| |
Видео
Шинэ мэдээ
Ухаан төгөлдөр их Ринчен танаа
Тэнгэрээс оршоож өгсөн гэрээс хэмээн Тэр чулуун сийлбэрт би залбирав.
/Б.Ринченгийн хөшөөний өмнө шивсэн үг ийм болов/
Хагас зууны тэртээ (1963) түмэн тоогоор (10,000) "Үүлэн зардас” хэмээх
гар бичлэгээр хэвлэсэн номын оршил болгон билгүүн номч Бямбын Ринчений
бичсэн үгийг уншаад ой санамжид минь шингэн үлдсэн олон дурсамж тодроод
ирдэг юм байна. Тэрбээр холын энэ хязгаар нутаг-Увст лавтайяа хоёр удаа
морилон ирж, өнөр олны дунд явж, өв их хэл соёлоо бэдрэн судалжээ.
Ийм нэгэн хууч яриа үлджээ. 1955 онд Чехословакийн эрдэмтэн (монгол
судлаач) Павел Поуха- тай хамт Б.Ринчен Увс нутгаар аялж, судалгаа хийж
явахдаа Түргэн сумын ард Эвэгийн Намлинтай уулзаж, гэрт нь зочлох үеэрээ
хоол хийж өгөх болсонд гэрийн эзэн "Тутаргаар хоол хийж өг” гэж
гэргийдээ хэлсэн юм байна. Тэрхүү тутарга гэдэг ганц үгийг сонсоод
Б.Ринчен, П.Поуха нар ихэд олзуурхан, "Монголчууд цагаан будааг ингэж
айхтар оновчтой нэрлэж байсан байна шүү дээ (бутархай, тоо томшгүй гэсэн
утгаар нь)” хэмээн дэвтэртээ бичиж авч байсныг тэнд хамт байсан хүмүүс
хожим хүүрнэж билээ.
Улаангомд энэ хоёр эрдэмтэнтэй хийсэн уулзалт дээр 500 гаруй хүн
цуглаж, Монголын түүх соёлын тухай элдэв сонин юм яриулсныг тухайн үеийн
аймгийн сонинд бичжээ. Б.Ринчен энэ удаа аялахдаа Түргэн сумын нутагт
буй Түргэний голын дэргэдэх тариан талбайг үзэж, тариа тарьдаг талбай
(поле)-г энэ нутгийнхан "тариг” хэмээн нэрлэдгийг мөн олзуурхан
тэмдэглэж авсан бол тус сум нэгдлийн дарга асан Тангадын Пүрэвтэй зөвлөж
эрдэмтэн Поухад нэхий дотортой монгол дээл, үнэгний арьсан малгай
(лоовууз гэх) хийлгэн өмсүүлсэн гэж мөнөөхөн даргын ярьж байсныг түүний
хүү, монгол хэл уран зохиолын багш П.Лхагваа эдүгээ дурсаж байна.
Уг фото зургийг аймгийн гэрэл зурагчин Хулиан Чавганц татаж угааж өгсөн
бололтой. Б.Ринчен 1966 оны дундуур Увс аймагт зочилж, цөөн тооны
хүнтэй уулзалт хийж, Да лам Цэрэнчимэд хэрхэн Дэжайлинд (Хяргас суманд)
ирсэн, хамгийн сүүлд дагуул хүнээсээ надад зориулсан гүглээ өг дөө гэж
хэлж тэр юмыг нь идээд үүрд унтсан тухай цухас хүүрнэснийг нь би
сониучирхан сонсож билээ.
