Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил 87,6 хувьтай байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69,2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. Үүнд анхаарч, ажлаа эрчимжүүлэхийг хотын дарга С.Батболд үүрэг болголоо.
Д/д
Харин дүүргүүдийн хувьд:
- Багануур дүүрэг 73,8%
- Багахангай дүүрэг 92,1%
- Баянгол дүүрэг 90,0%
- Баянзүрх дүүрэг 85,0%
- Налайх дүүрэг 88,0%
- Сонгинохайрхан дүүрэг 87,7%
- Сүхбаатар дүүрэг 85,0%
- Хан-Уул дүүрэг 95,0%
- Чингэлтэй дүүрэг 90,0%-тай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан бол цахилгаан станцуудын бэлтгэл ажил нийтдээ 81,6 хувьтай байгааг танилцууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас есдүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургуульд болон халаалт авах 13 эмнэлэгт халаалт өгсөн байна. Халаалт өгч эхэлсэнтэй холбоотой хүндрэл, гомдол санал байхгүйг Улаанбаатар хотын ерөнхий менежер хэллээ.
Өвлийн улирал хаяанд ирж, нэг л өглөө нийслэл хот цасан бүрхүүлтэй болохыг хотын дарга сануулаад халтиргаа гулгааг арилгах зорилгоор бэлтгэж байгаа давс, бодисны нөөцийг асуулаа. Өнөөдрийн байдлаар 542,1 тогнн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ.
Төв цэвэрлэх байгууламжийн хувьд лагийн боловсруулалт сайжруулах, үнэр арилгах ажил 70%, технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлтийн 22 ажлын гүйцэтгэл 68%, Туул голын хөрсний бохирдол бууруулах чиглэлийн 3 ажил 100%-тай хангагдсаныг танилцуулсан юм.
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тулгамдсан асуудлуудыг хотын даргад дуулгалаа. Тухайлбал, Дүнжингарав хорооллын 2 орон сууцны барилгын 153 м шугам угсралтын ажил хийгдээгүй. Оршин суугчдыгн үл ойлголцлоос үүдэлтэй болохыг хэлсэн юм. Энэ мэт тудлгамдсан асуудлын талаар хотын дарга хариуцагч агентлагийн дарга нартай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсож, чиглэл өглөө.
Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, дутуу хэрэгжилттэй ажлуудыг яаралтай дуусгах, үүсч болзошгүй гэмтэл, хүндрэлтэй асуудлыг тухай бүр яаралтай шийдвэрлэж, дээд шатны удирдлагад мэдээлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Инженерийн хангамжийн байгууллагын удирдлагуудад, Хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд НЗАА-ны дарга Т.Гантөмөрт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.