| |
Видео
Шинэ мэдээ
Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү "Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал "Бид Монгол Улсад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Оюутолгой, Сайншандын салхин цахилгаан станц, Шангрила зочид буудлын барилга гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад бид Улаанбаатар хотын зүгээс хийж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар хот дэд бүтэц, автозам, дугуйн зам, хурдан замын "BRT” төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд АОС төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төсөл хэрэгжих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт, дүн шинжилгээ хэрэг болох нь зайлшгүй юм. Үүнийг манай Хөрөнгө оруулалтын газар болон Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хийж гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засгийн амаргүй байдалд байна. Тиймээс энэ удаад та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжгүй. Цаашдаа хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.