| |
Лу.Гантөмөрийн эсрэг АН-ын ӨВГӨД НЭГДЭНЭ
АН-ын лидерүүд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч улс төрийн замналдаа буурал суухаас эмээж буй нь бас л сонин үзэгдэл. Тэртээ 1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа өр төлөөсийг өнөөдрийг хүртэл тэд Монголын ард түмэн хийгээд уугуул намаасаа нэхсээр явна. Энэ нь ялагдсан намын удирдлагын төлөөх эх эцэсгүй тэмцлээс нь ил тод харагдана.
Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болох ёстой байсан Үндэсний зөвлөлдөх хороо ч тэр л шалтгаанаар хойшилсон. Хэвлэлд "УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсонтой холбогдуулан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшиллоо” гэх цагаан мэдээ тараасан ч угтаа намын зохион байгуулалт дээр асуудал гацсан нь өдгөө хаалганы цаадах үйл явдал юм.
Илүү тодруулбал, УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын тэргүүлдэг "Жи МоАХ” фракц Үндэсний зөвлөлдөх хороонд үнэмлэхүй олонхийн ирцийг бүрдүүлэх бодит нөхцөл байдлаа давуу тал болгон тээнг болгосон хэрэг. Энэ тохиолдолд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирцээ бүрдүүлж чадаагүй гэх сэтгэл ичим шоглолоос зугтсандаа дээрх тайлбарыг бодож олсон. Харин үүнийг нь тооцоолоогүй Ардчилсан намын хэсэг нөхөд дор бүрнээ намын даргын суудал горилж, ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ "сийлсэн” нь лавтай.
Тэгвэл энэ сарын 16-нд хуралдах ёстой Үндэсний зөвлөлдөх Хорооны хурал эцсийн шийдэлд хүрч чадах уу. Ойр ойрхон шөнө дөлөөр хуралдах нь олон болсон тус намын нөлөө бүхий фракцийн удирдлагуудын хувьд олигтой ахиц гарсан зүйл үгүй. Харин ганц гогцоон дээр санал нэгдсэн нь "Нэг ардчилал” клубээс Ардчилсан намын даргад горилж буй УИХ-ын гишүун, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийг унагах сонирхол.
"Алтангадас”, МҮДН, "Шонхор”, "Жи МоАХ” зэрэг фракцийн зүгээс ийн түүний эсрэг хүчээ нэгтгэх шалтгаан нь нөгөө л үе солигдолтыг зөвшөөрдөггүй, эрх мэдлийг эргүүлэн өгөх сэтгэл зүйн тэнхээгүй гэдэгтэй нь холбоотой. Хэрэв УИХ-ын гишүүн Лу.Гангөмөр Ардчилсан намын дарга болбол 1990 оны ардчилагчид үндсээрээ намын төв аппаратыг удирдах эрхгүй болно. Бүр санал бодлоо хужирлах боломж үлдэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. "Намд үеийн шинэчлэл хийх цаг болсон. Бид нэгдүгээр эгнээнд алхахын төлөө тууштай тэмцэнэ” гэдгээ илэрхийлж буй түүний үеийнхний яриа ахмад улстөрчдөд бараг л хэлмэщүүлэлтийн үе ирэхтэй хатуу сонсогдож байж болох.
Дээр нь, өөрсдийнх нь зүгээс тууштай бэлтгэсэн залуу боловсон хүчин байхгүй учраас яах аргагүй хүчин мөхөсдөнө. Цөөн хэдэн орилоо, чарлаа залуусаа урдаас нь түлхээд ч тусыг олохгүй. Иймд нөхцөлд Лу.Гантөмөр Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөнө гэдэг нь бүхлээрээ намынхаа бүх фракцийн эсрэг босох тэмцэл болж хувирна гэсэн үг. Харин Тамгын газрын дарга асан П.Цагаан санал хуваах үүрэгтэй хүчээ өгөх яриа бий. Хэдийгээр энэ таамаг нь өөрөө Лу.Гантөмөрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбох шалтгаан болж буй ч эцсийн бүлэгт хувь хүн нь ноёны дохиураар удаан хөдлөх нэгэн биш гэдгээр няцаагдаж буй юм.
Харин Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчийн суудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэвээр хадгалах ганцхан хувилбарын өөдөөс сөрж зогсох дээр дурьдсан ганцхан хувилбар хүчтэй яригдаж байгаа нь Монголд ардчиллын тугийг хатгасан тус намын хувьд яалт ч үгүй эмгэнэлтэй хэрэг. Олон олон залуус хүч түрэн шинэчлэлийн дуу хоолой болж, ялагдлаа ялалт болгож хувиргах сэтгэл зүйн тэнхээгүй байна гэж бодохоор тэр шүү дээ.
Түүнчлэн УИХ-ын сонгуулиас хойш идэвх нь сэргэсэн тус намын шинэчлэгч гэх залуусын хувьд ч адилхан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халаасны өрөөнийхөн гэгдэж буй тэдний хувьд эхнээсээ зорилгоосоо няцаж, горьдлогоо гол руу урсгасан нь цөөнгүй. Ингэж залуусынх нь дуу хоолой микрафоны цаана сөөнгөтөж, зорилго нь бүдгэрэхтэй зэрэгцэн 2012-2016 оны парламентад эрх баригч намын бүлгийг бүрдүүлж байсан бүх УИХ-ын гишүүд Ардчилсан намын Бүлгийн орон тооны бус зөвлөхийн албанд томилогдчихлоо. Үүнд экс УИХ-ын гишүүд тун чиг баяртай яваа. Учрыг нь лавлавал "Албан бус зөвлөх. УИХ-д манай намын гишүүд цөөхүүлээ байгаа учраас хүч тарамдаж мэднэ гэж үзсэн. Иймд тэр үед нь зөвлөгөө өгч, ажилд нь туслахаар тохирсон” гэдэг тайлбар өгч байна билээ. Уг нь тоолбол нас, төөлбөл төө өндөр мэдлэг боловсролтой, заавар зөвлөгөө өгчих оюуны бядтай залуус тус намд олон бий. Тэр дундаа намынх нь гишүүд 100 мянга хол давсан гэх өөрсдийнх нь өгдөг мэдээлэл үнэн бол шүү. Гэтэл тэд зөвлөхийн албаа хүртэл зөнөтөлөөс хол байлгаж чадсангүй. Зөрүүддээ биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хүндэтгээд энэ шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/