|
Видео

Шинэ мэдээ

Байнга төвийг сахих Ерөнхийлөгчийн санаачилгыг Ардын намынхан дэмжих үү?

Байнга төвийг сахих Ерөнхийлөгчийн санаачилгыг Ардын намынхан дэмжих үү?

 

Гадаад ертөнцөд том гүрнүүдийн түвшинд олон улсын харилцаа тун ч эвгүй түвшинд хүрч очлоо. Манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин Сирийн асуудал дээр үл ойлголцоогүйгээс шалтгаалан хүйтэн дайны дараагаар Орос, Америкийн хооронд байгуулж байсан нэгэн чухал гэрээг хүчингүй болгож буйгаа зарлаад байна. Ингэснээр цөмийн цэнэгт хошуунд плутони хэрэглэхийг хориглож байсан хоёр том гүрний тохиролцоо агаарт замхарч хоёр гүрний харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн хурцадмал үедээ ирлээ хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ.

Нэг нь Монголын мөнхийн хөрш, нөгөө нь манай ардчилал, зах зээлийн нийгмийн жишээ болж хувирсан гуравдагч хөрш. Тиймээс шинэхэн эрх баригчид маань үүсээд байгаа тун ч эвгүй нөхцөл байдал дунд аль нэгэн улс гүрнүүдийн бүлэглэлийн хориг, хар жагсаалтад орчихгүйхэн шиг хол, ойрын хөршүүдтэйгээ аятай, тухтай харилцаж гадаад бодлогоо хэрхэн залуурдаж явах бол гэдэг нь сонирхол татна.

Парламентын сонгуулийн үнэмлэхүй ялалтын үр дүнд байгуулагдсан МАН-ын Засгийн газар одоогоор бүх л хөршүүд, дипломат харилцаатай орнуудтайгаа эвтэйхэн харилцаж, ая эвийг нь олж хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн таатай харилцаагаа өргөжүүлэх гэж хичээж байна.

Гэтэл олон улсын байдал энэ хэвээрээ удвал, Орос Америк хоёр гүрний харилцаанд нааштай байдал ажиглагдахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлж байсан, дотооддоо шийдэгдээгүй байгаа хэрнээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс бараг л манай улс төвийг сахих статустай орон болж хувирсан гээд зарлачихсан Байнга төвийг сахих санаачилга гэгч нь магадгүй хэзээ нэгэн цагт хөндөгдөх болно. Гагцхүү Монгол Улсын эрх ашигт бүх талаараа нийцсэн эсэхийг өнгөрсөн парламентаар тунгааж нэгэнт хууль болж батламжлаагүй тул үүнийг одоогийн парламент шийдэх магадлал өндөр байна. Тэгвэл саяхан Ерөнхийлөгч маань сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээрээ энэ тухай дурдаад авсан юм. Сэтгүүлчдийн дундаас "Таны Монгол Улс төвийг сахих ёстой гэсэн байр суурь хэвээрээ юү? Эсвэл ухарсан уу?” гэсэн асуултад Ерөнхийлөгч маань "Төвийг сахих тухай гэж байна. Хуулийг нь өргөн барьчихсан байгаа. Энэ бодлоосоо ерөөсөө татгалзаагүй. Монгол Улс бол төвийг сахисан улс гэдэг энэ зүйлээ Засгийн газрын түвшинд, ҮАБЗ-ийн түвшинд тунхаглачихсан байгаа шүү дээ” хэмээн хариуллаа.

Тэгэхээр дордуулж ойлговол энэ санаачилга Ерөнхийлөгчийн бодлын түвшинд, дээрдүүлж ухаарвал Засгийн газар, ҮАБЗ-ийн түвшинд тунхагласан байгаа аж. Тухайн үед бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламент Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг түүний байнга л санаачилж байдаг олон санаачилгын нэг мэтээр хүлээж авч, хэлэлцэлгүй өнгөрөөсөн нь нууц биш. Ерөнхийдөө Монгол Улсын ирээдүйд асар том нөлөө үзүүлэх энэхүү санаачилгыг зөв, буруу эсэхийг нэг хүний бодол санаа, нөлөөллийн хүрээнд шийдүүлэлгүй үлдээсэн нь цаг хугацааны хувьд зөв шийдэл ч байсан байж мэдэх. Лав л тухайн үед байсан ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь одоо өөрчлөгдсөн. Ерөнхийлөгчийн хэлж байгаа шиг ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн болох М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар тунхаг байдлаар хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Тэр хоёроос түрүүлээд хоёр хөрш Орос, Хятад лав толгой дохиж зөвшөөрөөгүй, эргэлзээтэй хэвээр үлдсэн.

Гэтэл энэ санаачилгыг улс орны гадаад бодлогын түвшинд голлох чиг өнцөг болгох, эсхүл ийм зүйл байхгүй гэдгийг илтгэж орхигдуулахын тулд юун түрүүнд УИХ-аар хэлэлцүүлж дэмжин, батлах ёстой байдаг. Одоо асуухаар эцэслэн батлагдаагүй боловч нэлээн дээгүүр хэдэн хүний түвшинд тунхаглачихсан л гээд байдаг.

Нэг ёсондоо олон улсын харилцаа эвгүйтэж байгаа нөхцөлд өөх ч биш, булчирхай ч биш болж хувирсан үүнийг нэг тийш нь шийдэхгүй бол болохгүй мэт. Ардын намын Засгийн газар тал тал тийшээ явж хөрөнгө, мөнгө гуйж л байна. Ийм ойлгомжгүй асуудлуудаа эвтэйхэн шийдэх хэрэгтэй гэдгээ тэд ч эхнээсээ ойлгож байгаа байх. Тэглээ гээд Ардчилсан намын засаглалын үе дэх сайн, муу бүхнийг оноосон нэр устай нь хүртэл халахаар мугуйдалж байгаа, хүүхэд харах үйлчилгээнээс өгсүүлээд бүх юмыг өөрчилж байгаа эрх баригчид Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжих болов уу яах бол?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler