|
Видео

Шинэ мэдээ

"Хар халзан хурга" ч орж ирж болзошгүй жагсаалтыг "мөрөөдөгчид" сонгуулийг хойшлуулж Үндсэн хууль зөрчих үү

"Хар халзан хурга" ч орж ирж болзошгүй жагсаалтыг "мөрөөдөгчид" сонгуулийг хойшлуулж Үндсэн хууль зөрчих үү

 

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хүлээлт үүсгээд буй ҮЦХ-ээс /Үндсэн Хуулийн Цэц/  гаргасан намын жагсаалтыг сонгуулийн тухай хуулиас хасах эсэх шийдвэрийг хэлэлцэх байлаа. Гэвч хуралдаан эхлээд удаагүй байхад "Шударга ёс" эвлийн бүлэг завсарлага авснаар асуудал хойшилсон юм.

 

Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ дунд суудлаараа хуралдаж намын жагсаалт буюу листээр УИХ-ын гишүүн болох асуудлыг хууль зөрчсөн гэж үзсэн. Нэлээдгүй маргаан үүсгэсэн дээрх гомдлыг Цэцэд Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

 

Харин ойрын өдрүүдэд Цэцийн дээрх шийдвэртэй холбоотой иргэдийг төөрөгдүүлэх гэсэн янз бүрийн мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, "Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа" мөн уг шийдвэртэй холбоотойгоор "УИХ-ын ээлжит сонгууль хойшилж магадгүй" гэх зэрэг мэдээллүүд юм.  Тэгвэл өнөөдөр ҮХЦ-ийг төлөөлж чуулганы хуралдаанд оролцсон төлөөлөгч сонгуулийн хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй ямар боломжгүй гэдгийг сануулсан юм. Учир нь Үндсэн хуулиндаа сонгуулийн хугацааг нэг цаг, минутаар ч хойшлуулахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс  сонгуулийн хуулийн дээрх өөрчлөлтөөс шалтгаалж УИХ-ын ээлжит сонгууль хойшлоно гэх ямар ч ойлголт байхгүй гэдгийг товч бөгөөд тодорхой болголоо.

 

Мөн Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс хойш "Цэц дөрвөн жилийн хугацаанд нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргалаа" гэдэг яриаг олон нийтийн цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслүүдээр нэлээдгүй тархаж байна. Бараг л дөрвөн жилийн өмнө ҮХЦ "унтаж" байгаад сая "сэрлээ" гэх ухааны юмыг нэр бүхий гишүүд болон намын дарга нар ярьж явна. Гэтэл асуудал шал өөр. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө Цэц тойрогт ялагдаад уначихсан нөхөр жагсаалт руу автоматаар гулсаж орохыг л хориглосон шийдвэр гаргасан. Түүнээс биш пропорциональ системтэй холбоотой ямар ч асуудлуудыг хэлэлцээгүй. Харин энэ удаа иргэний гомдлын дагуу намын жагсаалтаар сонгогдох нь хууль зөрчсөн эсэхийг л хэлэлцэж, шийдвэрлэсэн.

 

ҮХЦ нь зөвхөн маргаан үүсгэсэн нөхцөлд л тухайн асуудлыг авч хэлэлцдэг байгуулдаг болохоос Цэц өөрөө маргаан санаачилж хэлэлцэж шийдвэрлэх эрх байхгүй. Тиймээс ҮХЦ ямар нэгэн байдлаар нэг асуудал дээр дөрвөн жилийн хугацаанд хоёр шийд гаргаагүй юм.

 

Ер нь намын жагсаалт буюу листийг байхгүй болгох саналыг Цэц хэлэлцэж шийдвэрлэсэнд баяр хүргэх хэрэгтэй. Үргэлж л "улс төрөөс хамааралтай болсон" гэж хардуулах болсон ҮХЦ-ийн хувьд дээрх асуудлаар хараат бус бие даасан хэвээр гэдгээ нотлон харуулсан гэхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлж, уг шийдвэрийг эсэргүүцэж буй нөхдүүдэд л асуудал нь байгаа юм. Учир нь өнгөрсөн сонгуулиар намын жагсаалт гэх "далдын хар" малгайг ашиглаад УИХ-д азаар ороод ирсэн хүмүүс л ийнхүү үхэн хатан эсэргүүцэж яваа. Тэднийг оройлон тэргүүлж яваа нөхдүүд бол Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан болон жижиг намууд. Н.Энхбаярын "далбаан дор" намирч УИХ-д орж ирсэн тэд пропорциниаль системийг үгүй болгочихвол дахин УИХ-д сонгогдоно гэдэг зүүд нь зэрэглээ хэвээр үлдэх аюултай. Тиймээс л ийнхүү "сонгууль хойшилно, Цэц нэг  асуудлаар хоёр шийдвэр гаргалаа" гэх мэтээр янз бүрийн арга саам хайж  яваа юм.

 

"Ядрахад ярь" гэгчээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зэрэг эрхмүүд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор сонгууль болох хугацааг хойшлуулах санал гаргаж яваа нь амиа "хоохойлж" байгаагийн шинж. Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь Үндсэн Хууль зөрчихийг уриалж байгаатай агаар нэгэн буй за. Хэрэв пропорциональ системийг "халчихвал" хамгийн түрүүнд Р.Гончигдорж тэргүүтэй хууччууд болон О.Баасанхүү, Баянсэлэнгэ тэргүүтэй "оймс"-ныхонд хүндээр тусна шүү дээ. Ер нь намын жагсаалт гэгчээр "хар халзан хурга" ч орж ирж магадгүй гэдгийг монголчууд бүгд ясандаа тултал ойлгочихоод байна.

 

 

 Ч.Ган

ZALUU.COM


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler