| |
Тайландын ард түмэн Сонгкран наадмаа тэмдэглэж байна
Өнөөдөр уншигч та бүхэнд Тайландын уламжлалт шинэ жилийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлдлээ. Тус улсын ард иргэд энэ 7 хоногт билгийн тооллын шинэ оноо угтан авч байна. Сонгкран, заримдаа усны наадам ч гэгддэг энэ баяраар Тайландад дэлхийн хамгийн том олон хүн нэг дор усаар байлддаг юм. Энэ онд "Усны наадам”-аа тэмдэглэхдээ Тайландын иргэд өмнөх жилүүдийнхээс бага ус хэрэглэж, цэвэр усны нөөцөө арвилан гамнахаар хичээж байна. Учир нь улсад хэт халалтаас үүдэлтэйгээр сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй хүнд ган гачиг нүүрлээд байгаа юм.
Уламжлалын дагуу Сонгран наадмыг тэмдэглэгчид шинэ ондоо аз жаргалтай, цог хийморьтой байхыг ерөөн залбирч, Буддын шашны хөшөө, бурхны баримлууд болон сүм хийдүүдийг усаар угаадаг. Үүнээс гадна тус улсын ард иргэд гудамж талбайд гарч, өөр хоорондоо усаар байлддаг нь жуулчдын дунд Сонгкран наадам алдарших гол шалтгаан болсон юм. Гэвч энэ онд Тайландын олон бүс нутагт ган гачиг болж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газар усанд ариг гамтай хандахыг иргэддээ уриалжээ.
Номхон далайн Эль Нино дулаан урсгалын нөлөөллөөс үүдэн Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азийн олон бүс нутагт цаг агаар хэт халж байна. Үүнтэй холбоотойгоор Тайландын зарим хэсэгт будаа тариалалт зогссон гэх мэдээ ч ирж байгаа юм. Иймээс энэ онд Сонгкран усны наадмын хөтөлбөрийг өмнөх жилүүдийнхээс 1 хоногоор цөөрүүлж, 3 хоногт багтаан зохион байгуулахаар болсон байна.
Мөн Тайландын нийслэл Бангкок хотод 21 цагаас хойш усаар байлдахыг хориглосон. Ингэснээр нийтдээ 5 сая литр ус хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хэдийгээр ган гачигтай холбоотойгоор наадмын хөтөлбөрт энэ мэт өөрчлөлт орсон ч, орон нутгийн иргэд өмнөх жилүүдээс дутахгүй хэмжээнд баяр наадмаа хөл хөгжөөнтэй тэмдэглэж байгаа юм.