| |
Нүцгэлсэн нь зөв үү, бөхийсөн нь зөв үү?
Чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн Рио-2016 олимпийн наадмын медалийн төлөөх барилдаан шуугиан тарьсаар байна. Манай хоёр дасгалжуулагч шударга бус шүүлтэд эгдүүцэн дэвжээн дээр нүцэглэж эсэргүүцлээ илэрхийлснийг орон орны бөхийн холбоод дэмжсэн. Хэвлэл, мэдээллийн порталууд ч дэмжин мэдээлсэн. Монголчууд харин дотроо талцан мэтгэлцэж, ичих, эмээх, нэр хүндээ хичээх, төв байх, эрхэмсэг байх, ёс жудаг гэхчлэн нандин бүхнээ гээхэд хүрч туйлшрав. Тухайлбал, Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны тэргүүн, Японы сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн япон бөхийлт. Бүр зөвлөлийн гишүүдийнхээ хамтаар хамраа шаланд хүргэх шахан "бидний буруу” хэмээн бөхөлзсөн явдал олны дургүйг хүргэв. Учир нь дасгалжуулагчид нүцгэлснээс болж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн юм байх. Ер нь бол дасгалжуулагчид нүцгэлснээс болж манай бөх ялагдсан уу, бөхийснөөр шүүгчид луйвардсан медалиа буцааж өгөх үү. Манай тамирчин ялчихаад байхад яагаад буруу шүүж, ялалтыг нь эсрэг талд өгөв гэдэгт Монголын чөлөөт бөхийн холбоо харин зарга хийх ёстой бус уу. Гэтэл "Хоёр дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасч олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйж байна” гээд япон хүмүүс шиг бөхийцгөөж байх юм. Эсвэл эсрэгээрээ ийм шударга бус шийдвэр гаргаж байгаадаа ард түмнээсээ хүлцэл эрж байгаа юм уу.
Уучлал, хүлцэл эрэх муу зүйл биш л дээ. Хамгийн гол нь монгол ёс заншлаараа уучлал гуйсан бол бас өөр. Монгол хүн хэрэв гэм нүгэл үйлдсэн бол уучлал, өршөөл эрэхдээ өвдөглөн сөгдөж, хоёр гараа сунгаж, газарт мөргөж өршөөл эрдэг. Бас эсрэг талынхаа нүд рүү эгц харж, хэрхэхийг шинжиж, өөрийн санаа бодлыг таниулдаг ёстой. Гэтэл Д.Дагвадорж тэргүүтэй МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд япон заншлаар бөхийж, монголчуудаасаа уучлал эрэх бус уурыг нь асааж орхив. Их аварга монгол хүн, МЧБХ-г монгол ухаанаар удирдаж, бөхчүүд, тамирчдаа ч монгол ёс заншлаараа удирдаж авч явах ёстой баймаар. Тиймээс нүцгэлсэн нь зөв үү, бөхийсөн нь зөв үү гэж монголчууд хэлэлцэж байна. Хэнийх нь зөв, бурууг олон нийт ялгах биз ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Л.ХЭРЛЭН