(Тэр гүгэл гээч нь зандан модны давирхайд найруулсан хор гэж сонссон
дог) Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд Богд хааны
зарлигаар бичүүлсэн үг нь "Их Монгол улсын наран гэрэлт, түмэн наст Богд
эзэн хааны зарлигийн сайд Чин сүжигт Да лам Цэрэнчимэд болбоос элдэв
хэрэгт чармайн зүтгэж явсаар тулгар төр байгуулахад ихэд зүтгэн их
гавьяа байгуулсан бөгөөд шашин ба улсын төлөөнөө хичээгээд албанаа
зүтгэн амь биеийг умартаж явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий,
миний дотор их л энэрэн үзэж, нэхэж өргөмжлөн үнэн сайд чиний их журмыг
илэрхийлэв.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он. Таван сарын хориноо" гэснийг Б.Ринчен
биеэр үзэж, хүндэтгэл үзүүлснийг дагалдаж явсан хүн хүүрнэж билээ.
Мөнөөхөн даган явсан хүн Хяргас сумын төвд зочид залрах өргөөнд байтал
нь түүнээс "Авторучикны черниль байна уу. Би соруулмаар байна” гэж
асуучихаад зэмлүүлж, шоглуулж, ичихийн дээдээр ичсэнээ хүүрнэж байсан
сан. Хожим (1977 оны 3-р сард) нэг өдөр аймгийн НАХХ-ийн ажилтан Ганбат
гэгч намайг үдийн үед утсаар урин дуудаж, хамтдаа хоол идэхийг хүсэв. Би
ч дуртайяа очсон. Ондоо хоёр хүн байсан юм аа.
Лавтайяа миний дотнын анд, санхүүч Пэлжидийн Баттөмөр байсан сан. Бид
тэр хүний бийлэгжүү өгсөн хоолыг амтархан зооглоод гарсанд машинаар ойр
зуур газар хэсэг явах юм боллоо. Тийн явах зуураа "Та нар Б.Ринчен гуайг
хэр мэдэх вэ?” гэж асуулаа. Бид ч мэдэх хэмжээгээр гүнээ хүндэтгэж
явдгаа илэрхийлцгээсэн санагдана. Тийн явсаар ажил тарах үеэр биднийг
явууллаа. Тэр хүний сайхан зантай байгааг гайхасхийн хоцорсон. Сүүлд
мэдэхнээ Ринчен зохиолч нас барж, Улаанбаатарт оюутнууд үймээн гаргахыг
оролдсоноос үүдэн, орон нутгийн бид мэт дэврүүн сэтгэлт, дэмий үгтүүдийг
даалгавар ёсоор тандаж байснаа тагнагч маань бор хожуу надад шивнэж
билээ.
* * *
Тэр он жилүүд тэртээ хойно үлдсэн ч гэсэн тэнгэрлэг энэ хүний суу
алдар, сураг дуурсал нь амьдаараа, шинээрээ амьдарсаар байна. Б.Ринчений
дурсгалыг мөнхжүүлэхийн төлөө эдүгээ Соёлын гавьяат зүтгэлтэн Готовын
Акимын үнэ цэнэтэй санаачилга зүтгэл гаргаж, уйгагүй явсны эцэст билгүүн
номчийн биет дурсгал-хөшөө нь Улсын төв номын сангийн ордны үүдэнд гүн
бодлогошролоо түгээсээр зочилж байна
Суу билигт энэ хүний дурсгал түүхийг нь мөнхлөх, бичиглэн үлдээхийн
төлөө олон сайхан билигт хүмүүс хичээнгүйлэн гүйцэтгэж явааг онцлох
ёстой. Г.Аким 1990 онд эмхэтгэж эрхэлсэн "Билгүүн номч Бямбын Ренчин”,
"МаркТвений минь махыг нь идэж дээ” хэмээсэн хоёр ном хүндтэй байранд
байх болно. Энэ номд үг-дурсгалаа үлдээсэн олон хүний алттай зүйрлэх
хичнээн сайхан дурсамжууд байна вэ?!
"Хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхэлнэ” хэмээн Б.Явуухулан
тунхагласан бол Жамцын Шагдарын "Улаанбаатарын ганц монгол хүн”
хэмээснийг улс Монголын ганц монгол хүн байсан хэмээн нэммээр чиммээр...
Энэ бүх ном дурсамжийг эдүгээ хэн хэрхэн уншиж дурсаж байна вэ гэж
бодогддогоо ч хэлье. Энэчлэн Ц.Цэрэн, Т.Галсан нар Б.Ринчений амьдрал,
бүтээл туурвилын талаар сайхан номууд бичиж хэвлүүлсэн нь дурсахуйн их
буян болжээ.
Тэрчлэн Монголын уран зохиолын академиас (Д.Пүрэвдорж нар) эрхлэн 2002
онд хэвлүүлсэн XXI зууны судар таван ботийн хоёрдугаарт оруулж
хэвлүүлсэн (буруу номтнууд), Б.Ринчений захидал (Н.С.Хрущев, Ю.Цэдэнбал
нарт бичсэн захидал, түүнд өгсөн хариу) шүлэг бүтээл нь Б.Ринчений
ухамсарт амьдрал, эх орноо бүхнээс дээдэлсэн өндөр ёсзүй, намтар гавьяаг
судлахад үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болох ёстой буй за. Б.Ринчений
амьдрал, уран бүтээл үнэндэз амьд домог болсон шүү дээ. Энэ домог хэзээ ч
хуучрахгүй гандахгүй.
1972 онд Москва хотод хэвлэгдсэн Б.Ринченик "Принцесса и другие
новеллы” номыг би уншигчийн хувиар чухалчлан хадгалж, хааяа "салхи
оруулж” байдаг юм. Үүни( учир бол уг номыг чанар, өнгө үзэмж
(дизайн)-ний хувьд маш сайхан хэвлэсэн нь нэгийг сануулдаг. Энэ он
жилүүд бол Б.Ринчен "Заан Залуудай”, "Их нүүдэл” зэрэг романаа бичиж
хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн монгол-орос хэлний толь бичгийн хавсралтыг
намнаж устгах дажин өрнөсөн он жилүүд байлаа. Энэ бүхнийг дурсан ярихын
завсарт Б.Ринчений сууих билиг авьяас, эх оронч эр зориг зэргийг
бахархан байж өөрийгөө гололгүй ийм нэг шүлэг бичиж байлаа.
Б.РИНЧЕНД БАРЬСАН ХАДАГ
Их ухаантныг магтана гэхээс Ичиж эмзэглэж бодол ээдэрнэ.
Эх орноо гэсэн сэвгүй сэтгэлийг нь
Эгэл олондоо хэлье гэхээр чансаа дутна
Чихэнү чимэг бологсон
Аялгуу яруу монгол хэлнийхээ төлөө
Чин зоригтон явсан Таныгаа
Амьддаа бишрэхгүй бол амьдын утга юун болох
Үхширсэн, үжирсэн бүхэнд
Үг тань "шүүхийн тогтоол” байсан
Үнэн, ард түмэн хоёрт
Үзэл тань рашаан хур байсан
Эрдэм билгийн оргилд Та
Эцсийн цэг тавилгүй мацсан
Энэ дэлхийд монголын нэрийг
Эрэлхэг Та сэвтээлгүй түшсэн
Гай, гавьяа хоёрыг ялгахуйяа бэрх
Галзуу улаан цагт Та зүдэрч амьдарсан
Галд дулаацахаас илүү үнэнд дулаацаж
Гариг дэлхийдээ Та бүтэн үлдсэн
Ямар ч мапгаал, хараалд бүдгэрэхгүй өндөрт
Ялгуун ухаанаараа Та ашид гэрэлтэн оршму
Энэ Монгол хэмээх их оргилтой хамт
Эрхэм Таны нэр, дүр хоёр ашид сүндэрлэмү.
1989-1990 он
2015.05.29 /Улаангом хот/
Эх сурвалж: "Утга зохиол,урлаг" сонин