| |
М.Дашдондов: Монголын биеийн тамирын багш нарын 70 хувь нь миний шавь байх шүү
Энэ буурлыг Мөнх овогтой Дашдондов гэдэг. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, яриа хөөрөө цэгцтэй М.Дашдондов гуайг 70 нас дөхөж байгаа болов уу гэж бодож суусан юм. Гэтэл энэ жил 82 нас хүрч буй аж. Хөдөлгөөн, спорт хүнийг үргэлж эрүүл чийрэг, эрч хүчтэй, залуу сайхан байлгадаг гэдгийг өөрийн бие, амьдралаараа харуулж явна. М.Дашдондов гуай Завхан аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн биеийн тамирын багшаар насаараа ажилласан нэгэн. Тэрээр биеийн тамирын багш мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтэн. Түүнийг Москва явж суралцахыг, хотод үлдэж ажиллахыг багш нь хэчнээн ятгаад ч төрсөн нутаг Завхан аймгаа сонгохыг нь болиулж чадаагүй гэдэг.
Ингэж түүний багшийн гараа эхэлсэн түүхтэй. Тэрээр өөрийн амьдралын 48 жилийг хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, тэр дундаа спортоор хичээллүүлэх замд хөтөлсөн ачтан. Түүний шавь нарын дунд олон улсын, улсын зэрэгтэй, улс орондоо төдийгүй тив дэлхийд нэрээ гаргасан хүмүүс олон. Тиймээс үе үеийн шавь нар нь санаачлан Завхан аймгийн спорт холбоо төрийн бус байгууллага хамтран энэ баасан, бямба, ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 11, 12, 13-нд Хандгайт дахь спорт ордонд шатар, теннис, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж өвгөн багшийнхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэхээр болжээ. Монголд биеийн тамирын хичээлийг мэргэжлийн түвшинд явуулах, спортын олон төрлөөр хүүхэд багачуудыг хичээллүүлэх, спортод сонирхолтой болгож, авьяас чадварыг нь хөгжүүлэх ажилд өөрийн амьдралаа зориулж ирсэн ахмад багш, сагсан бөмбөгийн спортын мастер М.Дашдондов гуайн дурсамжийг хүргэе.
ХОЙШОО СУРГУУЛЬД Ч ЯВСАНГҮЙ, ХОТОД Ч ҮЛДЭЛГҮЙ ЗАВХАН РУУГАА ЯВЧИХСАН ХҮН ДЭЭ
-Би Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд 1934 оны зуны дунд сарын шинийн 3-нд төрсөн юм. Тиймээс жил бүр л төрсөн өдөр маань өөр, өөр өдөр болдог. Бага насандаа аав, ээжийнхээ гэрт мал маллаж өссөн дөө. Манайх нутагтаа хамгийн олон хүүхэдтэй айл байлаа. Таван хүүхдийн дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Тиймээс зундаа нутгийнхаа мал ахуй ихтэй айлуудын малыг хариулж тараг, сүү иддэг байв. Би айлын дөрөв дэх хүүхэд, доороо нэг дүүтэй. Одоо бол нэг ахтайгаа хоёулаа л үлдэж дээ. Намайг дайны үед сургуульд оруулахгүй гээд зугатаалгаж байсаар дайн дууссаны дараа 1945 оны намар сурагч болгосон доо. Сургуульд байхдаа гоц гойд онц сурч байсангүй, бусдаас хоцорсон муу ч байсангүй. Дундаж л сурч явсаар 1956 онд аравдугаар ангиа төгссөн. Төгсөөд хоёр жил хэртэй бага ангийн багшаар ажиллаж байгаад Багшийн дээд сургуульд элссэн. Түүх газарзүйн ангид шалгалт өгч ороод суралцаж байхдаа сургуулийн сагсан бөмбөгийн секцэнд орлоо. Монгол Улсын гавьяат багш, байт сурын гавьяат дасгалжуулагч Хэнтий аймгийн Жамъяансүрэн багш миний анхны сагсан бөмбөгийн багш юм. Надад бөмбөг барих, дамжуулах, цагирагт шидэх гээд бүгдийг эхнээс нь зааж өгсөн.
Удалгүй Багшийн дээдийн оюутны баг Улаан-Үдийн оюутны багтай уулзалт тоглолт хийхээр болж бэлтгэлдээ орсон юм. Гэтэл би бэлтгэл гээд хичээлдээ суугаагүй нэлээд хоцрогдсон учраас намайг биеийн тамирын ангид шилжүүлж авсан. Тэгээд л би биеийн тамирын багш болсон түүхтэй. 1959 оны арваннэгдүгээр сарын 4-нд гавьяат багш Жигмэддорж декан намайг дуудаад "ЗХУ-аас сагсан бөмбөгийн мэргэжилтэн манай сургуульд ирж ажиллана, намайг дагалдуулан багшлуулна” гэдэг юм байна. 13-ны өдөр декан бид хоёр зөвлөлтийн мэргэжилтэн гавьяат мастер, гавьяат дасгалжуулагч Владимир Василевич Горохов багшийг төмөр зам дээр тосч авсан юм. Түүнээс хойш сургуулиа төгсөн төгстөлөө тэр багштай хамт ажилласан даа. Владимир Васильевич Горохов багш намайг хойшоо авч явж гурван жил сургаад сагсан бөмбөгийн дээд мэргэжлийн хүн болгомоор байна, нутагтаа яарна гэвэл жил найман сарын сургалтад суулгая гэдэг байв.
