| |
Видео
Шинэ мэдээ
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ШИНЭЭР ГАЗАР ОЛГОХГҮЙ
Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэлийн хурлын үеэр "Нийслэлийн удирдлагуудад иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол их ирдэг. Нэг өглөө босоход хорооллын дунд газар ухаад, бизнесийн зориулалттай барилга барьдаг, нэг өглөө сэрэхэд цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдлыг зогсоож өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Бид НИТХ-аар "Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр батлуулсан. Иргэдийн аз жаргалтай амьдралын үндэс нь эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах явдал. Энэ эрхийг баталгаажуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын хувьд шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлээд нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зоорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барих ажлыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай авирмашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор 2-3 давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө.” гэлээ.
Захирамжийн хоёр дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт нэмж газар олгохыг хориглохоор заасан байна. Энэ талаар хотын дарга С.Батболд "Хэрэв сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэх зорилготой бол олгоно.” гэсэн юм.
Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой өмнө нь гарсан шийдвэр хууль зөрчсөн байвал хүчингүй болгохыг хотын дарга мэдэгдлээ. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн энэхүү шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер 12 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, Засаг даргын зөвлөлд танилцуулахаар болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.