| |
Хувьцаагаа худалдах нь зөв үү, буруу юу
Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан иргэд үймж бужигнаж эхэллээ. Учир нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа 30 хувийг 300 мянгаар худалдаж мөнгөтэй болохын тулд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Капитал банкинд оочерлож бүртгүүлж эхэлсэн байна. Харин өнөөдрөөс эхлэн арилжааны бүх банкууд хувьцаагаа зарах иргэдийн материалыг бүртгэж эхэлсэн юм.
Банкуудад иргэд оочерлож, алаан болж байгаа сургаар хэд хэдэн банкиар орлоо. Хувьцаагаа зарах нь зөв үү, буруу юу гэдгээр ч иргэдийн байр суурийг сонирхлоо.
Эхний банк Хас банк байв. Өглөө 10.30 цагийн үед ороход эл хуль хүн бараг байсангүй. Тэгсэн хэрнээ үүдний харуул "Хувьцаагаа худалдах гэж яваа бол дугаар авахгүй оочерлож үйлчлүүлнэ” гэсэн юм. Ачаалал багатай ажиллаж байгаа уг банкнаас гарах гэтэл нэг ах улаан хараалаа урсгаж гарч ирлээ. Учир явдлыг нь асуутал тэрбээр хүүхдүүдээ өөртэйгээ хамт бүртгүүлэх гэтэл бүртгэсэнгүй гэнэ. Яагаад гэтэл "заавал өөрийн биеэр ирж бүртгүүлж, гарын үсгээ зурах юм гэнэ” гээд уурлав. Түүнчлэн цаашлаад "Бөөн чирэгдэл болох юм байна. Ажлын өдрүүдэд хүүхдүүд ажилтай байхад ямар зав гардаг юм бэ. Тиймээс гэртээ байдаг завтай би хүүхдүүдээ бүртгүүлье гэтэл болохгүй гэнэ. Уг нь мөнгөө олоод авчихаар байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед 300.000 ч гэсэн их мөнгө шүү дээ” гэсээр үглэсээр явлаа.
Дараа нь Төрийн банкаар орлоо. Бас л хүн цөөтэй хэрнээ үйлчилгээ үзүүлж байгаа дансны ажилтны өмнө ар араасаа дугаарласан харагдав. Иргэд мэдээлэл дутуу байгаагаас зарим нэгэн нь буруу ойлголттой явна. Гэр бүлийнхнээ төлөөлж, иргэний үнэмлэхийг нь авчраад өмнөөс нь маягтыг нь бөглөж өгөхийг оролдож байгаа нь буруу үйлдэл ажээ.
Харин дараагийн банк бол ХААН банк байлаа. Тэнд түм түжигнэж, бум бужигнаж байна. Яагаад заавал энэ банкийг сонгон үйлчлүүлж байгаа талаар иргэдээс асуухад "Хаан банкинд данстай тул энд дугаарлаж зогсоно” гэлээ. Бужигналдаж байгаа иргэдэд банкны мэдээллийн ажилтан бөглөх маягтыг тарааж, тодорхой мэдээлэл өгч байна. Мэдээллийн ажилтны ярьснаар "Бид иргэний үнэмлэхний хугацаа дууссан үгүйг л шалгаж мэдэхээс бусад зөрчлийг нь мэдэх боломжгүй. Цаанаа мэдэх байх. Хамгийн гол нь 18 нас хүрсэн бол өөрийн биеэр ирж маягтаа бөглөх ёстой. Иргэний үнэмлэх зөрчилгүй байх ёстой” гэлээ.
Гэтэл 18 нас хүрээгүй хүүхдэд хувьцааны 300.000 мянган төгрөгийг олгохгүй гэсэн яриа гарч эхэлсэн байгаа нь улстөрийн сонгуулийн шоу юм байна гэж хардах иргэд цөөнгүй байна. Яагаад гэвэл 18 нас хүрчихсэн хүн сонгууль өгөх эрхтэй бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүдийг санал хураахад ашиггүй хэмээн АН-ынхан үзэж байна ч гэж хүмүүс өөр хоорондоо ярьж зогсоно билээ.
