|
Видео

Шинэ мэдээ

Тоглоом


Намрын сүүл сарын бүүдгэр өдрүүдийн нэгэнд Чөдөр гэх туранхай бор залуу шагайндаа хүрсэн урт хүрэн пальтогоо нөмрөөд найзындаа зочлохоор зуун зууны туршид хүний хөлөөр алгуурхан идэгдэж хонхойсон эль хульхан гудамжаар гэлдэрч явлаа. Бага насных нь гутамшигт өдрүүдийн аль ч цагтзосон улаан хашаанаас өөр гэрэлтэх зүйлгүй өргөн гудамжаар найзындаа зочлох бүрийд зэгэл саарал манан сууринг хучдаг байсан нь одоо ч хэвээрээ. Бусад өдрийн адил ажлаа тарчихаад ёслолын ганган хувцсаа өмсөн инээмсэглэж яваа хэдий ч дотор нь үл мэдэгдэм айдас хурган байв. Яг л хаврын ногоо шиг, нэг мэдэхэд айдас асар том хархны биеэр дүрсжин, "час час” хийх дуу оюун ухааныг нь түгшээж, цээжийг нь хорстол мэрэх аж. Уг нь тэр адал явдалд шунан дурлагч хэдий ч дотроос нь гарч буй хархны "час час” хийх дуунаас цочихгүй байж түвдсэнгүй.

Энэ байдлаас салахыг туйлын ихээр хүсч хурдлан алхсаар Сүмбэрийн хаалганд тулж зогсоод духныхаа хөлсийг шудрав. Хамаг бие нь нойтон оргиж, хувцас биед нь наалдахад олон харх биеэр нь нэгэн зэрэг гүйлдэх шиг санагдана. Хамрынх нь хөлс өдөр орсон борооны усанд унаж под, под хийх чимээ гарахыг тодхон сонсдоно. Самуурсан ой ухаанаар тогтоол руу харахад амаа ангайсан том улаан харх шудээ ярзайлган яс шиг цагаан нүдээр ховсдох мэт ширтэж үзэгдэх бөгөөд өчүүхэн ч цэггүй цав цагаан нүдэт хархыг үзээд Чөдөр сандарсандаа эгээ л тогтоол руу уначихсангүй.

Андынхаа сэтгэлийг гонсойлшхгүйн тулд нэлээд тайвширч, пиджакныхаа энгэрээс шаргал суцалтай цагаан өнгийн алчуур гаргаж хөлсөө арчин, нуруугаа цэхлээд хаалгыг нь зоригтойгоор татан дотогш орлоо.

Гэрийн бүхий л эд зүйлс чамин тансаг айлуудын тавилга, гэрлийн бүрхүүлээс ч хэтийдсэн гоёмсог аж. Сүмбэр хөгжилтэй инээмсэглэл нүүрэндээ тодруулан хүрч ирээд гар барилгүйгээр шуудхан тэвэрч авав. Тэд хорин жилийн дараа л ийн уулзалдаж байгаа хэрэг.

-Чи манай захирал шиг л ихэмсэг харагдаж байна гэж хэлэхдээ Сүмбэрийн нүд ер бусын аймшигтаар гялалзаж байлаа. Төдөлгүй нэлээд удаан бөгшүүлгэн ханиалгаснаа:

-Магадгүй чи бид хоёрын хамгийн сүүлчийн, энэ уулзалтын талаар ойр догны болон ажлын газрынхан хожим дурсан ярьцгаах биз. Гэхдээ би энэ зүйлийг ганц л хүнд мэдэгдэхийг хүсч байна. Тэр хүн бол чи. Чамайг энд ирсэнд би туйлын их баяртай байна.

Чөдөр түүний юу яриад байгааг огтхон ч ойлгосонгүй. Гагцхүү гэрг тоглож буй жаалхүүгээс өөр хэн ч байсангүй. Гэтэл хүүгийн гарт том улаан харх атгаастай байлаа. Өнөөх харх мөн л шүдээ ярзайлган инээж, цав цагаан нүдээр ширтэхэд Чөдөр өөрийн эрхгүй дуу алдчихав. Яг үүнтэй зэрэгцээд Сүмбэр ч чангаар хараал урсган хүүгийнхээ зүг сандран гүйж очоод гарт нь буй хархьгг шүүрэн авч буржгар хүрэн үстэй жаалхүүгийн булцгар хацрыг алгадаж орхиход өнөөх амьтны "час час” хийх дуу гарах шиг боллоо. Сүмбэр найзынхаа айсан царайг хараад тайвуухан инээмсэглэж, дахин ханиалгаснаа:

-Айх хэрэггүй дээ. Энэ бол амьгүй зүйл. Дотор нь олон арван араа, эргэдэг төмөр суурилуулчихсан байгаа. Сүүлнийх нь завсраас унжиж буй энэ улаан утсыг тагахад ам нь ангайдаг юм. Хар л даа! Амьд хархны арьсаар үсийг нь хийсэн юм шүү дээ. Одоо болтол гялталзсан сортой хэвээр байгаа биз дээ гэж хэлж дуусав уу үгүй юу Чөдөр ууж байсан цайгаа ширээний бүтээлэг рүү тургиж орхив. Хахаж цацсан найзынх нь нүдэн дээгүүр тунгалаг ус гүйлгэнэж, хөлстэй холилдон хацар дээгүүр нь урсаж байв.

Сүмбэр чанга дуугаар хөхөрснөө нээрэн чамайг хархнаас айдаг гэдгийг марчихсан байна шүү дээ хэмээгээд өнөөх тоглоомыг зурагтны хажууд аваачиж тавиад, хүүхэдцээ гар хүрж болохгүйг хэдэнтээ сануулаад ширээнд тухлав. Чөдөр нүүрээ арчин өмнөх цайгаа авч хэд балгаснаа

-Энэ зэвүүн амьтныг харахаар л тамд байгаа юм шиг санагдах юм гэв. Сүмбэр урьдын адил хөхөрснөө

-Миний хувьд там гэдэг зүйл байхгүй. Гэхдээ болох авч намайг амьд байгаа хугацаанд там гэдэг зүйл үгүй гэв.

Хэдэн минутын турш тэд бага насны хөгжөөнтэй дурсамжууд, ирээдүйд хийх гэж буй ажлын төлөвлөгөө, Сүмбэрийн эхнэр хүүхдүүдийн тухай яринаас өөр онцгой зүйл товчхон уулзалтандаа дурьдсангүй. Найз нь нэг л хачин байдалтай байгааг, ямар нэг онцгой зүйл сэдээд буйг Чөдөр гадарласан хэдий ч ам нээж зүрхэлсэнгүй. Бушуухан л гэртээ очихыг хүсэж байгаа. Хажууд суугаа эрхмийн хэлж буй үгсийн алиныг нь ч оюун сэрэхүйдээ тусган авч чадахгүй байгаагаа тэр мэдэрч байв. Хэдэн хормын дараа Сүмбэр найзыгаа гаргаж өгөхдөө

-Магадгүй чи бид хоёрын хамгийн сүүлчийн, энэ уулзалтын талаар ойр дотны болон ажлын газрынхан хожим дурсан ярьцгаах биз гэх үгсийг дахин давтан өгүүллээ.

Маргааш нь л тэр Сүмбэрийн үхлийн тухай сонсов. Том өрөөнийхөө буйдан дээр суугаад хамгийн дуртай киногоо үзэн, өчигдөрхөн өөрт нь хундагалаж асан улаан дарснаас ууж суугаад л амьсгал хураажээ. Гэвч яг үнэнийг хэдэхэд алагдсан нь тодорхой байв. Түүнийг хэн нэгэн ар талаас нь буудаж орхисон байлаа. Бууны сум буйданг нэвтлэн зүрхэнд нь тусчээ. Хөлийнх нь хуруунд улаан утас уяатай байх бөгөөд шинжлэн харвал хойд талын хананд тулаад тасарсан байв. Хананд гурван модон тавиурыг хадаасаар бэхэлжээ. Доод талын тавиур дээр буй амьд хархны арьсаар хийсэн өнөөх тоглоомыг үзээд Чөдөр байшингаас түргэлэн гарлаа.

Эхнэр хүүхэд нь гэртээ эзгүй үеэр энэ хэрэг гарсныг цагдаа нар түүнд мэдэгдэв. Аллага болох нь тодорхой боловч хэрэгтний ул мөр, ямар нэгэн хэргийн сэжүүр, холбоотой эд мөрийн баримт байшингийн өнцөг булан бүрийг нэгжээд ч цагдаа нар олж чадсангүй. Хашаан дотроос эхнэр, хоёр хүүхэд, Чөдөр гэх дөрвөн хүний л гутлын мөрийг олжээ. Гэвч тэдний хэн нь ч энэ аллагад буруугүй, цагдаа нар хэрэгт сэжигтнээр татаагүй учир Чөдөр найзынхаа эхнэр, хүүхдийг гэрт нь хүргэж ирлээ.

Зочны өрөөнд орж ирэнгүүтээ Чөдөр хамгийн түрүүнд тавиур дээр байгаа тоглоомон хархыг олж харав. Аллага болохын өмнөх өдөр тогтоол уснаас өөрийг нь ширтэж байсан хархтай зүйрлэшгүй адилхан аж. Чөдөрийн аманд нь цус амтагдаж, хамаг биеэр нь цэв хүйтэн агаар гүйж, хэсэгхэн зуур зүрх нь зогсчих шиг болжээ. Тэрээр гарахаар яаравчлав. Энэ үед тавиур доороос хархыг ширтэж зогссон жаалхүү сүүлнээс нь унжих улаан утсыг татаж орхилоо. Байшингийн хана, туургыг доргитол буун дуу тас няс хийж Чөдөр үхэдхийн унав. Эмэгтэйн орилох, хүүхдийн чарлах дуун үхэгсдийн байшинг нөмрөн авахад тоглоомон харх л ганцаархнаа шүдээ ярзайлган инээмсэглэж байв.

"Сэр-Од”-ын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Алтанхуяг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler