| |
Эдийн засгийн алуурчдыг ингэж өршөөдөг
Эдийн засгийн алуурчид гэж дэлхийн бодлого тодорхойлдог их гүрнүүд буурай хөгжилтэй, байгалийн баялаг элбэгтэй, цэрэг стратегийн ашигтай байрлал бүхий улс орнуудыг эдийн засгийн аргаар эрхшээлдээ оруулахыг хэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн улс орноо дэмжиж, хөрөнгө оруулж буй нэрээр хамаг баялагийг нь цөлмөж, цаашлаад эзэн суух тухай л ойлголт юм.
Манай улсад энэ үнэхээр танил дүр зураг. Ялангуяа, уул уурхайн салбарт эдийн засгийн алуурчид улам даам гарч хайр найргүй, хамгаалах өмгөөлөх сэтгэлгүйгээр улс орны хөгжил, байгаль орчны сүйрлээс дорохноо харагдана.
Эдийн засгийн алуурчид зөвхөн гадныхан байдаггүй бололтой. Улс дотроосоо эдийн засгаа хөнөөдөг хүмүүс ч нэгэнт олширчээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаараа авлига хээл хахуульд идэгдэж, улс орноо гадныханд худалдах, эсвэл өөрсдөө ашиг хонжоо олохоор сүйтгэж байгаа нь үнэн. Тийм л хүмүүсийг бид эдийн засгийн гэмт хэрэгтнүүд буюу алуурчид гэж нэрлэдэг юм. Тухайлбал, төсвийн мөнгийг хувьдаа завшиж, эсвэл төрийн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө ашиг хүртдэг хүмүүс салбар бүрт, анги давхарга бүрт өсч үржиж энгийн номхон иргэдээ туйлдуулж байгаа нь бодит үнэн. Тэд ч бас яах аргагүй дотоодын "Эдийн засгийн алуурчид”. Тэдгээр эдийн засгийн алуурчдын амийг таслах байгууллага бол манай хууль хяналтынхан.
Харамсалтай нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа зорьсон зорилгодоо хүрч чадахгүй байна. Тухайлбал, ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилогдоход эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн, энэ албанд олон жил "чанагдсан” хүний хувьд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох асуудал цэгцэрнэ хэмээн олон хүн найдлага тавьж байлаа. Хэдийгээр түүний удирдсан баг хамт олон хэд, хэдэн ноцтой эдийн засгийн хэргүүдийг илрүүлсэн ч бүгд сураг алдарчээ.
Хариас ирж улсыг минь хохироосон Жастин Капла нар яав
Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр хоригдож байсан АНУ-ын иргэн "Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэднийг уучилснаар нутаг буцсан юм. Тэд манай улсад компанийн нэрээрээ үйл ажиллагаа явуулж байгаад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Хамгийн гол нь тэднийг уучилсан ч улсад учруулсан хохирлоо тэд төлж барагдуулах ёстой байсан юм. Гэтэл яав, өнөөдрийг хүртэл хохирол төлөөгүй байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар шүүхийн шийдвэр биелүүлэх албаныхнаас асууж тодруулах гэхээр мэдээлэл өгөхөөс татгалздаг юм.
Ийнхүү улсыг олон тэрбумаар нь хохироож, цөлмөсөн харийнханд төр төмөр биш халуун нүүрээ харуулсанд түмэн олон дургүй хэвээрээ л байна. Ингэснээр энэ хэрэг чимээгүй болов.
Нас барагсдын нэрээр мөнгө завшигчдыг хэргийг хэрэгсэхгүй болгов
Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар илрүүлэн өнгөрсөн оны дундаас шалгаж эхэлсэн билээ. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан.
Нас барсан 10 мянга гаруй иргэний нэрээр улсаас мөнгө завшсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байсныг илрүүлэн хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан орон даяар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэвч мөрдөн байцаалт эхэлснээс хойш бараг жил орчмын хугацаа өнгөрөхөд уг хэргийн мөрдөн байцаалт дууссан эсэх, нас барсан хэчнээн иргэнийг ашиглаж ар гэрт нь хохирол учруулсан, улс хэчнээн төгрөгөөр хохирсон, хууль зөрчигчид хариуцлага хүлээх болсон эсэх талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Тэгвэл ийм хэрэг тогтоогдоогүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөлжигчид буюу Д.Баярсайханы хэргийг хаав
Нийгмийн даатгалынхантай ижил төстэй бас нэгэн хэрэг нь нийгмийн халамжийнхны хэрэг байв. Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарыг сүр дуулиантайгаар баривчилсан юм. Д.Баярсайхан ах дүү, хамаатан садангаараа нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хуваарилагддаг хөрөнгөөс завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдэж байлаа.
Тэгвэл энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэмээн Улсын ерөнхий прокуророос мэдээлсэн юм.
"Женко” Х.Баттулгын баруун гаруудын хэрэг
Эдийн засгийн гэмт хэргээр дуулиан тарьсан дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эхлүүлсэн Шинэ төмөр замын төсөл байв. Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан, ямар ч төмөр зам бариагүй хэмээн түүний туслах Б.Батзаяаг баривчилж эхэлснээс хойш цагдаа нар нэлээд олон хүнийг саатуулсан.
Гэвч нэлээд хэдэн сар өнгөрсний хойно уг хэрэг бас л замрхах хандлагатай болж буй. Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг зөвхөн төмөр замын төслөөс гадна Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулах ажилд ч мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Одоогоор уг хоёр хэргийн талаар мэдээлэл бүрхэг хэвээр байна. Хэргийг илрүүлж, шалгана гэдэг зөвхөн цагдаагийн байгууллага дангаар гүйцэтгэх ажил биш. Үүнд прокурорын байгууллагаас хяналт тавьдаг учраас өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн холбогдсон хэрэгт прокурорын байгууллагаас хориг тавьж замхруулдаг тухай цагдаагийн зарим албан хаагчид учирладаг. Харин энэ хэрэг одоо ямар шатандаа яваа нь тодорхойгүй ч алсдаа алгуурхан хавтаст хэргийг нь хаах нь тодорхой юм даа.
