| |
Хөшөөнд мөнхөрсөн эр эмийн ёс
Гэлээ ч хүний ёс, хамгийн эрхэм нандин харилцааны асуудал болохоор харин ч хүмүүс маш хүндэтгэлтэй ханддаг тухай хэвлэлд бичжээ.
Cheju Loveland Park - South Korea
10 гаруй жилийн өмнө Өмнөд Солонгосын Чэжү арлын амралт зугаалгын төвд өвөрмөц бөгөөд тухайн үедээ маш их маргаан шүүмжлэлийн бай болсон, одоо ч очсон үзсэн хүмүүс ам дамжин ярьсаар байдаг нэгэн парк үүд хаалгаа нээсэн нь Дурлалын Парк буюу Jeju Loveland. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн бүх зүйл хайр дурлалын сэдэвтэй бөгөөд дурлал болоод эр эмийн харилцааны нарийн ширийнийг харуулсан 140 гаруй хөшөө дурсгалаас бүрддэг. Эдгээр хөшөө дурсгалууд байгалийн үзэсгэлэнтэй хослон өвөрмөц нэгэн нууцлаг орчныг бүрдүүлдэг бөгөөд хөшөөг үзсэн хүн эгээтэй л гайхамшигтай сайхан орчинд халуун хайрандаа мансууран дурлалдаа умбаж буй хосууд дээр гэнэтхэн яваад орчихсон мэт сандарч тэвддэг гэнэ.
Cheju Loveland Park-ийн бас нэгэн уран бүтээл
Jeju Loveland нь Өмнөд Солонгосын Чежү-до аралд байдаг
"Хайрлан дурлалцахад хил хязгаар гэж үгүй" хэмээн хүрээлэнгийн ханан дээр бичсэн байдаг
Энэ хүрээлэнг судлаачид "хайр дурлалд чиглэсэн урлаг болон эротик сэтгэлгээний огтолцол" хэмээн нэрлэдэг. Зарим нэг гаж дүрслэл бүхий бүтээлүүд нь хайр дурлалтай холбоход хэцүү ч гэлээ ямар нэгэн байдлаар хүнийг эргэцүүлэн бодоход хүргэдэг. Энэ хүрээлэнгийн үүссэн түүх сонин. Jeju Loveland Park оршдог Чэжү арал нь Солонгосын дайны дараа залуу хосуудын хурим хийх, бал сараа өнгөрүүлэх дуртай газрын нэг болжээ. Хаашаа л харна цэцэг барьсан цагаахан өмсгөл бүхий залуухан бүсгүй, эсвэл тэврэлдсэн хосуудаар энэ арал дүүрдэг байж. Зөөлөн дулаан цаг агаар, гайхамшигтай сайхан байгаль, далай гээд залуу хосуудын хайр сэтгэлд яг таарах бүх нөхцөл бүрдсэн гайхамшигт энэ арал руу залуучууд эгээ л баланд дурласан зөгий мэт шавцгааж байж.
Солонгосчуудын уламжлалт зан заншлаар бол эхнэр нөхөр хоёр хайр дурлалаар бие биенээ олдоггүй, харин хүү, охиндоо таарах эхнэр, нөхрийг эцэг эхүүд нь ярилцаж тохиролцсоноор "тааруулан" суулгадаг. Ийм учир эхнэр нөхөр хоёр хуримынхаа ёслол дээр анх удаа бие биенээ харах нь элбэг. Эр эмийн харилцааны ёс, нандин урлагийн тухай залуу хос мэдээлэл муутай, ичимхий бүрэг байдгаас анх энэ арал дээр тэдэнд зориулж анхны шөнөө хэрхэн өнгөрөөх, эхнэр нөхрөө хэрхэн өдөөх, хайрлах талаар сургалт явуулдаг "секс боловсролын төв" хүртэл нээгдэж байж. Энэ боловсролдоо зочид буудал, дэн буудлуудыг хүртэл татан оролцуулснаар эхнэр нөхөр хоёр эхний шөнөө тааламжтай өнгөрүүлэх, бүрэг ичимхий занг нь "сулруулах" гэж мэргэжилтэн зөвлөх хүртэл ажиллаж байжээ. Солонгосчуудын энэхүү зан заншилд одоо ч том өөрчлөлт гараагүй тул энэ төрлийн үйлчилгээ улам боловсронгуй болсон аж.
