![]() |
"ХАТАНБААТАР" кинонд "тоглосон" минь
Тэр
жил манай аймагт Хатанбаатар киноны зураг авалт болсон юм. Энд тэнд
олон зураг авалт болж аймгаараа том багагүй хөл хөдөлгөөнд орж билээ.
Магсаржаваар удирдуулсан монгол цэргүүд Ховд аймаг дахь манжийн амбаны
үүр уурхай Сангийн хэрэмийг эзлэн аваад Хатанбаатар цолоор шагнуулж
байгаа хэсэгт ард олны дунд зураг авалтанд орох завшаан манай байрны
хүүхдүүдэд олдлоо. Зуны амралт эхэлчихсэн хийх юмаа олж ядаж байсан
бидэн бөөн баяр чавхдаад очилгүй яахав. Хүүхэд бүрт цэнхэр даалимбан өмд
цамц тарааж өгөөд уранхай ноорхой болгоод үсээ хусуулаад хоер хоногийн
дараа зураг авалтанд бэлэн ир гэв. Ганц чадах юм чинь тэр болохоор нөгөө
хувцасаа дор нь янзлаад яваад очино биз дээ. Зураг авалт ч эхэллээ.
Аав ээж ах эгч нар гээд бүгд л таньдаг хүмүүс янз бүрийн хувцас
хэрэглэл өмсөж зүүгээд буу шийдэм агсчихсан чухам л цаг хугацааг
буцаачихавуу гэлтэй сүрдмээр ч юм шиг...
Бид хэд зурганд бүтнээрээ
орчих санаатай хамгийн урд талын эгнээнд суугаа өөр байрны хэдэн
хүүхдийг хөөж босгоод байраа эзэлцгээлээ. Цагаан хоолой барьсан хүний
командаар "Каааадр" гэнгүүт бүгд гараа урдаа өргөж хурайлах естой. Тэр
хүний чанга дуутай, ууртай ч гэж аймаар. Их багагүй бүгд айж байгаа ч
гэж жигтэйхэн. Болсонгүй дахья, Каааадрррр гэсээр бараг өдөржингөө юм
болж байж зураг авалт дууслаа.
Ингээд кинонд тоглочихсон лут амьтад
хоног тоолон хүлээсний эцэст хэдэн сарын дараа нөгөө кино чинь аймгийн
театрт гарч эхэллээ шүү.
Бид бүгд хар хурдаараа очилгүй яахав. Яг нөгөө хурайлдаг хэсгийг амьсгаа даран хүлээлээ. За ирлээ дээ...
Гэтэл хурайлж байгаа олны дунд бид хэдийн толгойны орой дөнгөж
цухуйгаад жирэлзээд өнгөрсөн. Харин бидэнд хөөгдөөд хойгуур зогсож
байсан нөгөө хэдэн хүүхдүүд бүтнээрээ малийтлаа зогсож байдаг байгаа.
Энэ зураган дээр миний ээж зогсож байгаа. Яг наахна дор нь бид хэд сууж байсан юм л даа уг нь.
Миний дух тэр байна, чинийх тэр гэсхийгээд бидний "бүтээсэн" дүр дуусаваа хөөрхий...
Үгүй яахав хааяа Монгол Киноны алтан фондод миний духны зураг байгаа шүү гэж бодохоор өөрийн эрхгүй омогшдог л юм.
Тоглосон нь үнэн л юм чинь...
Т.Сүхбаатар
