| |
Улсынхаа "өр"-өөр наадаж байна
Сонгууль болох гээд хэдэн улс төрчид амандаа орж, нүдэндээ харагдсан бүхнээр шоу хийх боллоо. Дээшээ гарах суудлын төлөөх өрсөлдөөндөө "эдийн засгаараа наадах" бололтой.
Өмнөх Засгийн үед төчнөөн өртэй болж, одоо бид тэрхүү өрөө нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй гээд л хэн дуртай нь хэвлэлийн хурал хийх үеэрээ амаа уралдуулан зарлах юм. Нөгөө хэсэг нь Улсын өрийг хувийн өртэй битгий хутгаж ойлго гэх. Юу ч гэж байгаа хэвийн хэвшлийнхэний өр, улсын өр гэж тусдаа байгаа ч гэлээ энэ чинь Монголчууд л авсан өр байлтай. Монголчууд гэхээр ард түмэн л лав өр тавиагүй гээд маргаж эхлэх нь тодорхой. Улсыг удирдаж иргэдийг төлөөлөн сонгогдсон хүмүүсийн хийсэн зүйлийг л яриад байна.
Өрийн тоогоор цаадуул чинь шоу хийж байна. Тиймээс улсынхаа өрийн талаар судлав. Одоогийн байдлаар Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг нь ДНБ-нд хуваах юм бол 31 орчим хувьтай тэнцэж байна.
Нийт 21 тэрбум ам.доллар өр байгаагийн гадаад өрийн тал нь болох 10.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэгээ гэнэ. Арилжааны банкуудын гадаад өглөг нийлээд хоёр тэрбум ам.доллар. Олон улсын аргачлалын дагуу Бусад сектор гэсэн ангилалдаг аж. Үүнд иргэн, аж ахуйн нэгж, хувийн сектор, мөн Хөгжлийн банкийг оруулдаг. Энэ нь нийлээд 3.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байдгийг нэхэн сануулья. Ийн сануулахын учир нь Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа "Бид нар Чингис бондтой тэнцүү хэмжээний юмыг бүтээн байгуулалт руу хийсэн. Тэгээд яах вэ, бидний үр хүүхэд тэр мөнгийг төлчих байх” гэсэн удаатай. Тиймээс улсын өрийг хүүхдүүддээ өвлүүлж, төлүүлэхгүй. Тиймээс л дээрх хуулийг сануулав.
Улсынхаа өрөөрөө наадаж байхаар төрд суудал горилогчид минь эдийн засгаа сэхээж, өр тавихгүйгээр хямралаас гарч ард түмнээ сэтгэл тэнүүн алхуулах аргаараа, ухаанаар уралд. Өнөө цагт ч муу аргаар өөрсдөө мөнгө идэхээ л бодно уу гэхээс улсынхаа төлөө, өөрийг нь сонгосон иргэдийн төлөө зүтгэх улс төрч алга даа.