| |
Д.Норжин: Хүүхдийн нүүрний мурийлт ихэсч байна
Баянхонгор аймгийн "Баян-Энэрэл”эмнэлгийн дарга, сэргээн засах эмчилгээнийтэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Норжинтойярилцлаа.
-Танай эмнэлэг иргэдэд ямар тусламж,үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Энэ талааряриагаа эхэлье?
-2001 онд Баянхонгор аймагт анхны 10 ортой хувийн эмнэлгийг байгуулж байлаа. Элэг, цөсний тэргүүлэх зэрэгтэй эмч Баасанхүү, дархвар судлаач Цэрэнханд эмч бид гурав анх санаачилсан. "Баян-Энэрэл” эмнэлэг өнөөдөр 10 ортой, хоёр эмч, зургаан ажилтан нийт найман хүний бүрэлдэхүүнтэйгээр дотрын өвчнийг оношилж, эмчлэх, сувилах, эрүүл мэндийн боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ, сувилахуй, асаргаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хэвтүүлэн эмчлэхээс гадна амбулаторийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Гадуур дуудлагад явж, өдрийн болон нөхөн сэргээх эмчилгээ, бариа, зүү төөнүүр, хануур хийнэ.
-Танайхаас өөр хэвтэн эмчлүүлдэг хувийн эмнэлэг байдаг уу?
-Манайхаас гадна зургаан ортой эмнэлэг бий. Аймгийн хэмжээнд хувийн эмнэлэгт байх ёстой орны тоо гүйцсэн гээд нэмэх боломжгүй байгаа юм. Хувийн эмнэлгийн орыг цаанаас нь заагаад өгчихдөг юм билээ.
-Аймагтаа танайх анхны хувийн эмнэлэг гэлээ. Үнэ төлбөрийн хувьд хэр боломжтой вэ. Энэ хугацаандөөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон байх?
-"Баян-Энэрэл” эмнэлэг нэгдсэн эмнэлгийн хашаан дотор байдаг учраас шинжилгээ өгөх, рентгенд харуулах, эмч нараас зөвлөгөө авах, мэдрэл, мэс заслын эмчид үзүүлэхэд орчин нөхцөл, давуу тал бүрдсэн. Сул тал нь гэвэл түрээсийн байранд байдаг. Хувийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэхгүй учраас хүндрэлтэй байна. Улсын эмнэлгийг бодвол боломжийн хямд үнэтэй. Нийгмийн даатгалаас 100 хувь мөнгөө авч чаддаггүй, 60 хувийн санхүүжилт авдаг. Улаанбаатарыг бодвол аймгийн төвд амьдрал ахуй тааруу учраас хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд, ажилтай хүмүүсээс боломжийн төлбөр авдаг. Манай эмнэлэгт 10 хоног эмчлүүлэхэд 150 мянган төгрөг төлнө. Ажиллаж байгаа эмч, сувилагч нар нь дадлага туршлагатай, иргэддээ танигдсан хамт олон. Хамгийн гол нь орны тоо, санхүүжилт нэмэгдвэл өргөжүүлэх боломжтой. Манайх зөвхөн хэвтсэн хүндээ санхүүжилт авдаг. Өдрийн эмчилгээнд санхүүжилт өгдөггүй. Тиймээс хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмнэлгүүддээ жаахан уян хатан хандаасай гэж боддог. Сүүлийн үед хүн эмчлэхээсээ илүү бичиг цаасны ажил нь хүнд болчихоод байна.
-Яагаад?
-Хүнийг эмчлэхэд оношийг нь олох л чухал. Гэтэл сувилагч нарын бүрдүүлдэг маягт гэхэд 5-6 янз. Үүнийгээ өдөр бүр бөглөнө. Манайх ч яах вэ 10 хүнтэй. Би нэгдсэн эмнэлэгт давхар ажилладаг. Мэдрэлийн тасаг 40 хүн хэвтэн эмчлүүлдэг. Сувилагч нар эмчилгээгээ хийж дуусаад бичиг цаасныхаа ажлыг хийгээд хонож байна. Энэ ажлыг боловсруулсан хүмүүс нь их сайхан нарийн юм гаргачихлаа гэж бодож байгаа байх. Гэтэл эмч, сувилагч нарт ачаалал өгч байгаагаа мэддэггүй.
-Өнөөдөр Баянхонгор аймагт ямар өвчин зонхилон тохиолдож байна вэ?
-Манайх анх элэг, цөсний өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх зорилготой нээгдсэн. Тухайлбал, элэгний архаг болон хурц үрэвсэл, цөсний зогсонгишил, нугаларалт, нойр булчирхай, ходоод, хоол боловсруулах замын өвчтөнүүдийг авдаг байсан. Сүүлийн үед тусгай зөвшөөрлөөр дотрын чиглэлээр эмчилгээ хийж байна. Үүнд зүрх судас, даралт ихсэх, бөөр, дайврын өвчнүүд ордог. Үүн дээр давхар сэргээн засалт гэдгээрээ давуу талтай. Даралт ихтэй, харвалттай хүмүүст дараагийн нөхөн сэргээлтээр хэвтэн эмчлүүлэх боломж байдаггүй. Тэгвэл манайд эмийн эмчилгээнийхээ хажуугаар нөхөн сэргээх эмчилгээгээ давхар хийлгэх боломжтой.
-Хараад байх нь хүмүүс хэвтэж эмчлүүлэхээс илүүтэйгээр өдрийн цагаар зүү төөнүүр их хийлгэх юм. Энэталаар...?
-Одоо хүмүүс эмийн бус эмчилгээг их хийлгэдэг болжээ. Зүү төөнүүр тавиулсан хүмүүс жил гаруй болсны дараа таниар зүү тавиулснаас хойш өвчнөө мартсан байна гэсээр ирдэг. Өнөөдөр хуурамч эм их гарч байна. Бараг бүх эмний 60 хувь нь хуурамч. Ер нь нойргүйдэл, үе мөч, нурууны өвчинд зүү төөнүүр сайн. Сүүлийн үед нурууны өвчин нэмэгдэж, улам залуужиж байгаа. Мөн нүүрний мурийлт ихэсч байна.
-Таны бодлоор юунаас болж нүүр мурийж, нуруу нь өвдөж байна вэ?
-Мэдрэлийн ядаргаанаас болж нүд цавчина, нүүр татаж, мурийж байна. 4-5 настай хүүхдүүд их ирдэг. Үүний шалтгаан нь компьютер, зурагт, гар утаснаас болж байна. Бага насны хүүхдүүд гар утсыг хаана нь дарвал зураг авдгийг мэдэж байна. Нурууны өвдөлт хувцаслалттай холбоотой. Тухайлбал, хүмүүс тэмцээнд орох, дасгал хийсний дараа хөлстэй гарах, хүйтэн цементэн хана налах, шатан дээр сууж нуруугаа өвтгөдөг. Мөн хоол хүнстэй холбоотой. MRI хийлгэхээр хүн бүр мэс засал хийлгэх оноштой ирж байна. Тиймээс эм тариаг физик эмчилгээтэй хавсрахгүй бол яагаад ч болохгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Р.ОЮУН