|
Видео

Шинэ мэдээ

И.Мөнхжаргал: Өвөрхангайн МАН-ын дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн хуулийг ноцтой зөрчлөө

И.Мөнхжаргал: Өвөрхангайн МАН-ын дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн хуулийг ноцтой зөрчлөө

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн сар шинийн баяраар нутгийнхаа иргэдэд цаг тооны бичиг тараажээ. Төсвийн мөнгөөр хийлгэсэн цаг тооны бичиг дээрээ өөрийнхөө зурагтай мэндчилгээг гаргасан байна. Мөн төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж сумдад урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулж Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа аж. Энэ талаар Өвөрхангай аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Танай аймгийн Засаг дарга цаг тооны бичиг тараасан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн сар шинийн баяраар 2000 шахам цаг тооны бичиг хэвлүүлж, айлуудад тараалаа. Ингэхдээ төсвийн мөнгөнөөс гурван сая 490200 төгрөг гаргуулж Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдэд хэвлүүлсэн. Захиалж хийлгэсэн цаг тооны бичигийн эхний хоёр хуудсан дээр өөрийнхөө зурагтай мэндчилгээг гаргасан. Дараагийн хуудсуудад манай нутгаас төрсөн хутагт, лам нарын зургийг тавьсан байгаа юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.8-ийг зөрчсөн. Хуульд "Аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 70.5.9-д "Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно” гээд тодорхой заачихсан байгаа. Энэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл Засаг дарга Д.Тогтохсүрэн цагаан сараар ийм зүйл тарааж хуулийг ноцтой зөрчлөө.

-Д.Тогтохсүрэнтэй холбогдож асуухад өөрийгөө хууль зөрчөөгүй гэдэг тайлбарыг хийсэн.

-Тэр хүн өөрийнхөө хууль зөрчиж байгааг маш сайн мэдэж байгаа. Цаг тооны бичгийн өөрийнх нь зурагтай мэндчилгээтэй хоёр хуудсыг дөрвөн булангаар нь наачихсан байсан. Хуудсыг эргүүлэхэд наалт нь салчихаж байгаа хэрэг. Тэгэхээр анхнаасаа хууль зөрчиж байгаагаа мэдэж, нуухыг оролдсон байгаа биз.

-Тэр хүн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа. Нэр дэвшихгүй бол хууль зөрчсөн үйлдэл биш биз дээ?

-Намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр сурталчилгаагаа хийгээд эхэлчихсэн. Нэр дэвшихгүй байлаа ч тэр хүн Өвөрхангай аймгийн МАН-ын дарга. Аймагт намаа төлөөлж байгаа. Тэр утгаараа МАН Сонгуулийн тухай хууль зөрчиж байна. Угаасаа Өвөрхангайд МАН-ынхан сонгууль бүрээр хууль зөрчдөг.

-Төсвийн мөнгөөр цаг тооны бичиг хийлгэх эрх Засаг даргад бий юү?

-Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Хууль зөрчиж байгаа Засаг даргадаа хариуцлага тооцооч гэж Ерөнхий сайдад хандахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна Д.Тогтохсүрэн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд халдаж дураараа аашилдаг болсон.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Аймгийн ИТХ-аас 2016 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Гэтэл Засаг дарга Д.Тогтохсүрэн ИТХ-ын шийдвэргүйгээр "Залуусын хөгжил” гэгч аянг гуравдугаар сарын 7-ноос эхлүүлж, сум бүрт урлаг спортын арга хэмжээ зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Үүндээ зориулж "Залуусын элч”, "Хүчирхэг Үндэстэн”, "Хариуцлагатай залуу манлайлал”, "Хас хээ”, "Соёмбот хангай” зэрэг төрийн бус байгууллагуудад мөнгө өгч, түүгээрээ дамжуулж сумдад үдэшлэг, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэмцээн, уралдаанд нь түрүүлсэн баг тус бүрт 80-150 мянган төгрөгийн шагнал олгож байх жишээтэй. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д "Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно” гэж заасан. Дээрх төрийн бус байгууллагуудын тэргүүн нь бүгд МАН-ын гишүүд. Үнэхээр "Залуусын хөгжил” аянг хэрэгжүүлэх гэж байгаа бол ИТХ-ын шийдвэрээр ЗДТГ-ын дэргэдэх залуучуудын байгууллагаар хийлгэх боломж байсан. Гэтэл намынхаа сурталчилгааг хийлгэж, түүнийгээ төрийн бус байгууллагын нэрээр халхавчилж байгаа.

-Сонгуулийн тухай хууль зөрчиж байгааг нь холбогдох байгууллагад мэдэгдэж болохгүй юм уу?

-Бид энэ мэт баримтыг хав дарж байгаад сонгууль эхлэхээр гаргаж болно. Гэхдээ томилсон Засаг дарга чинь хууль зөрчиж байна гэдгийг Засгийн газарт мэдэгдэх ёстой. МАН сонгууль бүрээр хууль зөрчих нь улиг болсон. Энэ муухай аргаа зогсоогооч гэж сануулж байна гэв.

Н.БАЯР /medee.mn/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler