|
Видео

Шинэ мэдээ

МАРКЕСЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ

МАРКЕСЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ

 

Үнэн худлыг нь мэдэхгүй, Аким гэдэг бол "Азиатский Коммунистический Интернационал Молодежи” гэсэн байгууллагын нэрийн товчлол гэж сонссон юм даг. Ийм хачин нэртэй хүн "Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулахаас өмнө би Гарсиа Маркес гэж сонсоо ч үгүй байв. Горькийн сургуулийн нэгдүгээр курст очоод байсан жаал тэрхүү ер бусын гайхалтай номыг ер бусын гайхалтай орчуулгаар уншиж дуусмагцаа цуг сурч байсан монгол ах нартайгаа хөөрч бахадсан сэтгэлээ хуваалцахыг оролдтол, хэнд нь ч тэр ном огтоос таалагдаагүй байж билээ. 

 

Дараа нь, "Зуун жилийн ганцаардал”-аас гадна бас өгүүллэгүүдэд нь Нобелийн шагнал олгосныг дуулаад Маркесын өгүүллэгүүдийг уншсан. Нобелийн шагналд цохон дурдагдсан өгүүллэгүүд нь гурван л нимгэхэн ном байдаг. Тэдгээрийн дотор 5-6 гоё өгүүллэг бий. Харин "Хурандаад захидал ирэхгүй”, "Гэнэн цагаахан Эрендира, өрөвч сэтгэлгүй эмээ хоёрынх нь тухай ер бусын бөгөөд гунигт түүх” хэмээх хоёр тууж нь сайхан шүү. Нобел авснаасаа бүүр сүүлд, 1990-ээд онд хэвлүүлсэн "12 өгүүллэг” бол ёстой биширмээр түүвэр дээ. Уншаад догдолсондоо үхчихмээр, тийм гоё өгүүллэгүүдтэй. Тэр өгүүллэгүүдээс би Маркэс бол Фолкнэр, Борхэс хоёрыг нэгтгэчихсэн юм шиг л зохиолч гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн юм. Борхэс минь сохроогүй бол, Фолкнэр минь Латин Америкт төрсөн бол ч гэмээр... 1996 онд найз Л.Алтангэрэл маань Хавай руу яваад ирэхдээ "Of Love and Other Demons”-ыг авчирсан байв. "Чи наадхиа орчуул, би чамд шагнал өгнө” гэж ятгалаа. Ингээд "Өчигдөр” сонин уг романыг цувралаар нийтэлсэн сэн...

 

Хожим нь, 2004 оны өвөл, "Арван зүүдний өр” хэмээх бэсрэг романыхаа гар бичмэлийг бариад Аким ах дээр очив.
-За, та ч Борхэс шиг Үндэсний номын сан тэргүүлээд л... гэвэл тас тас хөхөрч байна. Сайхан инээсэнд нь зоригжоод, 
-Та энэ нэг юмыг уншиж үзээд хэвлүүлж болмоор санагдвал өөртөө төвөг удалгүй, гар хурууныхаа үзүүрээр өмнөх үг бичээд өг. Болмооргүй бол хамаагүй ээ, гомдохгүй гэлээ. 

 

Мань эр үг бичсэн шүү. "Маркестай монголчуудыг анх танилцуулсан, миний л хувьд тэр аугаа зохиолчийн Монгол дахь бие төлөөлөгч шиг санагддаг хүн маань хэвлүүлж болно гэж үзжээ. Надад өөр юу ч хэрэггүй” хэмээн би өөртөө хэлж билээ.

 

Гүн Г.Аюурзана

https://www.facebook.com/Gun.Ayurzana/phhttps://www.facebook.com/Gun.Ayurzana/photos/a.447373275362384.1073741828.385699864863059/926352110797829/?type=3&theaterotos/a.447373275362384.1073741828.385699864863059/926352110797829/?type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler