| |
Турк улсад гурван сарын хугацаатай онц байдал зарлалаа
Төрийн эргэлт хийх оролдлогын дараа Турк улсад гурван сарын хугацаатай онц байдал зарлаж байгааг тус улсын ерөнхийлөгч Тайип Эрдоган өчигдөр мэдэгджээ.
Анкарад Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлтэй уулзсаныхаа дараа телевизээр мэдэгдэл хийсэн ерөнхийлөгч уг шийдвэр нь ямар ч хууль зөрчөөгүй, ардчиллын зарчмаас ухраагүй болохыг онцолсон байна.
"Онц байдал зарласнаар манай ардчилалд учраад байгаа аюул заналыг хамгийн үр дүнтэй зайлуулах боломжтой болно” гэж тэр хэлжээ.
Эрдоган цааш нь хэлэхдээ төрийн эргэлт хийх санаа бүрэн унтраагүй, засаглалыг хүчээр булаах өөр төлөвлөгөөнүүд байж болзошгүй гэсэн байна.
Өчигдөр бас Эрдоган өөрийнх нь хийж байгаа баривчилгааны талаар шүүмжилсэн Францын гадаад хэргийн сайдын мэдэгдэлд хариу барьж "хэрвээ тэр ардчиллын талаар хичээл заалгамаар байгаа бол манайхаас суралцах боломжтой” гэж Аль Жазира сувагт ярьсан байна.
Онц байдлын журмаар бол Эрдоган болон түүний сайд нар парламентаас гаргасан шинэ хуулийг дагахгүй байж болох гэнэ. Хэрвээ хүсвэл засгийн газар хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах чадвартай байна гэж мөн заажээ.
Одоогийн байдлаар засгийн газар төрийн эргэлттэй холбогдуулан 60,000 орчим хүнийг баривчлах, ажлаас нь халах зэргээр шийтгээд байна.
Өчигдөр тэд боловсролын салбарт томоохон цэвэрлэгээ явуулсан бөгөөд үүнийхээ дараа Туркийн бүх эрдэмтдийг улс орноос гарч явахыг нь хориглох шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Russia Today