Ингээд дугаарлаж зогсож байгаа гурван залуугаасаа хувьцаагаа худалдах нь зөв үү гэж асуухад "Зөв бурууг бид яаж мэдэх вэ дээ. Иргэдийн амьдрал хүнд байхад энэ чинь их мөнгө шүү дээ. Тэртээ тэргүй бид буцаагаад Засгийн газарт худалдчих боломж нээгдэх л юм билээ шүү дээ. Сонгуультай холбож ойлгож тайлбарлахгүйгээр өгчихөөсөй гэж бодож байна. Тиймээс анкет бөглөж, дансаа нээлгүүлэхээр оочерлож байна” гэв. Харин өөр нэгэн иргэн "Тавантолгойн хувьцааг 300 мянгаар авах, нэг саяар авах ялгаагүй сонгуульд зориулсан мөнгөний амлалт. Мөнгө амлахгүй гээ биз дээ. Хувьцаагаа үнэд ортол хадгалнаа, би” гэлээ.
Тэгвэл өөрийгөө Бат-Амгалан хэмээн танилцуулсан залуу "Ард иргэд туйлдлаа ядарлаа зүдэрлээ өлсгөлөнд нэрвэгдлээ ч гэсэн Тавантолгойн хувьцаагаа зарж болохгүй ээ. Бид хямдхан нүүрсээ л зарчихлаа гэсэн үг шүү дээ. Түр зуурын тэвчээр заагаад хүлээхгүй дээ. Энэ хувьцаа өндөр үнэд хүрнэ. Магадгүй бид нэг өдөр олон тонны нүүрсний үнэтэй дүйцэхүйц хувьцаа эзэмшиж байгааг үгүйсгэхгүй. Одоо хямд зараад, бидний тэр хувьцааг мөнгөтэй хятадууд л авна. Эх орны хишиг баялгаа ийм хямдхан зарж болохгүй ээ, харамсалтай байна” гэлээ.
Гэхдээ нөгөө талаар зах зээл муу байгаа энэ цаг үед хувьцаагаа зарсан нь дээр. Хөрөнгийн бриж дээр гарлаа гэхэд үнэд хүртэл дахиад 3-4 жил хүлээх юм болно. Ямар ч ашгаа өгөхгүй хувьцааг үнэд хүрэхийг нь хүлээж хий хоосон сууж байхын оронд хэдэн цаас болгоод хэрэгтэй юмаа авчих нь зөв гэх иргэд ч цөөнгүй байлаа.
Харин дараагийн банк бол Худалдаа хөгжлийн банкинд өглөөний байдлаар хувьцаагаа худалдахаар ирсэн иргэд бараг байхгүй байв. Гэхдээ мэр сэр харагдана билээ. Тус банкны теллер бүсгүйн хэлж буйгаар "Цаанаас өгсөн зөвлөмжөөр иргэн та данстай банкин дээрээ очиж маягтаа бөглөөрөй. Манай дээр ямар нэгэн харилцах, хадгаламжийн данс байхгүй бол болохгүй ээ” хэмээн эелдэгээр хэлээд ирсэн хүмүүсийг үдэж харагдана билээ.
Ийнхүү банкинд оочерлож байгаа иргэд дугаар авахгүйгээр ар араасаа оочерлож зогссон харагдана. Бараг иргэдийн 80 гаруй хувь нь хувьцааныхаа урьдчилгааг зарна гэсэн бодолтой байгаа ажээ. Энэ мөнгийг авахын төлөө улайран тэмцэж байна. Өнөөдөр өлөн зэлмүүн амьдрал нь тарчигтаа тулсан иргэд аргагүй эрхэнд энэ мөнгийг авна. Авахаас өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа нь үнэн. Хачирхалтай нь энэ мөнгөний эх үүсвэр хаана байгаа нь, хаанаас гарах нь тодорхойгүй төдийгүй яаж гаргахаа ч Засгийн газраас хэлээгүй. Харин салбарын сайд С.Эрдэнэ болохоор дотоодын бондоор эх үүсвэрийг нь бий болгоно гэж ярьсан. Яаж бий болгох нь бас л тодорхойгүй юм. Гэтэл Засгийн газар иргэн бүрт 300.000 төгрөг тараах 900 тэрбумын эх үүсвэр битгий хэл төсвийн алдагдал 500 тэрбумаа нөхөх ч мөнгө байхгүй нь бодит үнэн шүү дээ. Хамгийн гол нь ард түмнийг хуурч, хулхидаж, сонгуулийн шоу болгов оо Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээ.
О.Сайхан