| |
Э.Бат-Үүл даргаа, Нийслэлийн тендерүүд шударга явагддаг уу?
Улстөр, Тендер гэх хоёр үг бараг хоршоо үг болтлоо хэлхэлдэж ирсэн нь учиртай. Төрийн эрх мэдэлд дурлагсдын дийлэнх олонхын эрх ашиг нь явж явж мөнгөний урсгалтай сүлэлддэг жишиг тогтсон гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Тэгвэл нийслэл гэдэг их айлтай холбоотой нэжгээд мэдээллүүд байх аж. Тэдгээрээс улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээтэй холбоотой асуудлуудаас Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэж байна. Хамгийн чигч шударга гэж өөрийгөө ойлгуулдаг Э.Бат-Үүл дарын багийнханд энэ хамаатай сэдэв гэдгийг тодотгоё. Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллээс үзэхэд холбогдох байгууллагын хяналт шалгалтаар зарим үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг бэлтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад алдаа гаргаж, тендерийг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг орхигдуулж ирсэн нь тогтоогдсон байна.
Тухайлбал, улсын төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр 2012 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 55 үнэлгээний хороог байгуулснаас НЗД-ын захирамжаар 49, эрх шилжүүлэн авсан холбогдох байгууллагын даргын тушаалаар 6 үнэлгээний хороог тус тус байгуулсан байна. Зарим үнэлгээний хорооны бүрэлдэхүүн нь
ТБОНӨХБАҮХАТ хуулийн 47.66-д заасан Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангадаггүй байна. Жишээлбэл: НЗД-ын 2012 оны А/28, А/363 тоот захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 1.7 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг УСУГ-ын даргад шилжүүлсэн. УСУГ-ын даргын 2012 оны А/45, А/38, А/116 тоот тушаалаар үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооны дарга, гишүүдийг томилсон байдаг.
Харин Үнэлгээний хорооны гишүүн Я.Оюунсүрэн, Л.Алтангэрэл, Г.Гансүрэн, С.Алтантуяа, Л.Болдбаатар, Т.Даваасүрэн, Ч.Батзориг, Д.Анхбат, Ш.Ганзориг, У.Лхамсүрэн, С.Буурцаг нар худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй, нийт гишүүдийн 65 хувь нь сургалтанд хамрагдаагүй байсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ нь тендерийн баримт бичгийг бэлтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад алдаа зөрчил гарах үндсэн нөхцөл болж байгааг ч холбогдох байгууллагаас анхааруулсан байна. Түүнчлэн өнгөрсөн онд Үнэлгээний хороодоос зарласан нийт 152 сонгон шалгаруулалтаас 141.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 142 төсөл арга хэмжээг нээлттэй, 43.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл арга хэмжээг онцгой журмаар явуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байгаа юм.
За харин тендерийг үр дүнтэй үнэлж хамгийн өндөр үнэлэгдсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан уу? гэдэг асуудлыг авч үзвэл: Үнэлгээний хороо тендерийг хянах, үнэлэх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн холбогдох зарим заалтыг мөрдөөгүй, тендерийг үр дүнтэй үнэлж чадаагүй байна гэсэн дүгнэлтийг аудитын газар гаргажээ.
Тухайлбал, НЗД-ын 2012 оны А/66,А/127 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ тендерийн үнэлгээний заавар, тухайн үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй байна. Тендерт шалгарсан байгууллагуудын тухайн тендерт ирүүлсэн материалыг түүвэрлэн үзэхэд үнэлгээний хороо тендерийн материалыг /ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн болон техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх/ бүрэн хянаж үзээгүй байгаа нь тогтоогджээ.Тухайлбал:
- "Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах” ажлын гүйцэтгэгчээр /4 байгууллага/ шалгарсан "Органик солюшн” ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй, "Анусервис” ХХК барилгын ажил гүйцэтгэхэд зайлшгүй байх ажлын ажилбар шаардлага хангаагүй, "Хангайн нар” ХХК, "ЭСК инженеринг” ХХК нь зураг төслийн ажил боловсруулахад зайлшгүй байх ажлын ажилбар шаардлага хангаагүй байна.
- "Сэлбэ гол, дунд голын 2.6 км үерийн далангийн засвар, шинэчлэлтийн ажил”-ын шалгарсан "Монгол менежмент Төв” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 50 хувь буюу 775.4 сая төгрөг байх чадварын шалгуурын доод үзүүлэлтийг хангаагүй байна.
