|
Видео

Шинэ мэдээ

ХӨГЖЛИЙН БАНК: “Цүнх”-ний залуус нь “аавын хаалга” татаж, цаад эзэд нь сугарч үлдэх нь

ХӨГЖЛИЙН БАНК: “Цүнх”-ний залуус нь “аавын хаалга” татаж, цаад эзэд нь сугарч үлдэх нь

 

АН-ын экс удирдлагууд Хөгжлийн банкны залуучуудаар "туг тахих”-аар шийдсэн бололтой. Өнгөрсөн саруудад Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой маш олон ноцтой баримтууд нийтэд ил болсон нь уг хэргийн цаана АН-ын удирдлагууд сугарч, харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй амьдрал үзээгүй, зөвхөн дарга нарынхаа тушаал заавраар хөдөлж байсан "цүнх”-ний хэдэн залуучууд яллагдах нь хэмээн хардагдаж ирсэн юм.

 

Тэгвэл энэ нь ч үнэний ортой бололтой. Учир нь сэжигтнээр татагдаад байсан Н.Мөнхбатын хоригдох хугацааг хоёр сараар сунгаж. Энэ нь уг хэрэгт Н.Мөнхбатыг яллагдагчаар татсан гэсэн үг юм. Яллагдагчаар татагдсан бол түүний хэрэг тун удахгүй АТГ-ын ширээнээс прокурорын хяналтад шилжинэ. Харин прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх, дахин шалгуулах уу, хэрэгсэхгүй болгох уу гэдэг нь шийдэгдэнэ. Гэхдээ энэ хэрэг хэрэгсэхгүй болно гэж л байхгүй байх.

 

Учир нь тэдний хийсэн балаг их. Ард түмний амьдрал өнгөрсөн дөрвөн жилд өдрөөс өдөрт үгүйрэн доройтож, идэх талх, хоногийн махаас ч авч дийлэхгүй шахам болж байхад дарга гэх сэтэртэй хэдэн "бацаанууд" төсвийн мөнгөөр туйлж явсан баримтууд олон нийтэд ил болсон. Сануулбал, дээл өмссөн ажилчнаа урамшуулсан, гадаад томилолтын хэтэрхий гэхэд арай л хэтэрхий тансаглалууд, төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх боломж бололцоо гээд наад захын шалгууруудыг нь огт тодорхой болгоогүйгээр зээлийг эмх замбараагүй тараасан. Мөн алдаатай тушаал шийдвэрээс болж улс их хэмжээний алдал хүлээсэн гээд тоочоод барахгүй их "но" илэрсан байдаг. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн нь саяхан.

 

Тиймээс АТГ-аас Н.Мөнхбат тэргүүтэй залууст Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж байгаа юм.

Н.Мөнхбатыг яллагдагчаар татсан нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаярт өгч буй "дохио” ч байж болзошгүй. Учир нь сайд асан Н.Батбаярын хэргийг Хөгжлийн яамны экс удирдлагуудын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлсэн. Ингэснээр Н.Батбаярыг ч мөн яллагдагчаар татаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

Сайд асан Н.Батбаяр нь "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Тэгэхээр нэг хэргээр шалгагдаж байгаа Н.Мөнхбат, Н.Батбаярын нарын Н.Мөнхбат нь яллагдагчаар татагдсан нь Н.Батбаярт өгч буй хуулийнхний сануулга ч байж болзошгүй.

 

Уг хэргийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч тайлбар хийгээд байгаа. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ "Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

 

Тэгэхээр төсвийн мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүд хариуцлага үүрэх нь тодорхой байна. Харин эцсийн раундад ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус "аавын хаалга" татсанаар асуудал өндөрлөх дүр зураг харагдсаар л.

 

 

 

Б.Анир /ZALUU.COM/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler