1Хүүхдээ хайрлах
Хайраар тэтгэгдэж, бусдын халамжинд өссөн хүн эелдэг даруу, зөөлөн цагаахан сэтгэлтэй болж төлөвшдөг бөгөөд эерэг хандлагатай, бусдад сайхан энергийг түгээж чаддаг гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй.
2Магтаж, урамшуулах
Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ.
3Бусадтай бүү харьцуул
Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
4Хүүхдээ сонсох
Та хүүхэддээ зааж зааварлаж, сургаж хүмүүжүүлдэгтэйгээ адил тэдний үзэл бодол, санаа сэтгэгдлийг ч мөн сонсож байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
5Хүүхэддээ цаг гарга
Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.
6Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай
Хүнд хэцүү, жаргалтай гэхчлэн ямар ч үед хүүхдийнхээ дэргэд байж, унахад нь түшиж, урагшлахад нь түлхэж өгөх нь ээж аавуудын эрхэм үүрэг билээ. Үүргээ биелүүлж, хүүхэд насны нандин дурсамжийг нь бүтээлцсэн эцэг эхийг хамгийн гайхалтай, сайн аав ээж хэмээн дүгнэдэг аж.
7Үүргийг нь ойлгуул
Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь тэдэнд эрх үүргийг нь ухамсарлуулж, багаас нь сургаснаар ирээдүйг нь гэрэлтэй, амжилт бүтээлээр арвин байхад туслана. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм.
8Тууштай бай
Хэрэв хүүхэд тань буруу зүйл хийж, та түүнийг зэмлэсэн бол өөрийн бодол, хэлсэн үгэндээ тууштай байж, бууж өгөх хэрэггүй. Хичнээн хүүхэд тань уйлж байсан ч бууж өгч, аргадаж болохгүй бөгөөд энэ нь тэдэнд буруу үйлдэл хийж болно, яах ч үгүй юм байна гэх бодлыг төрүүлдэг. Тиймээс загнасан бол тэр үзлээ хүндэтгэж, аргадах хэрэггүй, эвээр хэлж ойлгуулсан бол загнаж бухимдах шаардлаггүй юм. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрийн үзэл бодолдоо тууштай байх хэрэгтэй аж.
9Нэг үзэл бодолтой бай
Ээж нь хүүхдээ зэмлэж байхад аав нь өмөөрч хэрхэвч болохгүй. Энэ нь хүүхдэд буруу зуршлыг суулгах талтай байдаг. Иймд ээж нь хүүхдээ загнаж, буруутгаж байсан ч аав нь чимээгүй байх хэрэгтэй. Үнэхээр тэвчихийн аргагүй бол та хүүхдээсээ холдож, нэг нэгэндээ зөвлөж болно.
10Хүүхдээ биш, гаргасан зан авирыг нь буруутга
Хүүхэд тань буруу зүйл хийсэн бол түүнийг зэмлэх биш гаргасан ааш авир, хийсэн үйлдлийг нь буруутгаж байгаарай. Байнга хүүхдийг зэмлэж, чичлэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, ирээдүйд аливаа шинэ зүйлсийг туршиж үзэхээс эмээдэг хулчгар зантай нэгэн болгохыг үгүйсгэхгүй.
11Нийгэмд хөлөө олоход туслах
Бусадтай харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхдүүд маш элбэг байдаг. Тэдний энэ байдал нь ирээдүйд өөртөө итгэлгүй, бүрэг нэгэн болгох аюултай байдаг юм. Иймд та хүүхдээ дээрх байдалд хүргэхгүйн тулд багаас нь нийгмийн амьдралд идэвхтэй байлгаж, бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн бодлыг илэрхийлэх чадвартай болгох хэрэгтэй. Ингэхдээ олон нийтийн үйл ажиллагаанд хүүхэдтэйгээ хамт оролцож, хүүхдээ дугуйланд явуулж олон найзтай, нээлттэй нэгэн болгохыг зориорой.
12Зөв үлгэр дууриалал үзүүлэх
Эцэг эхийн гол үүрэг нь үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх билээ. Үргэлж хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө чимж, үр хүүхэддээ дууриалал болж яваарай. Хийж байгаа үйлдэл, шийдвэр бүрээ хүүхдийнхээ төлөө гэж бодож байх хэрэгтэй юм.
13Хувийн орон зайг нь хүндэтгэ
Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Заримдаа ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хэчнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм.
14Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга
Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Иймд та хүүхэддээ эрүүл зөв амьдралыг бага багаар хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй.
15Хамгийн шилдэг байхыг бүү шаард
Хүүхдэд хэт шаардлага тавьж, өндөр зорилгод хүргэх гэж зүтгэх нь тэднийг нийгмийн амьдралд идэвхигүй, хичээлээс өөр зүйлийг мэдэхгүй болгож өөрчилдөг. Тиймээс хүүхдээ хэт шахаж, шаардах гэсний хэрэггүй. Алдаа гаргасан ч загнаж, зэмлэх биш үүнээс суралцаж авах зүйлийг нь хэлж өгөн, цаашид гаргасан алдаагаа дахин олон удаа бүү давтаарай гэж ойлгуулах нь чухал юм. Хамгийн гол нь та хүүхэддээ өөрөөсөө илүү итгэж байх хэрэгтэй.