| |
Тэтгэврийн даатгалын шимтгэл ба орлогын хяналт
ЖАЙКА-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх
ЯМАШИТА МАМОРУ
Энэ удаагийн нийтлэлдээ Япон улсаддаатгуулагчдын төлсөн шимтгэлийн мөнгөндхэрхэн хяналт тавьдаг талаар өгүүлье.
ХЯНАЛТ ТАВИХ ГУРВАН ЗАРЧИМ
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод хяналт тавихдаа гурван зарчим баримталдаг. Нэгдүгээрт,тус сангийн мөнгийг бусад сантай холихгүй тусад нь маш нарийн тооцно.Хоёрдугаарт, сангийн мөнгөний урсгалыг маш сайн хянана. Гуравдугаарт, санхүүгийн тайлан мэдээг тогтмол олон нийтэд түгээдэг.
Эхний зарчим бол сангийн хөрөнгийг тусад нь тооцох явдал юм.Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар, хэрэглээний татвар зэргийг улсад төлж байгаа. Уг нь төлсөн шимтгэл маань таны хуримтлал болдог. Тиймээс өөрийн дураар захиран зарцуулж болмоор мэт боловч нийгмийн хамгааллын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, өндөр насны тэтгэвэр авахын тулд удаан хугацаанд шимтгэл төлдөг. Даатгалын сангийн санхүү нь тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал зэрэг даатгалын төрөл бүрээр тус тусдаа бүртгэгддэг юм.
ЗАРЦУУЛАЛТЫН ЯЛГАА
Нийгмийн даатгалын шимтгэл, татварын санхүүг нэгтгэж тооцдоггүй. Учир нь тэдгээр орлого өөр, өөр зорилгоор зарцуулагддаг. Нийгмийн даатгалын хувьд даатгуулагч, төрийн хооронд байгуулагдах гэрээн дээр үндэслэн шимтгэлийн хэмжээг тогтоодог. Энэ гэрээ нь тэтгэвэрт гарсан хойноо аль эсвэл өвдөж, бэртсэн, нас барсан үед тодорхой нөхцөлтэйгээр тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, даатгуулагчтай хийсэн гэрээнд тусгагдаагүй зарлага гарсан бол төр гэрээг зөрчсөн болно.
Японы нийгмийн даатгалын сангийн зарлага нь хуулиараа зөвхөн гэрээнд үндэслэн тэтгэвэр олголт болон үйл ажиллагааны зардалд зориулагддаг. Тиймээс тухайн төсвийн жилд орлого нь зарлагаа давсан тохиолдолд сангийн хөрөнгийг аюулгүй, найдвартай аргаар эргэлтэд оруулж болохоор хуульчилсан байдаг. Татвар, шимтгэл хоёрын цаг хугацааны тэнхлэг нь зөрдөг учраас нэгтгэж тооцох боломжгүй юм. Татвар бол тухайн жилийн орлогыг тэр жилийнхээ зардал (батлан хамгаалах, цагдаагийн ажилтнуудын цалин, гадаад харилцаа гэх зэрэг)-д зарцуулдаг.Харин нийгмийн даатгалын шимтгэл бол тухайн жилийн орлогыг тэр жилийн зардалд зарцуулаад дуусгаж болохгүй. Яагаад гэвэл, ирээдүйд бий болох аливаа асуудалд бэлэн байхын тулд тодорхой хэмжээний хуримтлал бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Улс даатгуулагчтай хийсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой тул "сангийн хөрөнгө дууссан тул тэтгэвэр, тэтгэмж олгох боломжгүйболлоо” гэх эрхгүй.
САНГИЙН ХУРИМТЛАЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛДАГ
Ирээдүйд шаардагдах зардлыг тооцоолсны үндсэн дээр одооноос хэдий хэр хуримтлал үүсгэх шаардлагатайг тооцох нь маш чухал. Тус сангийн хуримтлалаа эдийн засгийн эргэлтэд оруулж өсгөн нэмэгдүүлэх ёстой. Үүн дээр татвар хариуцсан Сангийн яам болон даатгалын шимтгэл хариуцсан Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны хооронд жил бүр нарийн зөвшилцөл хийсээр ирсэн. Шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалыг бага хүүтэйгээр зээлж авах гэсэн Сангийн яамны хүсэлтийг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам хүлээж авахаас татгалзаж, өндөр хүүтэй зээлэх хүсэлтэйгээ илэрхийлсээр иржээ. Эдгээр байгууллага нэг Засгийн газарт харъяалагддаг хэдий ч санхүү нь тусдаа учир зайлшгүй шаардлагын улмаас ийм нөхцөл байдал үүсдэг. Сангийн яам зээлж авсан хуримтлалын мөнгөөрөө аж үйлдвэрийн салбартаа хөрөнгө оруулалт хийж энэ салбараа хөгжүүлж чадсан тухай өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ.
Сангийн хөрөнгөд хяналт тавьдаг дараагийн зарчим нь мөнгөний урсгалыг маш сайн хянадаг явдал юм. Шимтгэлийн орлогыг сар бүр тооцож, өмнөх сар болон өмнөх жилийн мөн үеэс бага байвал нэн даруй шаардлагатай арга хэмжээ авдаг.
САР БҮРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДАЛНА
Өндөр насны тэтгэврийг тооцоолохдоо өндөр настны тоон дээр суурилж зардлыг нь харьцангуй хялбар тооцдог бол тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь хөдөлмөрлөх орчин, нийгмийн байдлаас шалтгаалдаг. Тухайн жилд шинээр тахир дутуугийн ба тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчын тоо хэд байгааг сар бүр, бүс нутгаар мөн ажил мэргэжлийнх нь төрлөөр тооцон гаргана. Ингэснээр аль нэг бүс нутаг, мэргэжлийн онцлогоос шалтгаалах асуудал байгаа эсэхийг тодорхойлж болдог. Сар бүрийн өөрчлөлтийг судалж, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлдог гэсэн үг.
ОЛОН НИЙТЭД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ МЭДЭЭЛНЭ
Хамгийн сүүлийн зарчим бол санхүүгийн тайланг тодорхой хугацаанд олон нийтэд мэдээлэх явдал байдаг. Япон улсад жил бүрийн тогтсон хугацаанд шимтгэл төлөгч, тэтгэвэр авагчдад зориулж тэтгэврийн сангийн санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлдэг. Үүнтэй зэрэгцэн тухайн жилд шинээр өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тус бүрт цаашид хэдий хэмжээний зардал гарахыг тооцсон талаар мэдээлэл өгдөг. Мөн сангийн хуримтлал хэр хэмжээтэй байгаа, үүнээс хэдэн хувийг нь зээлсэн, зээлийн эргэн төлөлт ямар байгаа талаарх нарийн мэдээлэл өгч тайлагнадаг. Эдгээр мэдээллүүдийг тайлан гарах бүрт иргэд сонирхохоос гадна онцлох мэдээний нэг болгож мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг.
Тэтгэвэр нь хүн нэг бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагт холбогдох урт хугацаагаар хэрэгжүүлэх шаардлагатай нарийн тогтолцоо юм. Үүнийг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд данс, санхүүгийн тооцоог тусад нь нарийн хянаж, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагчидтай нягт холбоотой ажиллах шаардлагатай байдаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин