| |
Улстөрд мөнгө үрэх гэж ордог уу, эсвэл МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ОРДОГ УУ?
2012 оны УИХ-ын сонгуулиар СЕХ-ноос нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байсан. Тэгвэл энэ жилийн хувьд Үндэсний аудитын газраас дээд хязгаарыг тогтоохдоо гурав дахин бага хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Харин нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөний дээд хязгаар тойрог бүрт өөр өөр байна. Тэнд зааснаар нэг нэр дэшигч дунджаар 172-378 сая төгрөг зарцуулна.
Манай улсын улс төрийн санхүүжилтэд холбогдох хууль тогтоомжоор бол улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа өөрсдөө хариуцаж ирсэн бөгөөд төрөөс санхүүжүүлж байгаа мөнгөн дүн намын нийт санхүүжилтэд огтхон ч жин дардаггүй.
Өөрөөр хэлбэл, нэр дэвшиж буй 498 хүн сонгуульд өрсөлдөх санхүүжилтээ өөрсдөө хариуцаж байна.
Үүнээс улбаалаад улс төрд мөнгө олох гэж ордог уу, эсвэл мөнгө үрэх гэж ордог уу гэдэгт хариулт хайж байна. Тэдний зарцуулж буй мөнгөний дүн хэмжээг харвал УИХ-д нэр дэвших нь санхүүгийн хувьд яавч ашигтай биш баймаар.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх нэгэн ярилцлагадаа "МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх, МАК, НИК компани, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу болон Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нар тус бүр нэг тэрбум төгрөг, Д.Дамба-Очир 500 сая төгрөг намдаа хандивласан” хэмээсэн байдаг. Энэ нь 2012 онд намын жагсаалтад багтах эрх хийгээд УИХ-д нэр дэвших эрхийг эзэндээ авчирсан. Тодорхой хэлбэл, сонгуульд өрсөлдөхийн төлөө хувь хүнээс гаргаж буй эхний зардал энэ. Үүнийг намд өгч байгаа хандив гэх үү, татвар гэх үү, эсвэл сонгуульд зориулсан хандив гэх үү гэдэг нь тодорхой биш байна. Аль ч талаас нь авч үзэхэд энэ нь хууль зөрчиж орж ирж байгаа мөнгө. АН-ын хувьд 2016 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг шаардаж буй талаар мэдээлэл гарсан. Ямартай ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяхны нэгэн ярилцлагадаа "АН-ынхан өнгөрсөн сонгуулийн үеэр нэр дэвших эрхийг 50 сая төгрөгөөр худалдсан” гэж мэдэгдэж байв. Эдгээр нь нөгөө талаас сонгуульд зориулж мөнгө босгох хугацаа өөрөө маш богино байгаатай холбоотой. Хуулийн зохицуулалтаас гадуур, сонгуулийн санхүүжилтийн хувьд тайлагнагдахгүй, хянагдахгүй байгаа дараагийн мөнгө бол нэр дэвших эрхийн төлөө улс төрийн намд төлж байгаа "дэнчин” юм. Улс төрийн намууд сонгуульд нэр дэвших магадлалтай болон хүсэлтэй горилогч бүрээс
СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ НЬ 2008 ОНД УЛС ТӨРИЙН НАМ, НЭР ДЭВШИГЧИД БҮГД НИЙЛЭЭД 7.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛИЙН КАМПАНИА САНХҮҮЖҮҮЛЖ БАЙСАН БОЛ 2012 ОНД 36.8 ТЭРБУМ БОЛЖ НЭМЭГДСЭН БАЙНА. СОНГУУЛИАС СОНГУУЛЬД ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ӨСЧ, ЭНЭ ЗАРДЛЫН ШАРХАА НӨХӨХ ГЭЖ УЛС ТӨРИЙГ МӨНГӨНИЙ ЭРХ АШГААР ТОРЛОЖ БАЙГАА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮД ЭД УЛАМ ИХСЭХ ТӨЛӨВТЭЙ. ҮҮНИЙ ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ нь, УИХ-ЫН СОНГУУЛЬД МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХААР ШИЙДСЭН 498 ХҮН ЮМ.
сонгуулийн санхүүжилтээ босгох зорилгоор "дэнчин” нэрээр 2008 оны сонгуулиар 20 сая, 2012 оны сонгуулиар 50-500 сая хүртэлх төгрөгийг намд татан төвлөрүүлсэн байдаг. Гэхдээ эдгээр мэдээллийг одоо болтол хэн ч шалгаж байгаагүй. Учир нь улс төрд орох хүн мөнгө төлөх л ёстой гэсэн зарчимтай.
"Нам биднээс мөнгө авдаг. Санхүүжилт олж ирэхийг хүсдэг” гэх мэдэгдлийг маш олон улстөрч нотолсон. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын гишүүний хувиар намдаа хандив өгдөг гэдгээ ил шулуун хэлсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба нар санхүүжилт олж ирэх тулгалтад ордог байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл дөнгөж байгуулагдаад, нялхсын өвчнөөсөө болж сонгуульд оролцох боломжгүй байсан ХҮН сонгуулийн мөнгөний босго тарифыг асар өндөр үнэд хүргэсэн гэх. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Доржханд намын жагсаалтын эрхийг таван тэрбум төгрөгт хүргэж зарсан талаар нь нийслэлийн ХҮН-ын дарга болох Т.Бат-Оргил хэлсэн байдаг. Тэр ч бүү хэл намын жагсаалтын эхний байрыг 15 тэрбум төгрөгт хургэсэн гэж хүртэл шуугиж байлаа.
Тэгвэл хөгжингүй орнуудад энэ мэт улс төрд мөнгө төлж орж ирдэг жишгийн эсрэг тэмцэл өрнүүлдэг юм байна. Улс төр дэх мөнгөний нөлөөг хориглодоггүй. Харин ил тод, нээлттэй, хяналттай, хариуцлагатай болгох нь ардчиллын тулгуур зарчим аж. Иймээс улс төрийн намуудын үйл ажиллагаа, сан хөмрөг, санхүүжилтыг шалгах хүсэлтийг иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газар хүргүүлж байсан ч өнөөг хүртэл шалгасан тухай мэдээлэл алга байна.
Аливаа сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, тухайлбал сонгуульд бэлтгэх, зохион бай-гуулах, дүнг гаргах ажиллагаа ил тод байх учиртай билээ. Нэг үгээр хэлбэл энэ нь аль ч сонгуульд гагцхүү сонгогчийн өгч байгаа саналаас бусад бүхий л үйл ажиллагаа ил тод байх ёстой гэсэн үг юм. Энэ нь санхүүжилт ил тод байх ёстой. Зарцуулалт нь ч ил байх учиртай. Авлигал, бохир мөнгө улс төрд орж ирэхээс сэргийлэх тухай яриа оффшор дансны шуугианаас хойш хүчтэй сөхөгдөж байгаа. Дэлхийн улс орнууд энэ чиглэлд аль хэдийнэ анхаараад эхэлчихлээ. Харин Монгол Улс л хоцордог зангаа тавьсангүй, хойргошсоор.
Санхүүжилт ил тод байх ёстой гэдэгт тодорхой шийдэл, оролдлогууд гарч байгаа. Харин зарцуулалтыг ор тас орхигдуулчихаад буй. Сонгуулийн санхүүжилтэд нуугдмал байгаа нэг зардал бол намаас нэр дэвшигчид өөрөөс нь гарч байгаа зардал юм. Өмнөх хуульд зөвхөн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуулийн зардлын данс нээдэг байсан болохоор намаас нэр дэвшсэн хүмүүс хувиасаа гаргасан зардлаа тайлагнадаг журам байгаагүй. Тиймээс бидэнд энэ зардлын талаар ямар нэгэн мэдээлэл байдаггүй. Харин шинэ хуульд нэр дэвшигч бүр дээр данс нээх учраас түүнд намаас нь өгөх тусламж, бусад хандив, өөрөөсөө гаргасан зардлыг тусгасан тайланг нэр дэвшигч бүр гаргах болж байгаа.
Гэвч УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшиж буй улстөрчдийн зарцуулах мөнгөн дүн улам л өссөөр байгаа нь нэг талаараа зүй зохисгүй үр дүнд хүргэж мэднэ. 2008 онд нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 5.5 тэрбумаар тогтоож байснаа 2012 онд бараг хоёр дахин нэмэгдүүлж есөн тэрбум болгожээ. Сонгуулийн санхүүжилт нь 2008 онд улс төрийн нам, нэр дэвшигчид бүгд нийлээд 7.9 тэрбум төгрөгөөр сонгуулийн кампаниа санхүүжүүлж байсан бол 2012 онд 36.8 тэрбум болж нэмэгдсэн байна. Сонгуулиас сонгуульд зардлын хэмжээ өсч, энэ зардлын шархаа нөхөх гэж улс төрийг мөнгөний эрх ашгаар торлож байгаа нь сүүлийн жилүүдэд улам ихсэх төлөвтэй. Үүний хамгийн тод жишээ нь, УИХ-ын сонгуульд мөнгөө зарцуулахаар щийдсэн 498 хүн юм. Улс төрийн намуудын нэр дэвшигчийг дэмжих болон албан тушаал авах зорилгоор зориулдаг мөнгөний хэмжээ жилээс жилд эрс өсч буй. Энэхүү дүр байдал нь УЛС ТӨРД мөнгө олох гэж ОРДОГ УУ, ЭСВЭЛ мөнгө ҮРЭХ ГЭЖ ОРДОГ УУ гэж дахин асуухад хүргэж байна.
АРДЫН ЭРХ №066 /2097/