|
Видео

Шинэ мэдээ

З.Энхболд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нар намын даргын төлөө фракц хоорондын далд тохироо хийсэн үү

З.Энхболд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нар намын даргын төлөө фракц хоорондын далд тохироо хийсэн үү

 

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй энэ өдрүүдийн гол сэдэв татвар нэмэх үү, цалин хасах уу, халамжийн бодлогыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлууд байлаа. Харин УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг хямарсан хүнд хэцүү үед цалин хасч, татвар нэмэгдүүлж иргэдийнхээ нуруун дээрх ачааг улам хүндрүүлэх нь буруу гэх улс төрийн шийдвэр гаргав. Засгийн газар ч нөхцөл байдлыг хүлээн авч бүлгийн улс төрийн шийдвэрийг дэмжсэн юм.

Ингээд хэд хоног олон нийтийн анхааралд байсан тодотгол гэх асуудал "тайван" замаар өрнөхөөр болж байх шиг байна.

 

Тэгвэл МАН-ынхан төсөв, хөрөнгөө ярьж бужигнаж байх зуур АН-ынхан нэлээд чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнийг цалин тэтгэвэр ярьж байгаад төдийлөн анзааралгүй өнгөрөөж харагдсан. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаан хаалттай болж өнгөрсөн. Ингэхдээ бүлгийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж уг хуралд АН-ын бүх лидерүүд оролцож, УИХ дахь  намын бүлгийн дэргэдэх Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулсан байна.

 

Зөвлөлийг  УИХ-ын дарга , АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд, МҮАН-ын дарга асан Р.Амаржаргал нар удирдахаар болсон юм. Намын бүлгийн хурлаар зарим чухал бодлогыг асуудлыг хэлэлцсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

 

Өнгөрсөн сонгуульд намаа удирдан чиглүүлж оролцоод ялагдалд хүргэсэн "Шонхор", "МҮДН", "Алтангадас" гурав ямар учраас ийнхүү нэгдэн нийлэх болов гэдэг асуулт хамгийн сонирхол татсан сэдэв нь юм. Мэдээж хамгийн түрүүнд дэвшүүлж болох таамаг бол намын даргын эрх мэдэл юм. АН-ынхан намын даргаа сонгох гээд яг үнэндээ сонгож чадахгүй "шуудайд хийсэн үхрийн эвэр шиг" хүмүүс "гудамжинд" алхаж яваа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан өөрөө намын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан. Үүнийг Ерөнхийлөгч намаа авах гэсэн үйлдэл хэмээн тайлбарлах нь ч байна. Намын даргыг авсан фракц эрх мэдлийг төвийг бүхэлдээ атгах учиртай. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Н.Алтанхуягтай "Алтангадас" яаж цэцэглэн хөгжсөн билээ. Хоёр жилийн дотор "Шонхор" З.Энхболд даргынхаа ачаар ямар хүчтэй боллоо гээд бодоод байвал намын дарга хамгийн чухал нь. Өнгөрсөн хоёр жилийн дотор өрнөсөн баривчилгаа, лидерүүд нь бие биенээ муулсан мэдэгдлүүд гээд бүгд л намын даргын төлөө өрнүүлж байсан тэмцэл юм.

 

Тиймээс зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулсан болон зөвлөлийг З.Энхболд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нараар толгойлуулж байгаа нь "Шонхор", "МҮДН", "Алтангадас гэсэн фракцуудын далд тохироо байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь бол тун удахгүй АН-ын даргын төлөөх зарлаагүй "дайн" эхлэх бололтой.

 

 

 

Ч.Ган /ZALUU.COM/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler