| |
Видео
Шинэ мэдээ
Э.Бат-Үүл: Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ
Сүүлийн сард над руу чиглэсэн дайралтууд ар араасаа цувлаа. Зоригийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт хууль зөрчин байж яллагдагчаар татлаа. Намайг нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлээр дамжуулан шаардлаа.
Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг "илчиллээ". Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг "завхруулсан" болохыг зарлалаа. Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй.
Үүнийг "Их эвсэл" гэхгүй бол өөр юуг "Их эвсэл" гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа "байгуулагдаж" байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг их эвсэл олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа?!
Би нийслэлийн намын даргын сонгуульт ажлаа өгөх тухайд бол өгнө. Нийтэд зарлачихсан шүү дээ. Дүүргүүдийн намын удирдлага болон төлөөлөгчид л намрын сонгууль өнгөртөл байж байгаач гэж хүссэн болохоор хүлээж буй. Үүнийг Элбэгдоржийн зөвлөх мэдээгүй гэхгүй.
Алтанхуяг болон түүний албатууд болох Алтангадас "ханлиг"-ийн зүгээс намын бүлгийн дотоод бичлэгийг нийтэд "алдаж" намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бас бий.
Юуны өмнө тодруулахад, цэвэр мажоритар тогголцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. Тэр намайг мажоритараас болиулах гэж "Ардчилсан нам хол зөрүүгээр ялагдах аюултай" гэх зэргээр ятгаад дөнгөөгүй. Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!
Алтанхуяг, Элбэгдорж нар сонгуулийн ялагдал нь мажоритар тогтолцооноос болсон мэтээр нотлох гэж байгаа нь огт үндэслэлгүй. Энэ тогтолцоогоор чинь бид, 96 оны сонгуулиар МАН-ыг ялж байсныг намын гишүүд маань мартчихаагүй. Тэр сонгууль 70 гаруй жил эрх барьсан МАН-ын хувьд ёстой "улс төрийн цунами" байсан юм. Тэгэхэд МҮАН, МСДН гэсэн хоёр нам хамтарч орсон боловч эв нэгдэлтэй байж чадсан учраас ялсан.
Харин энэ удаад бид нэг нам болчихсон хэрнээ доторх фракц мэтээр эндүүрэгддэг олон ханлигийнхаа хагаралд нэрвэгдэж сонгуульд орсон. Ямар сайндаа хагарал нь гадагшлаад сонгуулийн тойрогт гарч МАН-тай биш хоорондоо үзэлцэж байхав. Ардчилсан нам ялагдсан гол шалтгаан ердөө л дотоодынх нь тэмцэл. Харин энэ тэмцлийн анхных нь автор Алтангадас, одоо болохоор өөрийгөө нуугаад намайг гүтгэж байна!
Үнэндээ манай намд Алтангадас хэмээх фракц мэндэлсэн тэр өдөр инстүүцийнхээ хувьд намын доройтол эхэлсэн өдөр. Урьд нь МоАН ч байх үед, МҮАН ч байх үед нам дотор фракц байдаг л байсан. Гэхдээ Алтангадас шиг нам доторх нам, нам доторх ханлиг, ванлиг болчихсон, байнга намаа рэкетлэж байдаг фракц байгаагүй юм. Энхсайхан "Алтангадас Ардчилсан намыг сүйтгэнэ" гэж үзмэрч шиг хэлж байжээ! Алтангадасыг фракц гэх нь дэндүү соёлтойгоор өргөмжилсөн хэрэг.
Тэр бол угтаа Алтанхуяг хэмээх удирдагчтай дундад зууны ханлиг юм. Дотроо заваарсан муухай шатлан захирах ёс бүхий. Гишүүд нь нэг харахад вангийн албат аятай, арай орчин үежүүлээд харвал коммунист намын гишүүд шиг. Ийм дорой буурай улсуудыг цуглуулаад хүч өгч чадсан нь аргагүй л Алтанхуягийн чадвар.
Алтангадасчууд намынхаа төлөө биш Алтанхуягийн төлөө хүчин зүтгэсээр Ардчилсан намыг барьцаанд оруулсан нь намын бусад лидерүүдэд үлгэр дуурайлал болсон. Ийнхүү МоАХ, "Шонхор", "Нэг ардчилал", "МоАН" зэрэг ханлиг, ванлигууд нам дотор ар араасаа цувран бий болсон. Тэгээд бид сонгуульд ороход нам маань хэрэйд, мэргид, татаарын "орондоо орох завгүй олзлолдон булаалдах" өвөр хоорондын тэмцэлд туйлдсан 13 дугаар зууны Монгол шиг болчихсон байлаа.
Хоорондын хорсол дэндүү байж. Ямар сайндаа алтангадасчууд, миний болон нэр дэвшээгүй хүүгийн маань эсрэг далдуураар Ардын намд хүч хавсарч ажилласан байх вэ дээ?!
Тэгэхээр дахин хэлэхэд сонгуулийн ялагдлын гол шалтгаан сонгуулийн тойрогт гарч очсон нам доторх дотоодын тэмцэл юм шүү! Ардчилсан нам эв нэгдэлтэй үедээ тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан ялж ирсэн түүхтэй.
Надад ямар нэг фракц энэ тэр байхгүй, бусад фракц шиг Алтангадастай булаацалдах зүйл үгүй. Ерөнхий сайдаас огцруулах ажлыг хошуучилсанд Алтанхуяг надад өс санадгийг би мэднэ. Ганцаараа дур мэдэн өөр намтай сонгуулийн тойрог хуйвалдан хуваасан хэний ч эсрэг би явах л байсан. Алтанхуягийн өс хонзон Алтангадасын өс хонзон болж, хаврын сонгуулиар гараад одоо дүүргийн сонгуулийн өмнө үргэлжилж байгаа нь үнэхээр зэвүүн!
Ардчилсан намыг хагалахад Аптангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авлигатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил эхэндээ олны талархлыг хүлээсэн сайн ажил байсан. Гэтэл явсаар авлигатай тэмцэх ажлаа алагчилж явуулаад байгаа нь харагдав. Ардчилсан намын гишүүд ээлж дараагаараа авлигын хэрэгт холбогдон байцаагдах болов.
Араар нь Ардын намын гишүүд УИХ-аар өмнөх болон өнөөгийн хэргүүдээ хэлтрүүлэх өршөөлийн хуулиудыг батлуулж байлаа. М.Энхболд болоод түүний нөхөд "цэвэр" биш гэдгийг ард түмэн тэр тусмаа нийслэлийнхэн гадарлана. Гэтэл Элбэгдоржийн ялгаварлал, авлигын тэмцэл Ардын намын даргыг нөхөдтэй нь энэрэн хаацайлах атлаа Ардчилсан намынханд галтай, цогтой бууж байсан учир юу вэ хэмээх асуултыг өөрийн эрхгуй төрүүлсэн?!
Үүний хариуг Элбэгдорж л мэднэ. Яадаг ч байлаа гэсэн Ардчилсан намыг бужигнуулж дөнгөсөн. Намын доторх хагарал дайсагналцлын хэмжээнд хүрээд тойрог дээр очин далдуур эрэгчин эмэгчнээ үзэлцэхэд хүргэсэн нэг шалтгаан энэ болой.
Тэгээд, одоо надаас, Элбэгдоржийн зөвлөх нь намаа ялагдуулсан дарга ажлаа үтэр түргэн өг гэж дүүргийн сонгуультай давхцуулан нийтийн өмнө нэхэж байна.
Алтанхуяг, Элбэгдорж нарын над руу чиглүүлсэн ажиллагааг Ардын нам "сэвээд" өгөх нь ойлгомжтой. Тэгээд Су.Батболд-оор ахлуулан, миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах аянг эхлүүллээ.
Дахин төлөвлөлтөд оролцсон зарим нэг компанийн хариуцлагагуй байдлаас хохирч болзошгүй, тэгээд тэвдэж буй иргэдийг ашиглан намайг муучилж байна. Мэдээж дахин төлөвлөлтөөр хашаагаа орон сууцаар солиод ая тухтай амьдралаа эхлүүлж чадсан 800 гаруй иргэн өөрийн хэрэг бүтсэн учраас дуугарахгүй л дээ. Харин чадаагүй иргэд нь гомдолтой байгаа. Гэхдээ тэд улс төрийн тоглоомын золиос болж улам гарцгүй аюул руу явж байгаагаа ойлгохгүй байгаад миний санаа зовох юм. Дүүргийн сонгууль өнгөрнө, тэд хаягдана. Хаядаггүй юм аа гэхэд хашааны газар нь Батболд, Сандуйн багийнхны бизнес болно гэдгийг мэдэхгүй байгаа.
Ардын намынхан дахин төлөвлөлтийн ажлыг хашааны эзэдтэй зах зээлийн зарчмаар тохиролцох хэлбэрээр хийхгүй, захиргаадалтын аргаар газар чөлөөлөн, иргэдийн бус дарга нарын сонголтоор тодорсон компаниудын барилгын бизнес болгож хувиргаад, түүндээ Хятадын зээлийг ашиглахаар бэлдэж байна. 12 оноос өмнө Ардын намынхан яг ийм ажил эхлүүлсэн байсныг нь би зогсоож хашааны эздийн санал дээр үндэслэсэн зах зээлийн зарчимд шилжүүлэн дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, эрэлт нийлүүлэлтийн инстүүцийг ажиллуулж эхлээд байсан юм. Үүнийг зогсоолгүй үргэлжлүүлэхэд энэ намар гэхэд 844 хашааны айл орон сууцанд орох байлаа.
Ардын намын хүйтэн сэтгэл яагаад ингэж байгаа оноод байдгийг одоо ч би гайхдаг юм. Ардын намынхан дүүргийн сонгууль өнгөрөөд амаа асуулгана гэдгийг мэднэ, гэхдээ ёстой үл тооно. Иргэд тэдэнд хүлцэнгүй ханддагийг андахгүй юм аа!
Миний эсрэг довтолж буй "Их эвсэлд" эхний ээлжинд өчих хариу ийм байна. Дахиад мэтгэх зүйл ч зөндөө. Тэр тухай дараа бичнэ.
Их эвслийн энэ удаагийн довтолгоо амжилт олох байх! Ямар ч байсан дүүргийнхэн болгоомжлоод намайг хоргоохоо байсан. Уг нь нийслэлийнхэн таны эсрэг биш намын эсрэг санал өгсөн, одоо та бидэнд хэрэгтэй байна гээд байсан юм! Тэгээд би нийслэлийн намын даргаа өгөхөө түр азнасан хэрэг. Нэгэнт хэрэг нь өнгөрсөн учир хурлаа зарлаад, нийслэлийн намын даргын албаа өгнө дөө.
Гэхдээ, би "Их эвсэл"-д бууж өгч байгаа юм биш шүү! Харин, шинэ тэмцэлд нэгдэнэ. Тэр жилийн 62-ын бүлгээр төрсөн олигархийн засгийг халах том өөрчлөлт манай нийгэмд удахгүй эхлэх гэж байна! Ард түмэн нийгмээ сорон мөлжиж буй цөөнхийн засгаас оролцоогоо нэхэж тэмцэх цаг ирэхээр дуулдаж байна. Би тэр тэмцэлд нэгдэнэ!
Э.Бат-үүл