- "38 дугаар бохир усны коллекторын өргөтгөл шинэчлэлт, угсралтын ажилд шалгарсан түншлэлийн төлөөлөх эрх бүхий "Модерн” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 20.8 сая, 2010 онд 25.2 сая, 2011 онд 194.0 сая, 3 оны дундаж 80.0 сая/, "Универсүм” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 95.3 сая, 2010 онд -48.6 сая, 2011 онд 85.1 сая, 3 оны дундаж 76.3 сая/, "Мөрөөдлийн шугам” ХХК /борлуулалтын орлого нь 2009 онд 53.2 сая, 201 онд 94.6 сая, 2011 онд 162.4 сая, 3 оны дундаж 103.4 сая/-иудын борлуулалтын орлогын дундаж 259.7 сая төгрөг болж /оролцогчдын тендерт ирүүлсэн үнийн санал 1015.0 сая төгрөгийн 40 хувь буюу 406.0 сая төгрөгөөс 146.3 сая төгрөгөөр дутсан/ байгаа нь ТББ-д "Тендерт оролцогчийн 2009, 2010, 2011 оны гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 40 хувиас дээш байх шаардлагатай" гэж заасныг хангаагүй байна.
- "3, 4 дүгээр хорооллын үерийн хамгаалалтын 1 км сувгийн ажилд шалгарсан "Эм даблю Ти” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь /гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь 2009 онд 5.0 сая, 2010 онд 26.6 сая, 2011 онд 146.2 сая, 3 жилийн дундажаар 59.3 сая, тендерт ирүүлэх үнийн саналын 50 хувийг буюу 79.8 сая төгрөгөөсс 20.5 сая төгрөгөөр дутуу/ Үнэлгээний хорооны боловсруулсан ТББ-ын "Тендерт оролцогчийн 2009, 2010, 2011 оны гүйцэтгэсэн ажлын дундаж өртөг нь тендерт ирүүлж буй үнийн саналын 50 хувиас дээш байх шаардлагатай" шаардлагыг хангаагүй байна.
- "Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн зам дагуух нийтийн эзэмшлийн орон сууцны барилгуудын фасад, өнгө үзэмж, орчны тохижилтийн 10 ажлаас 1 ажил шаардлага хангаагүй.
"Өгөөмөр баян дэнж” ХХК нь БГД-ийн татварын /2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2612010169 дугаартай тодорхойлолт/ албанд 2011 оны санхүүгийн тайлангаар үйл ажиллагаа явуулаагүй "Х” тайлан гаргаж өгсөн байна.
- "Нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засварын /БЗД-5, БГД-8, ЧД-6, СБД-6, СХД-6, ХУД-2, БНД-3, НД-2, БХД-2/ 40 ажлаас "БЗД-ийн "Хайрхан” СӨХ-ны 25 дугаар байрны дээврийн их засварын ажилд "Монор Улз” ХХК-ийг ТББ-ын "Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо 2 буюу 2010, 2011 он байна” шаардлагыг хангаагүй, /2010, 2011 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй/, мөн харъяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолтгүй байна.
- Гачуурт эх үүсвэрийн 7.2 га газарт хамгаалалтын хашаа барих ажлын тендерт "Бөртэтрейд” ХХК оролцохдоо "тендерийн бичиг баримтын 17.6-д ”…Энэ гэрээ болон бусад үндэслэлээр гүйцэтгэгчийн төлөх ѐстой бүх татвар хураамжийг тендер хүлээж авах эцсийн хугацаанаас 14 хоногийн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг үндэслэн тендерийн үнэд багтаасан байна…” гэсэн заалтыг зөрчсөн” НӨАТ оруулж тооцоогүй үнийн санал ирүүлсэн байхад үнэлгээний хороо нь гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна.
Зарим үнэлгээний хороо тендерийг хянан үзэхдээ УБЕХ-ийн 17.512 заалтыг зөрчиж /Усан хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажил эрхлэх, барилга угсралтын ажил эрхлэх гэх мэт/ улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлд нэмэлт хийлгээгүй компаниудыг 9 ажилд гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Үүнд:
- "Хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах” ажилд "Органик солюшн” ХХК /улсын бүртгэлийн 9011284082, регистрийн 5470226 дугаартай/-ийг,
- "Сэлбэ гол, дунд голын 2.6 км үерийн далангийн засвар” шинэчлэлийн ажилд "Монгол менежмент Төв” ХХК /улсын бүртгэл 9011122081, регистр 2739399/- ийг,
- "38 дугаар бохир усны коллекторын өргөтгөл шинэчлэл, угсралтын ажилд шалгарсан "Модерн” ХХК /улсын бүртгэлийн 9011169048, регистрийн дугаар 5263336/, "Универсүм” ХХК /улсын бүртгэлийн 9011282031, регистрийн дугаар 2065231/, "Мөрөөдлийн шугам” ХХК /улсын бүртгэлийн 9011162089, регистрийн дугаар 5257972/-иудын түншлэлийг,
- "3, 4 дүгээр хорооллын үерийн хамгаалалтын 1 км сувгийн ажилд "Эм даблю Ти” ХХК /улсын бүртгэлийн 9011008119, регистрийн дугаар 5032091/- ийг,
- "Дэнжийн 100-ын үерийн хамгааллын барилга байгууламжийн шинэчлэлт”-ийн ажилд "Шимт газар” ХХК /улсын бүртгэлийн 9011017083, регистрийн дугаар 5071445/- ийг,
- "Зайсангийн үерийн 6.06 км хамгаалалт”-ын ажилд "Ардааган” ХХК /улсын бүртгэлийн 9011072040, регистрийн дугаар 2871351/- ийг,
- Нарангийн 11км үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажилд "Эс энд Эй трейд” ХХК /улсын бүртгэлийн 9011134073, регистрийн дугаар 262518/- ийг,
- "Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруугийн зам дагуух нийтийн эзэмшлийн орон сууцны барилгуудын фасад, өнгө үзэмж, орчны тохижилтийн ажилд "Жойтройзон” ХХК /улсын бүртгэлийн 9011104115, регистрийн дугаар 5155908/- ийг,
- "Нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засварын ажилд "Сутайод” ХХК /улсын бүртгэлийн 9011083144, регистрийн дугаар 2033704/-ийг шалгаруулсан байна. Дээрх байдал нь гүйцэтгэгч байгууллагыг сонгохдоо ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий, санхүү, техникийн чадавхи болон ажлын туршлагыг бүрэн хянаж үзээгүй, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27, 28 дахь заалтууд, "Барилгын тухай хууль”-ийн 14.113, 16.814, 16.915-д заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зөрчил гарч буй шалтгаан нь үнэлгээний хорооны дарга, гишүүд нь ТБОНӨБАҮХАТХ-ийн 47.3.1-д "худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх” гэж заасан шаардлагыг хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсантай холбоотой гэж холбогдох хяналтыг хийсэн газар үзжээ.
Мөн худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 6.116 заалтыг зөрчсөн байна. Жишээлбэл:
-Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд НЗД-ын 2012 оны А/66 захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2 удаа шалгаруулахад шаардлага хангасан тендер ирээгүй тул шууд гэрээ байгуулах эрхийг захиалагч /НАЗГ/ -д өгсөн байна. НАЗГ-ын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1502 тоотоор "Тотал инж” ХХК, "Макс роуд” ХХК, "Төгс зам” ХХК-дад тус тус хэлэлцээ хийх тухай албан бичиг хүргүүлсэн байна. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай хэлэлцээрийн тэмдэглэлд "… Д.Төрбилэг хэлэхдээ: Шодолт явуулах зарчмыг хэлье. 3-н цагаан цаасны 1 дээр нь тэмдэглэл үйлдээд, нөгөө 2 дээр нь тэмдэглэл үйлдэхгүй цэвэрхэнээр нь тус тусд нь адилхан саванд хийж, уутанд хийгээд оролцогч нараар сугалуулж, савыг зэрэг нээлгэж, тэмдэглэл үйлдсэн цаас хийсэн савыг сугалсан нь сонгогдоно…,Д.Нанзаддорж хэлэхдээ… За шодолтыг шударга нээлттэй явууллаа…, гэсэн байна. Хэлэлцээрт оролцсон компаниудаас "Тотал инж” ХХК-ийг шодож сонгож шийдвэрлэсэн нь худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй байгаа нь тогтоогджээ.