1961 онд Бүх ард түмний спартакиад анх удаа боллоо. Тухайн үед бэлтгэл хийж байхдаа паарны ус уугаад гэдсээ өвтгөөд жаахан тусгүй юм болсон. Тэгээд МУБС-ийн манай баг МУИС, Алдар, Замчин гуравт хожигдоод есөн багаас дөрөвдүгээр байрт орсон. Удалгүй аймгуудын багууд бүх ард түмний спартакиадад ирж оролцлоо. Гэтэл манай Завханы баг их муу тоглож байв. Тэгээд л би гадагшаа ч сургуульд явсангүй, хотод томилогдсон газраа ч очилгүй Завхан аймаг руугаа явчихсан хүн дээ. Багш маань хойшоо авч явах гэж Гэгээрлийн яамны орлогч сайд Даваасүрэн гэдэг хүнээр намайг хоёр, гурван удаа дуудуулж билээ.
Надаас хойхно төгссөн Лхамжав гэдэг тооны багш бас нутагтаа ирсэн. Түүнийг Багшийн дээддээ багшаар үлдээч гэж байхад Завхандаа багшилна гээд хүрээд ирсэн хүн. Тухайн үед Багшийн дээдийн багш 900 гаруй төгрөгийн цалин авна. Харин бид Завханд 500 төгрөгийн цалинтай байлаа. Хотод үлдэж ажиллавал 40 мянгатад дөнгөж ашиглалтад орж байсан хоёр өрөө тавилгатай байр өгнө гэж байсан юм. Бид хоёр нутгаа гэсэн сэтгэлтэйгээрээ ижил байж билээ.
ХӨЛДӨӨ ТЭШҮҮР УГЛАЖ ҮЗЭЭГҮЙ Ч УЛСЫН ШИГШЭЭД ЗУРГААН ТАМИРЧИН БЭЛДЭЖ ӨГСӨН
-Завханд очоод миний амьдрал муудаагүй ээ, сайхан л амьдарсан. Завханы нэгдүгээр арван жилийн сургуулийн захирал Дамбий-Ядамрагчаа багш намайг авсан хүн дээ. Захирал багштай холбоотой би нэг түүх ярья.
1965 оны арваннэгдүгээр сарын сүүл байсан юм. Захирал багш намайг өрөөндөө дуудлаа. Яваад ортол "Энэ жил залуучуудын анхдугаар спартакиад болох гэж байна. Цаныг байтын багш бэлдэнэ, миний хүү тэшүүрийг бэлд. Энэ жил манайх аймгийн бүх тэмцээнд биеэ дааж оролцоно” гэдэг юм байна. Би сандраад "Багшаа би тэшүүр бэлдэх нь бүү хэл хөлдөө ч хийж үзээгүй хүн шүү дээ” гэтэл "Миний хүү чинь дээд мэргэжлийн биеийн тамирын багш биз дээ” гэдэг юм байна. Энэ үг миний нүүрэн дундуур алгадахаас илүү хүнд туссан даа. Тэр чигтээ гүйгээд ватум цаасан дээр зарлалаа гаргаад тэмцээнд оролцох хүүхдүүдээ сонгож аваад тэшүүрийн дасгалжуулагч боллоо. Бэлтгэл хийхдээ цаг хатуу барина. Цагаас хоцорсон хүүхдүүдийг нэгнийгээ үүрч талбай тойрч гүйлгэнэ, тэгэхээр хүүхдүүд цагтаа ирнэ. Тэр хүүхдүүд дундаас гуравдугаар ангийн нэг охин маань тэр жилдээ аймгийн аварга, улсын аварга болсон доо. Тэр охин бол одоо улсын идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Долгорсүрэн юм. Тэднийх ах дүүсээрээ их уран хүмүүс. Аавыг нь "Уран” Жамъяан гэдэг. Анхны шавьдаа их хайртай. Тэд ах дүүсээрээ тэшүүрээр гулгадаг байсан. Тэр жилдээ би улсын шигшээ багт аймгаасаа тэшүүрийн зургаан тамирчин өгсөн дөө. Анхны дээд мэргэжлийн багш гэдэг утгаараа спортын бүх төрөлд хүүхдүүд бэлдэж байлаа. Ёстой бөхийн төрөлд л багшлаагүй байх.
1989 оны наймдугаар сараас 1992 оны хооронд аймгийнхаа боловсрол төвд ажилласан юм. Тэр үед мэргэжлийн багш нар дутагдаад болдоггүй. Хөдөөгийн сумын сургуулийн биеийн тамирын багш нар дандаа мэргэжлийн бус байна. Тэгэхээр улсын тэмцээнд орж медаль, зэрэг авсан, аймгийн аварга болж байсан тамирчдаасаа ажиллах чадвартайг нь сургалтад хамруулж шалгалт аваад тэнцсэнийг нь багш болгоё гэсэн саналыг гаргалаа. Энэ шугамаар 20-иод хүн багш болж байсан. Одоо ч тэд маань багшилсаар л байна лээ. Монголын биеийн тамирын багш нарын 70 хувь нь миний шавь байх шүү. Яг нарийн тоолсон юм алга.
ЗАВХАНЫ ЭМЭГТЭЙ БАГИЙГ А ЗЭРЭГЛЭЛИЙН ШИЛДЭГ ЗУРГААН БАГТ 11 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТОГЛУУЛЖ ЧАДСАНААРАА БАХАРХДАГ
-1969, 1970 он гараад Завханд нэгдүгээр арван жилд бэлэгний сургууль баригдаж заалтай боллоо. Спорт хороо маань ч заалтай болж үндсэндээ сагсан бөмбөгтөө буцаж орлоо доо.
Сагсан бөмбөг гэдэг багийн тоглолт. Тухайн спортынхоо мөн чанарыг алдагдуулахгүй заачих юмсан гэсэн бодолтой. Сагсан бөмбөгийн багт хамгаалагч, довтлогч холбогч гээд тал бүрийн авьяастай хүмүүс хэрэгтэй. Эхлээд би жаахан дөртэй тоглодог хүүхдүүд секцэндээ авдаг байлаа. Сүүлдээ тавдугаар ангиас нь тоглох сонирхолтой хүүхдүүдийг шалгаж авч эхэлсэн. Хүүхдүүд секцэнд орох их сонирхолтой. 1978 онд миний 380 хүүхэд секцэнд орно гэж бүртгүүлж байлаа. Тэднээс дээд тал нь 40 хүүхэд л авч чадна шүү дээ. Цагаасаа хоцорсон, тасалсан хүүхдийг шууд хасдаг байсан.
Бид ийн хичээж зүтгэсээр сагсан бөмбөгийн спортыг аймагтаа хөгжүүлж чадсан. Тухайн үед улсын шигшээ зургаан багийг А зэрэглэлийн, дараагийн зургаан багийг Б зэрэглэлийн гэдэг байсан. А зэрэглэлийн багт хөдөөнөөс баг бэлдэж оруулна гэдэг дасгалжуулагч бидний мөрөөдөл байсан. Тэгээд би 1986-1996 оны хооронд Завханы эмэгтэй багийг А зэрэглэлийн шилдэг зургаан багт 11 жил тасралтгүй тоглуулж чадсанаараа бахархаж явдаг юм.
А зэрэглэлийн зургаан баг хоорондоо тоглож, аваргаа тодруулна. Тэр бүрт манай Завханы охидын баг эхний гуравт ордог байлаа. Октябрийн район, Багшийн дээдийн багуудыг л хожиж, хожигдоно. Бусад багууд бидний ард байлаа.
Насанд хүрэгчдийн улсын аваргаас Завхан аймгийн эмэгтэй баг аймгуудаас түрүүлж анх мөнгөн медаль авч байсан. Анх удаа багаараа спортын мастерийн болзол хангасан. Мөн хамгийн удаан шилдэг багт тоглосон. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ийм гурван амжилтыг Завханы эмэгтэй баг эзэмшдэг юм.
Олон л шавь нар минь улсын зэрэг цолны болзол хангасан даа. Тэдэн дундаас онцолбол олон улсын хэмжээний мастер Б.Цэен, улсын зургаан удаагийн шилдэг довтлогч болж байсан Бүжин нарыгаа нэрлэмээр байна.
Би 1994 онд тэтгэвэртээ гарсан ч ажиллаж байлаа. 2000 онд хотод нүүж ирээд гэрийнхээ ойрхон 67 дугаар сургуульд зургаан жил багшилж байгаад 2007 онд тэтгэвэртээ бүрэн суусан.
Манайд энэ спортыг хөгжүүлэхээр дагнаад аваад явж байгаа мэргэжлийн хүн цөөхөн байна уу гэж боддог. Сагсан бөмбөг анх хөгжсөн АНУ-тай холбоо тогтоож, тийшээ мэргэжилтнүүдээ сургаж, судалгаа хийх хэрэгтэй байна. Би удахгүй охинтойгоо Сан- Антониогийн багт очиж мэргэжилтнүүдтэй нь уулзаж, сургалтыг нь сонирхоно гэж бодож байна. Би одоо бүх л тэмцээн уралдаан тоглолтуудыг очиж үздэг юм. Тэгээд юу болж байна, болохгүй байгааг бичээд суудаг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.МОНГОЛХАТАН