![]() |
Тэнгэрийн найман шарга зүүдэнд ирж янцгаав
Тэнгэрийн найман шарга зүүдэнд ирж янцгаав
Тэнхээт эцгийн минь бараа хүлгийн дундаас торойв
Тэгээд тэр найман шарга газар булгартал цамнав
Тэрхэн зуур эцгийн бараа гал цохих хэт шиг ганцхан харагдаад унтрав
Жаргалын найман шарга сэтгэлийн чандад зүүд сэрээж янцгаав
Жавхаа төгс эцэг минь зүүдэнд дунд минь торойв
Жалгын буурал довыг булга таттал цамнаад
Жаргалын найман шарга ганцхан үнэнийг хэлэв
Эгэлийн эгэл эцгийгээ би зүүдлээд сэрлээ
Эргэх орчлонд эр нь мөхсөндөө гэж бодлоо
Эр ганц хүүгээ үнэрлэнэ дээ гэж бодоод
Эрхэм хүлгийн бараа хүслийг нь тээж үүрсэв үү
Буруудсан ч зөвдсөн ч миний төлөө
Буянаа барж чадах бурхан эцгийгээ саналаа
Буурал буурал уулсын дунд
Будан сөхөөд алсын бараа ширтэн
Гаанс нэрээд л ганцаар суугаа
Аль хөтлөөр даваж ирэхийг минь ажиггүй мэдээд хүлээж л суугаа
Агсам зантай хүлгээ сойлго уяа тааруулаад
Аав нь хүүдээ эмээл бэлдээд
Аархаж хөөрөөд санаж л суугаа гэж
Амгайн чимээтэй азарган найман үрээ үүрсэв
Аавын хүлгийн магнай найман шарга янцгаав
Ганц хүүгийнхээ төлөө газрын холоос найман шаргаа холбоод
Гантай мөнгөн хэтний гал асах шиг туурайнд нь цас бутаргаад
Ганган найман шаргаар зүүдэн дунд минь хатираад
Ганцхан харж инээчихээд зүүд хулжаагаад давхиад одов миний аав
Санахын хүлээтэй байгаа ч саналаа гэж хэлдэггүй хат суусан эр хүн миний аав
Сайхан хүлгээр гангарч салхи татуулан давхих нь сайхан залуу миний аав
Сар нарны хооронд санаад хүлээж л суугаа миний аав
Сайн яваад ирэв үү гэж үнсэнэ дээ гэж зүүдэлж л унтаа миний аав
Зүүд зүүдээ дуудав зүрхэн шивнээ зүсэрч шаагив
Зүс ижил эцэг үр зүүдэн дундаа уулзав уу
Мөнх Эрдэнэ Эба
