. Тийм учраас Засгийн газар "Цэвэр агаар сан”-г сэргээн байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх жилийн төсөвт таван тэрбум төгрөг суулгаж, халаалтаа эрчим хүчээр шийдэж байгаа айлуудын цахилгааныг 50 хувиар хөнгөлсөн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр нь иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр туслах, эдийн засгаа хэмнэх боломжийг өгч байгаа. Агаарын бохирдлыг бууруулах олон шинэ техник технологуудыг нэвтрүүлж байгаа дэлхий нийтийн хандлага руу бид явах шаардлагатай. Цаашдаа хүрэн нүүрснээс татгалзах алхмыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй. Нүүрсний олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүд нүүрсээ боловсруулж, ард иргэд угаасан нүүрс түлдэг хэрэглээнд суралцах шаардлагатай. Шахмал түлш хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, чанар, стандартын шаардлага хангасан утаагүй зуухны хэрэглээг дэмжих ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод нүүрсээр галладаг 300 гаруй аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ аж ахуй нэгжүүдэд төвийн эрчим хүчний системд холбогдох даалгаврыг өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн нийслэл хотын утааг нэмэгдүүлж иргэдийн амьдрах эрхийг зөрчиж байгаа бол тавьдаг торгууль төлбөрийнх хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль хэр хэрэгждэг юм бэ?
-Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар олборлосон нүүрс болон үйлдвэрлэсэн органик уусгагчийнийн кг тутмаас төлбөр авдаг. Мөн автомашины ангиллаас хамаарч жилд тодорхой хэмжээний татвар хурааж, энэ бүхнээс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагдахгүй, төсвийн цоорхой нөхөх байдлаар явж байгаа нь хууль хэрэгжүүлэх амин сүнс сул байгаатай л холбоотой. Дээр нь байгаль орчны хяналтын тогтолцоо Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь бодлого уялдахгүй байх тал гарч байгаа. Өнөөдөр Байгаль орчны яамны хэн ч байсан байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хэн нэгний үйл ажиллагааг зогсоож чадахгүй. Зөвхөн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандаж санал хүргүүлэхээс цааш хэтэрч ажиллах эрх зүйн боломж байхгүй байна.
-Агаарын бохирдлыг нэг далайлтаар, нэг өвөл бууруулаад, арилгачих боломжгүй. Цаашдын стратеги юу вэ?
-Мэдээж агаарын бохирдлыг нэг далайлтаар, нэг өвөл шийдчихгүй. Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд энэ асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр утаатай тэмцэхэд иргэдийн оролцоо, хандлага хангалтгүй байна гэж би үзэж байгаа. Зөвхөн төр, засгийн амыг хараад бүх асуудал шийдэгдэхгүй. Төр, засгийн зүгээс цаашид иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх бодлогыг үргэлжлүүлнэ. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримталж ажиллана. Нүүрс олборлогчоос авч байгаа төлбөрийг нүүрс угаахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих, нийслэлийн зарим гэр хорооллын айл өрхийн халаалтыг хийн халаалтаар шийдэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, айл өрх цахилгаанаар халаалтаа шийдэж байгаа тохиолдолд шөнийн цахилгааны урамшуулал олгох ажлуудыг үргэлжлүүлэн шат дараатай хийнэ. Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, долоогоос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах гээд их олон ажлыг тасралтгүй, шат дараатай хийж байж агаарын бохирдол буурна.
Эх сурвалж: Улс төрийн тойм