|
Видео

Шинэ мэдээ

Сү.Батболд гишүүн “Монгол шуудан”-г хувьчлахаар лоббидсон уу?

Сү.Батболд гишүүн “Монгол шуудан”-г хувьчлахаар лоббидсон уу?

 

-Төрийн мэдлийн хувьцааг худалдах УИХ-ын тогтоол хуульд нийцсэн үү гэдгийг ҮХЦ шалгана гэсэн үг-

Ирэх онд төрийн өмчит хэд хэдэн компанийг хувьчлахаар болсон. Эдгээр компаниас хамгийн их анхаарал татаж буй газар бол "Монгол шуудан” ХК. Тус компани нь 2015 онд 100 хувь төрийн мэдэлд байсан боловч Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгийн биржээр дамжуулан компанийн 34 хувийг хувьчлахаар болсон юм. Энэ цаг мөчөөс эхлэн ганц ашигтай ажиллаж байгаа шуудангийнхаа салбарыг хувьчлах ажилд эрх мэдэлтнүүд яаран сандран орж "Монгол шуудан” ХК-ийг хувьчлахаар болчихлоо.
Гэхдээ уг хувьчлалыг зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж, өнгөрсөн баасан гарагт Хувьчлах тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцааж, хуульд нийцүүлэх талаар санал хүргүүлэхээр болсон юм. Хамгийн асуудалтай нь орон даяар салбартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ганц компаниа яагаад 20-хон тэрбумаар үнэлэх болов гэдэгт олон нийт гайхаад зогсохгүй зарим УИХ-ын гишүүд хувьчлах үнийг бодитоор хийгээгүй, урьдчилсан тооцоо судалгаа гаргаагүй, ашигтай ажиллаж байгаа компаниудыг хувьчлах нь тохиромжгүй, хувьчлал нэрийн доор хуумгай зүйл хийж байна гэх мэтээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байв.

Байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл заавал төрийн хяналтад байх ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг заавал төр хяналтдаа байлгах ёстой. Олон улсын сүүлийн үеийн ханд­лагыг ажиглавал шуу­дан­­­­гаар дамжуулан улсын болоод аж, ахуйн нэгж, хувь хүний аюулгүй байдалд халдсан террорист үйл ажиллааг явуулж байна. Янз бүрийн химийн хортой зэвсгийг шуудангаар дамжуулж байна. Тиймээс "Монгол шуудан” компанийн 51 хувь төрд байх ёстой. Үлдсэн хувийг нь хувьчилж болох юм. Тус компанийн 34 хувийг IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан байгаа. Мөн таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх марктай. Марк бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл. "Монгол шуудан” компанийг 20 тэрбумаар хувьчилна гэж байна. Өмнө нь 34 хувийг нь 6.1 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс одоо төрийн мэдлийн 66 хувийг нь хувьчилж авбал өмнө нь авсан 34 хувиа үнэгүй хүртэнэ гэсэн үг. Би Төсвийн байнгын хорооны хурал дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад өөрчилье гэсэн боловч ямар ч боломжгүй болчихлоо. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй. Алдагдалтай ажиллаж байгаагаа ашигтай ажиллуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд төрийн өмчит байгууллагуудын захиралтай нэн яаралтай хариуцлагын гэрээг байгуулах ёстой юм. Та өөрийн өмчид хүн хөлсөлж ажиллуулах юм бол хариуцлагатай ажиллахыг л шаардана биз дээ. Тэгэхээр ашигтай ажилла, алдагдалтай ажиллавал алдагдлыг нь өмчөөрөө, албан тушаалаараа хариуц гэдэг гэрээнд гарын үсэг зуруулах ёстой. Өмнөх Засгийн газрын үед хувьчлалын асуудлууд яригдаж байсан. Тодорхой хувиудыг нь хөрөнгийн зах зээлээр дамжуулж IPO гаргаж хувьчилсан. Тэр нь хийгдээд дуусч байгаа. Тухайлбал, Монгол шуудангийн 34 хувийг хувьчилсан. Хувьчлалын үнэлгээг бодитой хийгээгүй байна. Энэ байгууллага чинь 10 тэрбумын борлуулалттай ажиллаж байгаа. Үүний зургаа орчим тэрбум төгрөг нь цалин хөлс болон бусад зардалдаа явж байгаа. Төв шуудангийн барилгын 40 хувийг нь эзэмшиж байгаа. 330 суманд барилга, байгууламжтай. 130 автомашинтай. Дансандаа 6.1 тэрбум төгрөгтэй. Энэ бүгдээс харвал үнэлгээг нь зөв хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй”.