Мөн тендерт оролцогчдын бүртгэлгүй, тендерийн нээлтийн тэмдэглэлд үнэлгээний хорооны гишүүд болон оролцогчдын төлөөлөл байлцсан талаарх мэдээлэлгүй, үнэлгээний дүгнэлт буюу хорооноос гарсан шийдвэрийн талаарх хурлын тэмдэглэл байхгүй нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47.617, 47.718 -д заасан заалтууд, СС-ын 2007 оны 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг зөрчсөн байна. Тухайлбал:
УСУГ-ын цэвэр ус зөөврийн, засвар үйлчилгээний зориулалттай, засвар үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автомашин худалдан авах 2 багц ажилд тендерт оролцогчдын бүртгэл, тендерийн нээлтэд үнэлгээний хорооны гишүүд болон оролцогчдын төлөөлөл байлцсан талаарх бүртгэл байхгүй,
-Гачуурт эх үүсвэрийн 7.2 га газарт хамгаалалтын хашаа барих ажлын тендерийн нээлтэд 5 байгууллага /Ардааган ХХК, ЯВМ ХХК, Бөртэтрейд ХХК, Экструд ХХК, Хос Оксиген ХХК/ оролцсон ч үнэлгээний хорооны гишүүд болон оролцогч байгууллагын төлөөлөл байлцсан бүртгэл байхгүй,
-Баянзүрхийн гүүрний зүүн талд айлуудын араар Туул голын урдуур 1.2 км хашлага,Гацууртад айлуудын зүүн талаар Туул гол хүртэл 1.3 км, Гачууртад могойн дэнжид 2.2 км, минжний хамгаалалтанд 0.8 км 2 багц ажилд тендерт оролцогчдын тендерийг хянан үзсэн үнэлгээ болон үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл байхгүй,
-"38 дугаар бохир усны коллекторын өргөтгөл шинэчлэл, угсралтын ажил”-д сонгон шалгаруулалтыг явуулахдаа хэрэглэсэн хүснэгтийг үнэлгээний хорооны гишүүдээр баталгаажуулаагүй,
-"Ханын материалын бохир усны шугамын өргөтгөл шинэчлэл угсралтын ажил”, "Багануур дүүргийн Цэвэр усны төв шугамын шинэчлэл угсралтын ажил”-ын үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа тендерийг үнэлэх хүснэгтийг хэрэглээгүй байна.
Ер нь бол эдгээр баримт бүхий мэдээллээс харахад Үнэлгээний хороо нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47.2.1-д заасны дагуу "техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, мөн энэ хуулийн 47.2.2-д " тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгөх” гэж заасны дагуу хариуцлага, сахилгатай ажиллах, мөн зарим үнэлгээний хорооны дарга, гишүүдэд ажлын хариуцлага тооцох шаардлагатай байгаа харж болж байна. Мөн тендерийг хянах, үнэлэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой дээрх зөрчлүүдээс харахад зарим үнэлгээний хороо нь тендерийг хэлбэр төдий явуулж, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг орхигдуулж байгааг анхаарах цаг нь болжээ. Хуулиар нэр зааж төлөвлөгдсөн төсөл арга хэмжээнд батлагдсан төсвийг нь ашиглаж чадахгүй байгаа нь төлөвлөлтийн үндэслэл, урьдчилсан бэлтгэлийг хангаагүйтэй холбоотой. Гэвч уг ажлуудын захиалагч, үнэлгээний хорооны дарга, гишүүдийн ажлын хариуцлага, сахилга бат, идэвхи чармайлтаас шалтгаалсан гэж аудитын газар үзсэн байгаа юм. Гэтэл үнэлгээний хорооны гишүүд, захиалагч нар төсвийн хууль зөрчсөн үйлдлээ бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах гээд л ийм байдалд хүрсэн гэж өөрсдийгөө хаацайлан хариуцлагаас мултрах аргаа хайж байгаа үйлдлийг цаашид таслан зогсоох, тэдэнд тооцох хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, хариуцлага тооцох цаг болсон гэдгийг ч холбогдох байгууллагын зүгээс хэлж ярьж ирсэн. Гэсэн ч том мөнгөтэй холбоотой тендерүүдтэй холбоотой хариуцлагагүй үйлдлүүд цаг хугацаанд дарагдан, хэсэг бусгийн эрх ашиг дээгүүрт тавигдан өнөөдрийг хүрч байгаа явдал олон байна.
Шалгалтын явцад дээрх нөхцөл байдал илэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Аудитын Газраас Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан зөвлөмж хүргүүлсэн байдаг. Зөвлөмжид юу өгүүлснийг одоо хүргэе.
- Тендерийн баримт бичгийг зааврын дагуу боловсруулаагүй, тендерийг хянах, үнэлэх үйл ажиллагаанд хууль тогтоомжийн холбогдох зарим заалтыг мөрдөөгүй, тендерийг үр дүнтэй үнэлж чадаагүй Үнэлгээний хорооны дарга, гишүүдэд ажлын хариуцлага тооцох.
- Гэрээг холбогдох хууль, журам, батлагдсан загварын дагуу хийгээгүйгээс гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй, хариуцлагаас зайлсхийх, сөрөг үр дагаврыг бий болгож байгааг таслан зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- 2012 онд багтаан хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан боловч ондоо багтаж хэрэгжээгүй, гэрээг сунгасан төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн баталгаа нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг хянан үзэж ТБОНӨХБАҮХАТХ-ийн 43.3-д нийцүүлэх гэхчлэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн байдаг ч, Э.Бат-Үүл дарга зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлсэн эсэх нь тодорхой бус байдаг гэдгийг хэлье.
Эх сурвалж: Б.Тамир
Шуурхай.мн