|
Видео

Шинэ мэдээ

Дэнчингийн мөнгийг дэнсэлье

Дэнчингийн мөнгийг дэнсэлье Төрийн эрх барих дээд байгууллага УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулахын тулд Монголд дөрвөн жилд нэг удаа "сонгуулийн хуанли” үйлчилдэг. Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр гурван сар орчмын дараа тохионо. 

Харин хуанлийн хугацаа сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллагын түвшнээс гадна, улс төрийн нам дотор хэдийнээ гүйгээд эхэлжээ. Тухайлбал, СЕХ-ноос сонгуулийн хэсэг байгуулж, нэрийн жагсаалтыг цахим санд оруулсан бол Аудитын газраас улс төрийн намуудын зардлын дээд хэмжээг тогтоогоод байна. 

Намуудын сонгуулийн хуанли гүйгээд эхэлжээ 

Мөн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр сонгуулийн зарлалын самбарын байршлыг нь зааж өгөөд буй. Харин намуудын хувьд хуанлийн хугацаанд хийх ажил нь нэр дэвшигчдээс босго мөнгө авах замаар санхүүжилт олохоор эхэлж байна. Улс төрийн намууд босго хэмээн хэлдэг энэ мөнгийг нэр дэвшигч болон горилогчид "дэнчин” хэмээн нэрийднэ. 

УИХ-ын сонгуулийн хувьд намууд эвсэл байгуулах, эсэхээ ид хэлэлцэж буй тул нэр дэвшигчдээ яг таг тодруулчхаагүй байна. Харин нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн "дэнчин”- гийн хэмжээ хэдийнээ тогтож, урьдчилгаа мөнгөө намынхаа дансанд байршуулаад эхэлжээ.

Хэдийгээр өмнөх сонгуулиудад намуудын дэнчингийн хэмжээ өөр өөр байсан ч энэ жил нийслэлийн АН, МАН адилхан 50 саяар тогтсон аж. Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр нийслэлийн МАН Цагаан сарын өмнө дэнчингийн мөнгийг авч, намын дарга Ц.Сандуй нэр дэвшигчидтэйгээ гэрээ байгуулжээ.

2012 оны сонгуульд 100 хувийн ялагдал хүлээсэн МАН дэнчин мөнгө авахаас гадна нэр дэвшигчид нь босго тогтоож байгаа аж. Нэр цэвэр, олны танил, санхүүгийн хувьд өндөр чадамжтай хүнд л нийслэлд нэр дэвших мандат олгоно хэмээсэн нь өмнөхөөсөө сургамж авсны шинж биз.

Нам ялалт байгуулбал хамгийн түрүүнд ажилд томилогдох нь тэд байна

Харин Ардчилсан намын хувьд сонгуулиар дэнчингийн мөнгө авахгүй хэмээн ярьж байсан ч энэ нь илүү нууц хэлбэрт хэрэгжиж байгааг "горилогчид” нь хэлж байна. Нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвших сонирхолтой байгаа бол эхний ээлжинд 15 сая төгрөг байршуулах үүрэг өгчээ.

Өнгөрсөн сарын 15-наар тасалбар болгосон уг шалгуурт тэнцэхийн тулд 70 гаруй хүн урьдчилгаа мөнгөө байршуулсан юм байна. Мөн тодорхой хугацааны дараа үлдэгдлийг нь гүйцээх үүрэгтэй. Ардчилсан хувьсгалаас хойш анх удаа нийслэлд ялалт байгуулсан, бас ч гэж нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийж буй намын хувьд энэ эрчээрээ ирэх дөрвөн жилд засаглахыг хүсч буй нь мэдээж.

Тиймээс хүссэн бүхэнд нь "хүрд эргүүлэх” боломж олгохгүй. Дэнчингээ байршуулсан хүмүүс дотроос 45-ыг шигшиж авна, тогтож үлдээгүй нь байршуулсан мөнгөө буцааж авах боломжгүй гэдгийг анхнаас нь сануулж байгаа аж. Мэдээж нам ялалт байгуулбал хамгийн түрүүнд ажил, албан тушаал авах хүмүүс нь тэд байх юм.

ХАНДИВААР 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОЖ, 35.8 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛЖЭЭ 

Нэр дэвшигч бүрийн халаасанд 50 сая төгрөг бэлэн байхгүй. Дэнчин мөнгөө төлөхийн тулд улс төрч бусдаас хандив, санхүүжилт, зээл авна. Мэдээж буцааж төлөх нөхцөлтэй. Харин яаж вэ гэдэгт л хамаг асуудал байгаа юм. Үүний нөлөөгөөр улс төр, мөнгө хоёр хэтэрхий холилдох болсон юм.

Монголын улс төрийн намуудын дунд босго буюу дэнчин мөнгө авах байдал 2000 оноос эхэлж байв. Харин үүнийгээ нам сонгуулийн санхүүжилтээ босгох хэлбэр хэмээн үздэг. Дэнчингийн мөнгө тойрсон асуудлуудыг дэнслэхийн өмнө 2012 оны УИХ, орон нутгийн сонгуульд намуудын зарцуулсан хөрөнгийн хэмжээг задлаад үзье. Үүнд сум, дүүрэг, баг, хороод ороогүй гэдгийг урьдчилан мэдэгдье.