Урьдчилсан тооцоо,
судалгаа алга

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "УИХ-аар баталсан төрийн өмч хувьчлах жагсаалтууд бий. Засгийн газар ч мөн тодорхой өмч, хөрөнгөө хувьчилж менежментийг нь сайжруулах талаар анхааран ажиллах ёстой гэдэг нь хэн хүн мэдэж байгаа асуудал. "Монгол шуудан” компани, Эрдэнэт, Булганы цахилгаан станцыг хувьчлах асуудлыг Төсвийн байнгын хороон дээр ярьж байгаад л шийдчихлээ. Хувьчилж болно. Өмч хувьчлалыг цаашид явуулахдаа тооцоо судалгааг маш сайн гаргах ёстой. Урьд өмнө нь хувьчилна гэж байгаагүй газруудыг гэнэтхэн хувьчлахаар оруулж ирэхдээ нэг нь 30 тэрбум нөгөөдөх нь 20 тэрбум болж орж ирж байна. Энэ тоог Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газраас оруулж ирсэн. Урьдчилсан судалгаа байхгүй тоо гэнэтхэн орж ирсэн. Өмч хувьчлах асуудлыг урьдчилсан байдлаар Засгийн газраас судалгаа хийж байгаад оруулж ирэх ёстой.

"Монгол шуудан”-г хувьчлах асуудлыг хойшлуулах ёстой

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Монгол шуудан компанийн 34 хувь бирж дээр гарсан. Одоо ашигтай ажиллаж байгаа. Төрд орлого өгч байгаа компани. Хоёр, гурван жилийн дараа эдийн засаг дээрдэж, зээлжих зэрэглэл дээшилсэн үед хувьчилж болно. Яг энэ компанийн хувьд хувьчлах асуудлыг хойшлуулах ёстой гэж бодож байгаа. Хөрөнгийн биржийн хувьд хувьчлах ёстой. Олон улсын стратегичдэд хувьчлах ёстой гэж боддог. Бид ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Бид хөрөнгийн биржийг 25 жил ажиллуулах хугацаанд хөрөнгийн болоод үнэт цаасны зах зээл огт хөгжсөнгүй. Үнэлгээний хувьд би хэлж мэдэхгүй. Гэхдээ "Монгол шуудан” компанийг 20 тэрбумаар хувьчилна гэдэг нь бага л сонсогдож байна. 330 суманд салбар нэгжтэй. 4-5 тэрбум төгрөгийн марктай компани шүү ээ. Энэ мэтчилэн бодох асуудал бий.

Төрийн томоохон өмчийг үнэгүйдүүлж байгаа хэрэг

УИХ-ын олон гишүүн дээрх гишүүдтэй адилхан байр суурьтай байсан юм. Ер нь "Монгол шуудан” ХК-ийн 66 хувийн хэн гэгч эрхэм 20-хон тэрбум төгрөгөөр авахаар улайрав болов, энэ хувьчлалыг ямар ,ямар гишүүд лоббидов гэсэн асуулт хөврөн гарч ирэх нь дамжиггүй. Тэгвэл дээрх компанийн 34 хувийг анх удаа хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авсан "Ард санхүүгийн нэгдэл” хаалттай хувьцаат 66 хувийг нь авахаар зэхэж буй тухай мэдээлэл гарах болсон юм. Түүнчлэн энэхүү хувьчлалыг дэмжиж буй хүн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд гэдгийг зарим нэг эх сурвалж хэлж байсан. Хэрвээ энэ асуудал үнэн бол Монголын төрийн бас нэгэн томоохон өмчийг үнэгүйдүүлж байгаа нь тодоос тод харагдаж байгаа юм. "Монгол шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг 300 гаруй сумдад барилга байгууламж, объект болон машинтай. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажилладаг төрийн эзэмшлийн томоохон компани юм. Үүнийг 20-хон тэрбумаар хувьчилна гэдэг бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлж буй арга техник гэхэд хилсдэхгүй биз.
УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ч хуралдааны үеэр ямар хариулт өгч байсныг уншигчид мэдэж буй байх. Түүнийг байнгын хорооны хуралдаан дээр энэхүү хувьчлалыг ногоон гэрлээр зүтгүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн гэж хэлэх хүн ч олон байна. Олон нийтийн хувьд хувьчлахыг огт эсэргүүцээгүй. Харин хувьчлахдаа ямар бодит үнэлгээг хийсэн, ямар хуульд нийцүүлэн 20 тэрбум төгрөгөөр үнэлэх болов гэдэгт л гол анхаарлаа хандуулж суугаа.
Төрийн ордны зүүн талын "балгас”-ыг 24 тэрбумаар үнэлж борлуулсан хэрнээ яагаад тус газрыг 20 тэрбумаар үнэлэх болов гэдэг нь хачирхалтай. Ойролцоогоор 1000 гаруй ажилчидтай, Монголын хаа ч хүрч үйлчилж чадаж байгаа компанийг хувьчлах ашиг сонирхол хэнд байна вэ. Энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тодорхой гэж хэлэх хүн олон байна. Тэгэхээр дээрх хувьчлах тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр очих нь дамжиггүй болж, төрийн мэдлийн хувьцааг худалдах Монгол Улсын Их Хурлын тогтоол хуульд нийцсэн үү гэдгийг ҮХЦ шалгана гэсэн үг.
Бид дараагийн дугаартаа "Монгол шуудан” ХК-ийн ажилчид энэхүү хувьчлалын талаар хэрхэн өгүүлснийг мэдээлэх болно.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler