| |
З.Энхболд шинэ кандидатын эрэлд гарчээ
Өчигдрийн
байдлаар Женко Баттулгын оффшор бүсэд хадгалагдаж буй 250 сая ам.доллар
ил болоод байна. Мөн Эрчим хүчний сайд Д.Зоригтын Бермудын арлын оффшор
дансанд буй 30 сая ам доллар илэрлээ. Үүнтэй хамт "Ажнай"-н
Д.Бат-Эрдэнэ ч энэ жагсаалтад орж ирсэн талаар мэдээлэл хөвөрч байна.
Тэд бүгдээрээ АН-ыг 1992-1996 онд төр барьж байх үед өмч хувьчлалын
буянаар хөрөнгөжсөн АН-ын олигархууд юм. Дотооддоо өөрийн гэсэн
бизнестэй, улсад татвараа төлдөг тэдэнд уг нь хөрөнгөө оффшорт нуух
шаардлага байхгүй. Гэвч тэдний ямар нэгэн байдлаар нуухыг хүссэн
хөрөнгүүд ил болсон нь АН-ын нэр дэвшигчид ийн гурвын гурваар цөөрхөд
хүргээд байна. Оффшорт данстай тэднийг нэгэнт сонгогчид хүлээж авахгүй
тул АН-ын дарга З.Энхболд тэдний нэрийг татах нь тодорхой болоод байна.
Одоо эдгээр гишүүдийн араас Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Лу.Болд, С.Эрдэнэ, Фортуна Батбаяр зэрэг гишүүдийг тойрсон оффшор дансны дуулиан дэгдэж магадгүй болоод байна. Нэг жилийн өмнө Д.Дорлигжавын Шейцарт сурдаг 22 охин Туркт харамсалтайгаар нас барахад түүний хөрөнгүүд ил болж байсан юм. Хууль зүйн сайдын охины нэр дээр дээр "Nova Mongolia Corp” хэмээх компани байдаг ба тэр үүний 30 хувийг эзэмшиж байгаад зарсан. Сингапурт бүртгэлтэй "Nova Mongolia Corp” компани нь дотроо олон охин компанитай ба тус компанийн "Salins Limited” компанийг Д.Дорлигжавын охин 100 хувь эзэмшдэг талаар мэдээллэгдэж байсан. Тэгвэл Хууль зүйн сайдын оффшор дансны эрэл эндээс үүдэлтэйгээр хийгдэж байгаа мэдээлэл байна. Мөн Нийгмийн даатгалын салбарыг өөрийн вант улс мэт эрхшээлдээ оруулсан С.Эрдэнэ, бондын мөнгөнөөс ахиухан "нөөцөлсөн” Фортуна, банкны хөрөнгөөр хөлжсөн Лу.Болд нарын оффшор данс ч илрэхэд ойрхон байгаа сурагтай. Ам алдвал барьж болдоггүй гэж үг бий. АН-ын улстөрчдийн нууц данснууд илрээд эхэлбэл З.Энхболдод УИХ-ын сонгуульд сойх цоо шинэ кандидатуудын эрэлд мордох хэрэг гарах нь ээ.
Д.БАЗАР