Өмнөх сонгуулиар одоо УИХ-д суудалтай байгаа МАН, АН, ИЗНН, "Шударга ёс” эвсэл нийлээд 8.6 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан юм байна. Гэтэл эдгээр улс төрийн намуудын сонгуулийн зардал 35.8 тэрбумд хүрснийг СЕХ-ны тайлангаас харж болно.

Үүнийг задалбал, АН 16 тэрбум, МАН 14 үлдсэн нь ИЗНН, "Шударга ёс” эвсэл гурван бие даагчдын зарцуулсан мөнгө. Хандиваар босгосон мөнгө, сонгуульд гаргасан зардал хоёрын хоорондох энэ их зөрүүг юугаар нөхсөн бэ гэдэг нь маш том баримтын зөрчил. Төрөөс намуудад өгдөг санхүүжилтийн хэмжээг хуулиар тогтоодог. Ингэхдээ УИХ дахь суудлын тоо тус бүрээр нь жилд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төр өгдөг ч тэдгээрийг нийлүүлээд ч дээрх мөнгөн дүнтэй харьцуулшгүй бага юм.

Мэдээж төрөөс өгсөн дэмжлэг 100 хувь намын санхүүжилтэд ордоггүй. Санхүүжилтийн 50 хувийг гишүүд тойрогтоо зарцуулдаг юм. Харин жагсаалтын гишүүд ажиллах тойроггүй тул улсаас өгч буй 10 сая төгрөгөө үг дуугүй намдаа тушаах үүрэгтэй ч энэ нь намын санхүүжилтэд төдийлөн их жин дарахгүй.

МӨНГӨТЭЙ БАЙЖ НЭР ДЭВШИНЭ, БҮР ИХ МӨНГӨТЭЙ БОЛ ЯЛАЛТ БАЙГУУЛНА

Олон улсын жишгээс харахад улс төрийн намын санхүүжилтийн хоёр хэлбэр давамгайлдаг байна. Нэг нь хувийн, нөгөөх нь төрийн. Америкт улс төрийн намын санхүүжилт бүхэлдээ хувь хүн, компанийн хандив дээр тогтдог. Тэр ч утгаараа аливаа сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлынхаа 50 хувийг санхүүгийн хандив олоход зарцуулдаг байна.

Тухайн орнуудад сонгуульд оролцож буй намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг нь үндэслэн нэр дэвшигчийг дэмжих лобби бүлэг хүртэл бий. Хэнд хэдий хэмжээний хандив өгч болохыг хуулиар тогтоож, хяналт тавих, эргээд тайлагнах бүх процесс олон нийтийн өмнө болдог тул араасаа хар дагуулдаггүй. Мөн ялалт байгуулсан тохиолдолд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө "жанжин шугам”-ыг барьж ажилладаг.

Харин Европ тивийн орнуудын хувьд ихэнх санхүүжилтээ төсвөөс авдаг. Тодорхой хэмжээний мөнгийг хандиваар босгож болох ч энэ нь их биш. Төсвөөс санхүүждэг гэдэг утгаараа намын хатуу гишүүнчлэлтэй. Ийнхүү улс төрийн намуудыг төсвөөсөө санхүүжүүлэх нь улс төр, мөнгө хоёрыг хол байлгах гэсэн зорилго. Мэдээж эдгээр улс олон ургальч үзлийг зөвшөөрдөг тул намын санхүүжилтийг төр даах, хувьд даатгах хоёроор маш их маргаан өрнөдөг байна.

Бусад оронд нэр дэвшигчээс дэнчин мөнгө авах зарчим үйлчилдэггүй

Харин энэ хоёр хэлбэрийн алинд нь ч сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө босгоно гэсэн зарчим үйлчилдэггүй. Харин хандив авч болдог, төрөөс дэмжлэг хүртдэг Монголын улс төрийн намд л нэр дэвшигчдээсээ дэнчин мөнгө авдаг хачин зарчим бий болоод тав дахь сонгуулиа угтах гэж байна.

Хэн хэнээс хэдэн төгрөг авснаас үүдэн хэний эрх ашгийг төлөөлөх вэ гэдэгт мөн хэн ч хариулахгүй явсаар 16 жил өнгөрсөн. Харамсалтай нь, хариулт байдаггүй хачин зарчим мөнгөний сонгуулийг бий болгосоор.

Мөнгөтэй бол нэр дэвшинэ, бүр их мөнгөтэй байж ялалт байгуулна. Харин ялсан нь сонгогчдоо бус сонгуулийн санхүүжилтийг нь даасан бүлэгт үйлчлэх нь мэдээж. Ийм нөхцөлд төлөөллийн ардчиллын талаар ярих хэрэг байна уу. Хэрэв улс төрийн намыг санхүүжүүлж байгаа мөнгө хууль бус эх үүсвэртэй бол тухайн нам нь тэрхүү хууль бус тогтолцоогоо хамгаалах үүрэг хүлээж таарна. Тэгэхээр тэгш, шударгын талаар бас ярих хэрэггүй болох нь.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler