| |
Видео
Шинэ мэдээ
“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ САН”-Г СЭРГЭЭЖ, ТАВАН ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА
Монгол Улсын нийслэл Улаанбаатар "Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн. Энэ тухай өнгөрөгч өвөл дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж, нэгдүгээрт Улаанбаатар, хоёрдугаарт Дели, гуравдугаарт Бээжин хотуудыг оруулж байв. Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 25 дахин их байсан аж. Үүгээрээ 24, 21 дахин их Дели, Бээжин хотуудыг ардаа орхижээ.
Уг жил бүр уг асуудлыг ярьж, хэлж, бичиж ирсэн. Энэ дагуу мөнгө төгрөг ч хангалттай зарцуулсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүйг бид мэднэ. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч нэг нь ч үр дүнгээ өгөөгүй гэхэд хилсдэхгүй болов уу.
Монгол Улс Улаанбаатарыг утаагүй хот болгоход нийтдээ 300 тэрбум төгрөг зарцуулсан. Хөрөнгө мөнгө хангалттай байсан ч бодлого шийдвэр нь буруу байснаас өдгөө агаарын бохирдол нэг хувиар ч болтугай буураагүй юм. "Цэвэр агаар” төсөлд нийтдээ 100 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэгддэг. Харин энэ төсөл дээр ажиллаж байсан хурган дарга нар нь идэж уусан хэргээр аавын хаалгыг татаад байгаа. Түүнчлэн утаагүй зуух төсөлд ч багагүй мөнгө хөрөнгө зарцуулсан ч айлууд нүүрсээ түлсээр, утаа гарсаар байгаа.
Тэгвэл ирэх дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгийн болоод, Нийслэл хотын шинэ дарга нар юу хийх вэ?
Энэ асуултыг иргэд сүүлийн өдрүүдэд асуух боллоо. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад Нийслэлчүүд дийлэнх саналыг өгсөн. Тиймдээ ч Улаанбаатар хотын хамгийн том асуудал болох утааг шийдвэрлэх нь МАН-ынхны хийх чухал ажил юм.
Өдгөө утааны улирал эхэлж байхад хотын удирдлагууд тодорхой зүйлийг хэлээгүй байна. Тэгвэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах санг эргэн сэргээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүнд нийт таван тэрбум төгрөг төсөвлөхөөр болсноо мэдэгдээд байна.
Б.Сансар
olloo.mn