"Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод эхэллээ. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Монгол Улсын БОАЖЯ, "Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид 3 өдрийн турш Улаанбаатар хотод чуулна.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу "nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулж, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд "өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улс жилдээ 400 мянга орчим жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3,2 хувь, нийт экспортын 3,6 хувийг тус тус эзэлж байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс дэлхийн 140 орноос 99-д, Ази, Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байгаа юм.
Анх 2015 оны зургадугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотод болсон уулзалтын үеэр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд "Нүүдэлчдийн замаар аялахуй” төслийг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон дэмжиж ажиллах санал тавьсан байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ "Монгол орон бол нүүдлийн аялал жуулчлалын өлгий нутаг юм. Монголчуудын байгуулсан төрт улс, эзэнт гүрнүүд хүн төрөлхтөн, ард түмний харилцан ойлголцол, соёл, шинжлэх ухааны солилцооны гүүр байсан домогт худалдааны зам болох торгоны замыг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ. Тиймээс энэ удаагийн олон улсын бага хурал Улаанбаатар хотод болж байгаад бид баяртай байна. Засгийн газраас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтын биелэлтийг хангаснаар 2020 он гэхэд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт 90 дүгээр байрт урагшилж, Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэхээр төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Монголчууд 2000 гаруй жилийн өмнөөс торгоны замтай холбогдож, Их Монгол Улсын нөлөөн дор энэ зам улам цэцэглэн хөгжсөн түүхтэй. Торгоны зам зөвхөн худалдааны зам төдийгүй, харилцаа холбоо, технологи, шинжлэх ухаан, соёлыг дамжуулан, түгээх дэлхийн гол судас, гүүр болж байсан юм. Дорно, өрнө, өмнөд, умардыг холбосон торгоны замыг дагасан түүх соёлын үнэт дурсгалууд эдүгээ хүртэл үлдэж хоцорсон байдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр шинэ утга агуулгаар өргөжин баяжуулж, өрнө дорныг дахин уулзуулах "Торгоны зам” хөтөлбөрийг бид хамтдаа хэрэгжүүлэх гэж байгаа нь туйлын ач холбогдолтой. Хөтөлбөрийн идэвхтэй оролцогч байхын тулд бид аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлж, жуулчдад ээлтэй хот болохыг зорьж байна. Бид Зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болох зорилтыг өмнөө тавьсан. Энэхүү хурлаар бид харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцаж, олон боломж нээгдэнэ гэж найдаж байна. Улаанбаатар бол залуу, эрч хүчтэй, метрополис хот. Улаанбаатар бол уламжлал өв соёлоо хадгалж, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа орчин үеийн хот. Уулсаар хүрээлэгдсэн ногоон хот. Улаанбаатар бол амар амгалан, аз жаргалтай иргэдтэй, аюулгүй хот гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.
Мөн Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг "Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Тиймээс энэ удаагийн хурлаар дамжуулж, Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгалдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсад ирэхэд айх аюулгүй, аюулгүй байдал талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр хамтдаа ярилцъя гэж бодож байна” хэмээлээ.
"Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.