Сексийн анхны боловсрол олгох, залуу хос ичимхий бүрэг байдлаа даван, гэр бүл оршин тогтнохын нэг үндэс болдог бэлгийн харилцаагаа зөв эхлүүлэхэд энэхүү паркийн зорилго оршино
Гэсэн ч энэ хөшөө намайг будилуулж орхилоо...
Чэжү арлыг "дурлалын арал" гэж нэрлэх нь бий
2002 онд Сөүлийн нэгэн алдартай их сургуулийн санаачлагаар 20 уран барималч эхний эротик хөшөөнүүдийг туурвин босгосноор энэхүү паркийн эх суурь тавигдсан бөгөөд үүнээс 2 жилийн дараа бүрэн болсноор нээлтээ хийсэн юм. Энэ хүрээлэнгийн нийт талбай ердөө 2 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй тул энэ бүгдийг тайван үзэж харахад ердөө л нэг цаг хангалттай. Байнгын хөшөө, үзмэрүүд, үйлчилгээ, кинотеатраас гадна залуу уран бүтээлчид болон эротик чиглэлээр бүтээлээ туурвидаг нэр алдартай уран бүтээлчдийн үзэсгэлэн сар бүр зохиогддог байна.
Энэхүү паркаар үйлчлүүлэгсэд 18 нас хүрсэн байх ёстой
Хөшөөнд мөнхөрсөн сексийн сэтгэмж
Ямар ч насны хүн цагийг зугаатай өнгөрөөх газар
Хүүхдийн хүмүүжил, ёс зүйн талаар санаа зовогсдод зориулж хүрээлэнгийн удирдлага тусгай үйлчилгээ гаргажээ. Энэ нь: 1.Хүрээлэнд 18 наснаас дээш насныхан үйлчлүүлэх эрхтэй, 2. Хүүхдүүдэд зориулсан харах үйлчилгээ, тоглоомын талбай ажиллуулдаг аж. Таныг паркийг үзэж, эр эмийн ёсны нарийн ширийнийг гантиг чулуугаар урласан бүтээлүүдийг гайхан биширч бахдан үзээд, зугаацаад гарч ирэх хүртэл хүүхдүүдийг тань найдвартай мэргэжлийн асрагчид харж байна.
Jeju Loveland Park бэлгийн харилцааны урлагийг мэдрүүлнэ
Зүгээр л чөлөөтэй, айн. Тохиолддог л юм...
Jeju Loveland хүрээлэнгийн ихэнх баримлууд сексийн "өдөөн хатгалга" мэт
Үзүүштэй л юм. Өөр юу гэхэв...
Цэцэрлэгт хүрээлэнгийн иймэрхүү "өдөөн хатгасан" гэмээр сэдэвтэйгээ зөрчилдсөн үзмэрүүдийг нь порнографийн төрөлд хараахан оруулж болохгүй мэт. Харин бэлгийн харилцааны тэр болгон ил гаргадаггүй нарийн ширийн "урлаг"-ийг ил, бодитой мэт харуулсан нь маш зоригтой шийдэл болсон төдийгүй үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах гол зүйл болжээ.
Чежү арлыг зорих гадаад дотоодын жуулчдын хөтөлбөрт хүртэл заавал очиж үзэх өвөрмөц газраар орсон байдаг гэнэ. Энэ нь албадан байдлаар биш, жуулчдын үзэхийг хүссэн жагсаалтыг харгалзан хөтөлбөрт оруулдаг гэж онцгойлон тайлбарлажээ.
Эротик сэдвийг хөндсөн уран бүтээлүүдийн анхдагч нь энэ хүрээлэн биш ээ, бүр Викторийн үед одоо ч ганцаараа уншсан "нүүр улайж, зүрх дэлсмээр" олон санаанд багтамгүй дүрслэл бүхий эротик сэдэвтэй ном товхимол гаргаж байсан байдаг. Тэгэхээр иймэрхүү "зөрчил" бүхий эротик сэдэв өнөөгийн уран бүтээлд түгээмэл, нийтлэг сэдэв биш ч яах аргагүй мөнхийн сэдэв байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Эх сурвалж: http://www.kulturologia.ru/