Г.Дэнзэнгийн хэрэг замхрав
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэрэг АТГ Улсын ерөнхий прокурор хоёрын дунд явсаар байгаад сураг алдрав. Аль алинаас нь асуухаар "Манайд байхгүй, тэднийд л байгаа байх” гэсэн эргэлзээтэй хариулт хэлэхээс цаашгүй.
Нэг хэсэг шуугиан тарьж, хэвлэлийн гол баатар болж байсан Г. Дэнзэнг албан тушаал авлигын хэргээр шалгаж буруутай үйлдэл буюу хууль бусаар өөрийн эхнэрийн нэр дээрх компани руугаа их хэмжээний мөнгө шилжүүлснийг баримт гүйлгээгээр тогтоосон хэмээн албаныхан мэдээлж байсан ч одоо таг чиг. Хэрвээ л гэм буруутай нь тогтоогдсон бол яагаад шүүхээр хэргийг нь шийдвэрлүүлж, улсад төлөх ёстой хохирлыг нь төлүүлчихэж болдоггүй хуулийн байгууллагынхан бэ. Магадгүй том албан тушаалтнуудын эрхэнд орж энэ хэргийг хаасан байх гэх хардлага ч төрж байгааг нуухгүй юм.
Ш.Батхүүгийн хэрэг сураг алдрав
Одоогоос дөрвөн жилийн өмнө "Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүг "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас их хэмжээний ам.доллар авсан хэрэгт буруутгаж хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ. Тухайн үед их л сүр дуулиантай прокурорууд хэвлэлийн хурал зарлаж "Ш.Батхүүг цагдан хорьсон. Хэргийг шалгаж байгаа” хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл удалгүй сэжигтэн этгээдийг батлан даалтад гаргаснаар энэ хэрэг замхрав. Албаны эх сурвалжаас энэ хэргийг асууж тодруулахаар "Эдийн засгийн гэмт хэрэг болохоор шалгахад их хугацаа шаардлагатай байна” гэж ам таглахаас өөр зүйлгүй. Гэтэл энэ хэрэг яав, бас л төрийн томчууд болон том албан тушаалтнуудтай холбогдох хэрэг учраас шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон сурагтай.
Г.Шийлэгдамбын хэргийг ширгээнэ
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох эрүүгийн хэрэг хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг алдарсан гэж хэлж болно. Түүнийг 500 сая төгрөгийн хахуулын хэргээр АТГ-аас шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт хавтаст хэргийг шилжүүлсэн ч тэгсхийгээд чимээгүй болсон юм. Төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох авлигын хэргүүд прокурорын шатанд замхраад алга болдог нь үнэн.
Харин энэ талаар УЕПГ-ын туслах Э.Амарбат ярихдаа " Г.Шийлэгдамбыг ямар хэрэгт холбогдсон байгаа талаар хэвлэлийнхэн мэдэж байгаа байх. Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа бөгөөд шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна” гэв. Ийнхүү 500 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэг эцэслэн шийдэгдэхгүй байсаар дахин нэг жил дамнах нь ээ.
200 саяын хахууль авсан Д.Батсүхийн хэргийг яах вэ
Улс орныхоо газар нутгийг харийнханд худалдаж, их хэмжээний авлига авдаг моод газрын албаныханд дэлгэрсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард ЭЦГ-ынхан газрынхан бүлэг наймаачдыг үйлдэл дээр нь баривчилсан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх гэгч этгээд БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг энэ сарын 10-ны өдөр биш наймны өдөр ажил дээрээс нь баривчлан, шууд Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан аж. Ямартай ч одоогоор түүнээс ганц ч удаа мэдүүлэг аваагүй, мөн ар гэрийнхэнтэй ч уулзуулахгүй байгаа аж. Түүнийг өмнө нь ГЕГ-ын орлогч даргын албан тушаалыг хашиж байхад нь мөн л арван сая төгрөгийн луйврын хэрэгт гүтгэж ажлаас нь чөлөөлж байсан гэнэ. Ийнхүү энэ хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд хэрэгт Н.Батсүхээр дамжуулж өөр том албан тушаалтнууд холбогдсон байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Тиймээс энэ хүнийг золигт гаргаж, жинхэнэ эзэд нь ард нь үлдэх вий гэсэн хардлага төрөөд байгаа юм.
Энэ мэтээр эдийн засгийн алуурчдыг өршөөсөөр байна. Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог нь үнэн. Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлэх учиртай. Үүргээ биелүүлж хэргээ илрүүлсэн бол зоригтой дуусгах эрх нь ч тэдэнд байх ёстой. Ажиллагаа явуулж хөдөлшгүй баримтаар тогтоосон хэргийг хөндлөнгөөс, прокуророос замхруулахыг оролдвол түүнийг зоригтой олон нийтэд дэлгэчихдэг байх хэрэгтэй шүү дээ.
Сүр дуулиантайгаар эхлүүлж олон түмэнд зарлачихаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болдог байдалд мөрдөгчид өөрсдөө хөндлөнгийн нөлөөнд автаж хэргийг гацаанд оруулсан байх гэж ойлгогдож байгааг нуухгүй юм. Нэг үгээр тэднийг улстөрчдийн захиалга биелүүлэгч гэж хардсаар байна, ард түмэн чинь.
О.Сайхан
zaluu.com