|
Видео

Шинэ мэдээ

Санхүүгийн гүн гүнзгий хямралын үндсийг бид өөрсдөө л бий болгосон


Санхүүгийн гүн гүнзгий хямралын үндсийг бид өөрсдөө л бий болгосон

Эдийн засгийн нөхцөл байдал чухам яагаад ийм байдал руу орсон талаар улстөрчид хийгээд эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо, дүгнэлтээ хийж, хэлж ярьж байгаа. Тэгвэл М.Энхсайхан эрхэм дараах зүйлийг өгүүлж байна.”Монгол улс бол ОУВС-ийн аргачлалаар байгалийн нөөцөөр баян буюу "resource-rich”гэсэн ангилалд хамаардаг. Энэ ангилалд хамаардаг 51 орны 29 нь ядуу, дунд орлоготой орон юм. Байгалийн нөөцөөр баян гэж хэлэгдэх шалгуур нь ердөө л тухайн орны экспортынх нь 20-оос доошгүй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхад л хангалттай. Тиймээс бид өөрсдийгөө баян гэж андуурах хэрэггүй. Харин уул уурхайгаас хараат гэж ойлговол илүү зохилтой. Энэ ангилалд хамаардаг орнууд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн циклээс шууд хараат орон юм.

Дээрх орнууд циклтэй холбоотой үнийн савлагаанаас өөрсдийгөө хамгаалахын тулд нөөц сан байгуулж зах зээл дээр үнэ өндөр байх үед хадгалж, зах зээлийн үнэ унах үед нөөцөлсөн сангаа хэрэглэж байхыг эрмэлзэж ирсэн. Энэ талаар амжилтанд хүрсэн орон нэлээдгүй бий. Тухайлбал Нидерланд 800 тэрбум ам.доллар, Чили 25 тэрбум ам.доллар нөөцөлж чадсан байдаг. Нөөц сангаа үрж үрэгдүүлэхгүйн тулд тухайн сангуудаа Тэтгэврийн сан гэж нэрийдсэн нь тус боллоо гэж мэргэжилтнүүд нь хэлж байнлээ. Тэтгэврийн санг үрэн таран хийхийг улс төрчид, олон түмэн сонирхдоггүй юм байна.

Монголд арваад жилийн өмнө зах зээлийн савлагаанаас хамгаалах зорилготой ийм төрлийн сан байгуулах гэж оролдсон юм. Хадгалах ёстой мөнгөө үрчих сонирхлыг нь өдөөхгүй байх үүднээс тэр үед сангаа "Зовох цагийн сан” гэж нэрлэе гэсэн боловч дэмжлэг авч чадаагүй. Харин үүний оронд "Хүний хөгжлийн сан” бий болж мөнгөө хадгалах биш үрэх сэтгэлгээ гаарсан юм. Цуглуулсан мөнгөө үрэн таран хийгээд зогсоогүй өр, зээл авч энэ сангийн нэрийн өмнөөс нэмж цацсан. Суперцикл төгсгөл болсон энэ цаг үед бидэнд уналтыг зөөллөх ямарч хэрэгсэл байхгүй байгаагаараа бусад ижил төрлийн орнуудаас Монгол ялгаатай байгаа юм. Манайхаас арай дээр нөхцөлд Нигер улс байгаа бололтой юм.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ богинохон хугацаанд унаж сэргэсэн байдаг. Тэр үед ч Монгол улс зах зээлийн үнийн богинохон хугацааны уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн гадаад шокноос гарахын тулд ОУВС-аас туслалцаа авч байсан байдаг. Тэр үед ч монголчууд бид зөв дүгнэлт хийж, бодлогоо өөрчилж чадаагүйгээр барахгүй улсын төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлж, Хөгжлийн банк байгуулж төсвийн зарлагын хажуугаар зардлаа олон дахин нэмэх алхам хийсэн байдаг. Улмаар ирээдүй үеэ барьцаалж бонд босгож зөв буруу гэж яригдах олон төсөлд зарцуулсан. Санхүүгийн гүн гүнзгий хямралын үндсийг бид ингэж өөрсдөө бий болгосон. Нэг л юмыг тооцоогүй. Зах зээл урт удаан хугацаагаар унаж мөддөө сэргэхгүй байх тийм цаг ирнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Энэ удаагийн циклийн уналт үргэлжлэх хугацаагаараа урт, үзүүлэх нөлөөгөөрөө тогтвортой сөрөг байхаар байгаа нь манай эдийн засгийн байдлыг маш эрсдэлтэй байдалд оруулж байгаа юм.” гэж байна.

Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler