| |
“УБТЗ”-ын дарга хэн болох вэ?
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам”-ын ерөнхий хорооны хурал өчигдөр Москвад товлогдов. Хурлаар зургаан асуудал хэлэлцэхийн дотор "Улаанбаатар төмөр зам”-ын дарга болон ерөнхий инженерээр хэнийг томилохыг шийдэх байв. "УБТЗ”-ын шинэ даргаар хэд, хэдэн хүний нэр дуулдаж эхэлсэн.
Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Л.Халтар нарын нэр яригдаж байгаа бол одоогийн дарга Л.Пүрэвбаатар ч албан тушаалдаа үлдэх сонирхолтой байгаа гэх. Мөн энэ албан тушаалд томилогдож магадгүй гэлцэж буй УИХ-ын гишүүн асан Д.Загджав Москва руу ниссэн тухай ч яриа байна.
Хурлын шийдвэр өчигдөр 23:00 цагийн орчимд гарах төлөвтэй байгааг холбогдох албаныхан мэдэгдсэн юм. Тэгвэл энэ хуралтай давхцаж, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдэгдэл хийсэн юм. Тэд "МАН мэргэжлийн Засгийн газар, түүний харьяа бүтцийг бий болгохоо амлаж олон нийтийн саналыг авсан.
Гэтэл УБТЗ-ын даргаар төмөр замын салбарт туршлагагүй хүнийг томилохоор болсон улс төрийн тохиролцоо явж байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар ил захидал, санал хүргүүлсэн байна.
Б.Заяа
Зууны мэдээ