| |
Ерөнхийлөгчийн залсан АСЕМ-ын зардлыг Шилэн дансанд бүрэн хамруулъя
АЗи, Европын Дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг Монгол Улс нийслэл хотдоо долдугаар сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, даржин төсвөөсөө илүүчлэн аль эрт бэлтгэлээ базааж, чамгүй их хөрөнгө мөнгө зарлагадаж байгаа нь нүдэнд илт байна.
Нэгэнтээ төрийн тэргүүн маань баахан улсын удирдагчийг эх орондоо урин залчихсан тул улс орнуудын удирдагчдын тоогоор Туулын эрэг дээр хаус барьж, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг захиалан авах, тэдгээр машиныг гаалийн татвараас чөлөөлүүлэх, нэр хүндтэй зочид байрлах шигшигдэн, сонгогдсон буудлуудад хэдэн зуун тэрбумаар нь зээл олгуулах зэргээр улсаараа хямарч ядарч байгаа атлаа эрхбиш Монгол Улсынхаа нэрийг бодож хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөхөөс яахав дээ.
Гэхдээ том хурлын нэрээр хэн нэгэн нь төсвийн мөнгийг гарын салаагаараа хяналтгүй урсгах эрхгүй. 2016 оны улсын төсөвт л гэхэд АСЕМ-ын зардалд 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг. Түүнээс гадна олон улсын хандив, дэмжлэг тусламжаар цөөнгүй сая доллар АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд цугларч байгаа гэх мэдээлэл дуулдаж байна.
Монгол Улсын нэр хүндийг өргөхүйц ийм том арга хэмжээний бэлтгэлд тодорхой хөрөнгө зарахаас аргагүй боловч АСЕМ-ын нэрийн дор хэдий хэрийн мөнгө урсгаад байгаагаа БНХАУ-д Монгол Улсын Элчин сайдаар томилогдоод байгаа Д.Ганхуягийн ахалсан АСЕМ-ын бэлтгэл ажлын алба олон нийтэд тайлагнах цаг болжээ. Тухайлбал саяхан болсон АСЕМ-ын парламентын гишүүдийн уулзалтад улсын төсвөөс хэдий хэрийн мөнгө урсгаснаа УИХ-ын Тамгын газар, Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын алба төсвийн зардлын задаргаа бүрээр нь тайлагнах учиртай. Наад зах нь олон орны парламентын төлөөлөгчдийг нэгэн зэрэг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах туршлага манайханд байхгүй гэдгээр шалтаглан саяын хурлын үеэр гадаадын гурван орноос аюулгүй байдлын өндөр мэргэжлийн зөвлөхүүд урьж ажиллуулсан гэнэ лээ. Тэдгээрт улсын төсвөөс хэдэн ногоон төлснийг татвар төлөгчид бид мэдэх эрхтэй. Үүнд төрийн нууц гэх тодотгол зохихгүй.
Өөрийнх нь санаачилгаар Монголд зохион байгуулахаар болсон энэ томоохон арга хэмжээний зардлыг өөрөө гол автор нь болсон шилэн дансандаа бүрэн хамруулах Политик.мн сайтын саналыг шударга байцгаая л даа гэх уриатай төрийн эрхэнд гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алга ташин хүлээн авч дэмжин хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгнө гэдэгт итгэлтэй байна.
Шилэн данс гэхээр зөвхөн төсвийн зарцуулалт биш юм. Хуулиар бол төрийн байгууллагууд таван саяас дээш дүнтэй зарлага төдийгүй орлогын мэдээллийг байршуулах ёстой. "АСЕМ Оюу толгой захиалгат нислэгийн зардалд”, "АСЕМ-ын ажлын хэсэгт тавилга”, "АСЕМ-ын бичиг хэргийн материал”, "АСЕМ-д хөшиг суурилуулалтын үнэ” гээд л мөнгө хайрлахгүй цацаж байгаа жагсаалтыг Гадаад хэргийн яамны шилэн данснаас харж болох ч сүүлийн үеийн зардлуудыг олж харж чадсангүй. Сар бүрт зарцуулсан зардлыг үзэх гэхэд "байхгүй” гэсэн үг томоос том дурайна.
Өөр нэг санаа байна. Монгол Улсын Ерөнхийлөгч маань "сүржигнэхээ л больчихъё л доо” гэж уриалах дуртай. Тэгвэл АСЕМ-ын нэрээр сүржигнэхээ л больцгооё доо гэж бас хэлмээр. Монголд том зочид ирж л байдаг явж л байдаг. Хаа очиж манай ард түмэн дөлгөөн, даруухан зан чанартай болохоор зочдын цуваа зэрэгт хүндрэл учруулж байсан тохиолдол үгүй, харин ч юм үзээгүй хөөргөн монгол хамгаалалт, монгол цагдаагийн хөл хориог хэдэн цагаар тэвчиж сурсан улс. АСЕМ чухал нь чухал, гэхдээ сүржигнэхээ л байцгаая л даа.
Сая л гэхэд Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт АСЕМ-ын хуваарийн дагуу Улаанбаатарт болж цөөн хэдэн орны парламентын удирдлага ирсний төлөө эгээ л Барак Обама, Путин нар нэгэн зэрэг ирж байгаа аятай энд тэндгүй зам хааж иргэдийн уур унтууг хүргээд авсан. Иргэд уураа муу нэртэй цагдаа нартаа л гаргадаг. Уг нь бол хүнд хэцүү бүхнийг нугалж явдаг цагдаа нарт биш өөрсдөө өч төчнөөн гадаад явдаг атлаа бусдын жишгийг огт сонирхдоггүй төрийн ёслолын албаныханд гомдол шаардлагаа хатуу тавимаар байгаа юм.
Цагдаа нарыг иргэдтэй нь хамт олон цагаар тамладаг төрийн ёслолын дүрэм, журмаа даруй өөрчлөхийг ёслолын албанаас шаардах цаг болсон. Аливаа айлчлал, олон улсын хэмжээний чуулга уулзалтууд тогтсон дүрэм журмын дагуу аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх нь зүйн хэрэг. Даанч манайхан хэтрүүлэхдээ гарамгай юм.
Том АСЕМ-ын зочид ирэх айсуй долдугаар сар хүртэл наана нь бизнесийнхний, залуучуудын, ахлах албан тушаалтнуудын гээд бараг тав, зургаан цуврал уулзалт болох юм гэсэн. Эдгээр бэлтгэл уулзалтын нэрнээс харахад лав л саяын парламентын уулзалтаас зэрэглэлийн түвшин доогуур байх нь илэрхий. Тиймээс улсын баатар Э.Бат-Үүлийн замын хөдөлгөөний хязгаарлалтад тэртэй тэргүй зовж байгаа олон түмэндээ сүрийг үзүүлж нэрмээс болж төвөг удахгүй эдгээр уулзалтыг ердийн ажлын горимоор зохион байгуулахыг нийслэлийнхээ иргэдийнхээ нэрийн өмнөөс шаардъя. Зам хааж сүржигнэхийн оронд АСЕМ нэрээр зарцуулж байгаа хөрөнгө мөнгөнийхөө тайланг шилэн дансанд ил тод мэдээлцгээе!
POLITIK